Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Чойжин ламын сум музей доторх барилга болон Туушин зочид буудлын урд талын шат бүхий хэсгийг АЛБАДАН БУУЛГАСАН нь олны талархлыг хүлээж байна. Төр төмөр нүүрээ Туушин зочид буудалд харуулж чадсан.
Түүний зоримог шийдлийн дараачаар иргэд дараагийн "туушиндах" барилга байгууламжийн саналыг ч гаргаад байна. Тухайлбал, Их тэнгэрийн амны замын эсрэг талд 2 га орчим газарт Туул голын бургасыг хядан, барилга байгууламж барьж буй "Зүүнбаян рефайнери” компанийн талбай болон барилгыг "Туушиндах" санал гаргажээ.
Уг газарт "Зүүнбаян рефайнери” ХХК нь 2008 оны наймдугаар сарын 22-нд нийтдээ дөрвөн га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан байна. Гэвч Туул голын бургасыг хядаж байгаль орчинд хохирол учруулсан тул 2014 оны тавдугаар сард Богдхан уулын Хамгаалалтын газрын захиргаанаас тухайн ашиглаж буй газарт хяналт, шалгалт хийж, бургас мод сүйтгэсэн зөрчилд 6 сая 560 мянган төгрөгийн торгууль тавьж, төлүүлсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Байнгын хорооноос газар чөлөөлөлтийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа ч ядарсан нэгэнд арга хэмжээ авчихаад, задарсан нэгнийг тойроод байгаа. Зүүнбаян рефайнери гэж компанийн ард НИТХ-ын дарга С.Амарсайхан байгаа юм билээ. Энэ газрын захирамжийг хотын дарга С.Батболд хүчингүй болгож чадахгүй байна” хэмээн хэлж байв.
Харин НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нэг УИХ-ын гишүүн юм ярихаар хөөгөөд гүйгээд байх шаардлагагүй. Б.Пүрэвдорж гишүүн их хачин юм ярьж байна лээ. Нийслэлийн газрыг хэн олгож байгааг ч мэдэхгүй, ямар эрх үүрэгтэйг ч мэдэхгүй” хэмээн тайлбар хэлж байжээ.
Туул голын бургасыг хядаж, байгаль орчинд үлэмж хохирол учруулж буй дээрх газрын захирамжийг хүчингүй болгож, ТУУШИНДАЖ өгнө үү, хотын дарга аа.
Сэтгэгдэл