Дархан-Уул аймаг, Орхон аймгийг нүүрсээр хангадаг “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж жижиглэн буюу айл өрхүүдэд худалдаалах нүүрсний үнээ 40 орчим хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Тус шийдвэрийг ес дүгээр сарын 24-ний өдрөөс мөрдөж байна.
Тодруулбал, урьд нь нэг тонн нүүрсийг 88000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол “Шарын гол” ХК-ийн уурхайн аман дээрээс иргэд нэг тонн нүүрсийг НӨАТ-гүйгээр 49500 төгрөгөөр, НӨАТ-тайгаар 54500 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Сумдын дулааны станцууд долоо хоног бүрийн нэг, хоёр дахь өдрүүдэд “Шарын гол” ХК-ийн уурхайгаас нүүрсээ бэлтгэн авдаг тул иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд гурав, дөрөв, тав дахь өдрүүдэд иргэдэд нүүрсээ борлуулах хуваарийг гаргасан байна. Уг хуваарийн дагуу иргэд маань ажлаа зохицуулан өрхийнхөө нүүрсийг уурхайн аман дээрээс худалдан авах юм бол ченжийн гар дамжихгүй, хямдралтай үнээр аваад зогсохгүй газар дээр нь гологдол чулуу зэргийг ялгуулж, чанартай нүүрс авах боломжтой гэдгийг “Шарын гол” ХК-ийн Ерөнхий инженер Ж.Эрдэнэбат хэлж байна.
Энэ жил Шарын голын уурхай нэг сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 110 гаруй хувьтай байна. Манай аймгийн тухайд гэр хорооллын нийт айл өрхийн жилийн нүүрсний хэрэглээ 10 мянган тонн орчим байдаг байна.
Сэтгэгдэл