Төв банкны үнэт цаас бол бонд биш


Төв банкны үнэт цаас бол бонд биш


Засгийн газар өрийн бичиг гаргахаа больсноос хойш Монгол Улсын арилжааны банкуудын худалдаж авах боломжтой түргэн хөрвөх чадвартай ганц л актив үлдсэн. Тэр нь Төв банкны үнэт цаас. Тиймээс ч уг хэрэгслийг буруутгаж, мэдэмхийрэх эдийн засагч бус хүмүүс олшроод байна. Олон нийтийн дунд яваад байгаа ойлголтоос Төв банкны үнэт цаасны зорилго, хэрэглээ нь тэс өөр юм.

Нэгдүгээрт, тус үнэт цаас нь засгийн газрын өрийн бичиг биш. Засгийн газрын төсөв алдагдалтай гарах тоолонд Засгийн газар өрийн бичиг гаргаж, нэмэлт санхүүжилт хийдэг бол Төв банкны үнэт цаас нь мөнгөний бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэх зорилготой байдаг.

Ойролцоо нэршилтэй боловч тэс өөр зорилготой эдгээр хэрэгслүүдийг урд хожид банкууд хольж авах боломжтой байсан тул Төв банкны үнэт цаас хүмүүсийн анхааралд төдий л өртдөггүй байж. Харин Засгийн газар дотоод бонд гаргахаа болих үед ганц л сонголт үлдсэн.

Банкууд зах зээл дээрх хамгийн бага хүүтэй энэ үнэт цаасыг худалдаж авдаг гол шалтгаан нь хадгаламж эзэмшигчид гэнэт мөнгөө татахад  бэлэн байхын тулд хөрвөх чадвартай бэлэн нөөцтэй байх гэж аж. Мөн Төв банкнаас хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хамгаалахын тулд энэ бодлогын хэрэгслийг санал болгож байгаа нь өдгөө 4.2 их наяд төгрөгт хүрсэн.

Иргэдийн дунд яваад байгаа хоёрдугаар зөрүүтэй ойлголт бол Төв банкны үнэт цаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлдэггүй. Өөрөөр хэлбэл 4.2 их наяд төгрөгийг зах зээл рүү нийлүүлж байгаа хэрэг огт биш, харин эсрэгээрээ зах зээл дээрээс илүүдэл эх үүсвэрийг татаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын эдийн засаг 2017 онд 5.8%, 2018 оны 2-р улиралд 6.3% өсч, банкуудын нийт хадгаламж жилийн хугацаанд 22% өссөн, банкуудын нийт актив 3.3 их наяд төгрөг буюу 13.5 хувь өссөн байхад Төв банкны үнэт цаасны худалдан авалт өсөхөөс өөр аргагүй юм. Балансад эзлэх байдлаараа хэвийн түвшинд байна. Төв банкны үнэт цаас байхгүй бол банкуудын хөрвөх чадвартай активын хэрэгцээг өөр юу хангах вэ гэдэг асуулт гарч ирж байна.

Гуравдугаарт уг үнэт цаас нь бодлогын хүүг иргэд бидний амьдралд хүргэдэг үндсэн хэрэгсэл. Бодлогын хүүг өнгөрсөн 2 жилийн хугацаанд 5.0%-аар бууруулж, өдгөө 10.0%-д хүргэсэн нь буюу 2009 оны 9-р сараас хойшхи хамгийн бага түвшин. Хэрэв энэ хэрэгсэл байхгүй эсвэл үр дүнтэй ашиглагдахгүй бол бодлогын хүүний өөрчлөлт зах зээлд хүрэхгүйдээ маш удаан байна.

Бодлогын хүү 1 хувь буурлаа гэхэд маргааш нь Төв банкны үнэт цаасны жилийн хүү дагаж буудаг бөгөөд олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байгаа зээлийн хүүг бууруулахад шууд ач холбогдолтой. Төв банкны үнэт цаасны хүү банк хоорондын захын хүүг тогтоож, улмаар банкуудын хадгаламж, зээлийн хүүгийн суурь болдог.

Эцэст нь дүгнээд хэлэхэд Төв банкнаас мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангахын тулд жил бүр тодорхой зардлыг төсөвлөдөг бөгөөд энэ нь инфляцийг нам дор, тогтвортой түвшинд байлгах буюу эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахад тустай.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.