Өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-нд Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүрэгт Сонгуулийн хуулийн дагуу "Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль болж өндөрлөлөө. Түүнчлэн энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль бас болжээ.
Том жижгээсээ үл хамааран сонгууль бол сонгууль. Өөрөөр хэлбэл иргэдийн санаа бодол, хүсэмжлэлийн илэрхийлэл, намуудын иргэдийнхээ дундах үнэлэмжийг сонгуулийн дүнгээс анзаарч болно. Энэ утгаараа энэ сонгууль 2020 оны улс төрийн өнгө аясыг тодотгож өгч байгаа гэдгээрээ онцлогтой.
Өнгөрөгч Ням гарагийн сонгуулийн дүнг сийрүүлбэл:
Дорноговь аймгийн Алтанширээт сумын ИТХ-ын сонгуулиар МАН 100%,
Улаанбадрах сумын ИТХ-ын сонгуульд МАН 61,8% АН 38,2%
Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуульд МАН 69,4%, АН 30,6%
Замын-Үүд сумын ИТХ-ын сонгуульд МАН 64,7% АН 35,2%
Сайншанд сумын ИТХ-ын сонгуульд МАН 70,5% АН 29,5%-ийн тус тус санал авсан байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Ардын Нам Дорноговь аймгийн таван тойрогт илт давуу ялжээ. Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авч мөн л МАН ялсан байна.
Ялалт, ялагдлын энэ дүнгээс улс төрийн намууд иргэдийнхээ сэтгэл итгэлийн альхан талд нь яваагаа анзаарч болно. Энэ талаасаа их сургамж, сануулгатай сонгууль гэж тодотгож болох байх.
Нөгөө талаасаа сонгууль жижиг гэлтгүй араасаа аанай л бас улс төр дагуулдаг аж. Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг 2019 оны төсвийн асуудлаар мэдээлэл хийхдээ сонгуультай хольж хутгаад "Мөнгөний сонгууль” боллоо гэхчлэн ярьж байгаа харагдана лээ.
Үүнийг шалгаж тогтоодог байгууллага нь тусдаа. Үнэн худал нь нотлогдоогүй иймэрхүү асуудлыг дэвэргэх нь эргээд нийгэмдээ буруу жишиг сэдэл төрүүлдэг муу гэмтэйг манай улстөрчид анзаарч санамаар мэт.
Мөн Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан гэсэн мэдээлэл байна. Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулжээ. Сүхбаатар аймаг АН-ын хувьд ихэнхдээ дархан тойрог байсаар ирсэн. Энэ бол тус айгийн Засаг дарга асан Ж.Батсуурийн орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн ажил, засаглалынх үеийн чамбай чанар иргэддээ танигдаж үлдсэнтэй холбоотой юм болов уу гэж харагдлаа.
Ийнхүү орон нутгийн 9 тойрогт болсон сонгуулийн 7 тойрогт нь Монгол ардын нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. МАН-д итгэх иргэдийн итгэл орон нутагт хэвээр байгаа юм байна.
Гэхдээ энэ итгэл их эмзэг байдаг. Хэлсэн ярьсандаа биш, эрх ашгийн эрэмбэ алдагдвал иргэдийн итгэл үргээд алга болно.
Намуудын чансааг шалгах шалгуур болно хэмээн улс төр судлаачдын онцолж байсан сонгууль иймэрхүү дүн бантайгаар өндөрлөлөө. Жижиг сонгуулийн том илэрхийлэл нь энэ болж байна.
Сэтгэгдэл