Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллийг сонсов. Ерөнхий прокурорын өгсөн мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авчээ.
УИХ-ын гишүүн Л.Болд "Нийгэмд эргэлзээ үүсгээд байгаа олон хэрэг байдаг. Энэ бүхэнд тодорхой ойлголтыг олон түмэнд өгөх ёстой. С.Зориг агсны аллага, хэрэг байна. Олон нийтэд ч хариулт хүлээсэн асуулт олон байна. Тусгай хяналтын дэд хорооноос Ажлын хэсэг гарсан. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ. Энэ чигээрээ дахиад 20 жил явах уу. Энэ хэрэгт ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ”.Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Монголын ард түмнийг цочроосон ноцтой гэмт хэрэг 1998 онд үйлдэгдсэн. Энд төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн.
Харин хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдол, асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна” гэв.
Сэтгэгдэл