Манайд Үндсэн Хууль өөрчлөх эсэх талаар хэрүүл тэмцэл ид өрнөж байна. Уг нь энэ асуудлыг олон жилийн турш улиг болтол ярьсаар ирсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга эрс шинэчлэл тунхаглаж, Үндсэн Хууль шинээр хийх тухайгаа зарласнаар эл асуудал оргил цэгтээ хүрч нийгмийн хурц маргаан мэтгэлцээнд дууджээ. Гэтэл өнөөгийн маргаан мэтгэлцээн шал буруу тийшээгээ хадуурч, "ардчилсан үзэлтнүүд” нь парламентын засаглалын төлөө, "харгис, дарангуй үзэлтнүүд” нь Ерөнхийлөгчийн засаглалын төлөө байгаа мэт сурталдах болж, энэ нь галзуурал солиорлын хэмжээнд хүрэв. Гэвч асуудлын мөн чанар огт өөр зүйлд байгаа юм. Энэ тухай өгүүлсү…
Саяхны явдлуудыг сануулах нь…
Манай монголчууд саяхныхаа явдлыг мартчихаад хоосон хэрэлдээд байдаг гаж зантай учраас сүүлийн жилүүдэд Үндсэн Хуулийг өөрчлөх гэсэн оролдогуудын хронологийг жагсааж байна. Үүнийг эргээд саначихвал өнөөгийн хэрүүл тэмцлийн учир утга дэндүү ойлгомжтой болно. Энд би Үндсэн Хуулинд халдаж "дордуулсан 7 өөрчлөлт” хийсэн, Цэц дээр болсон маргаан зэрэг хүн бүхний сайн мэдэх "адал явдлыг” оруулаагүй…
2010.12.23. "Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай” хууль батлав. (УИХ-ын дарга Д.Дэмбэрэл) Энэ хуульд 2015.05.29, 2016.02.05, 2017.05.12-нд тус бүр 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.
2000, 2011, 2012, 2013, 2015 онуудад. УИХ-ын нэр бүхий гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлж, тухай бүр ажлын хэсэг байгуулан ажиллуулж байжээ. Гэвч энэ олон оролдлого төдийлөн бүтэлтэй болж чадаагүй.
2013.02 сар. УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг судлах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. (УИХ-ын дэд дарга Л.Цог ахалсан)
2015.01 сар. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинээр томилон ажиллуулжээ. ("Фортуна” Д.Батбаяр ахалсан)
2015.02.17. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг” өргөн барив. (З.Энхболдод)
2015.11.06. Д.Батбаярын ахалсан ажлын хэсэг "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барилаа.
2016.02.05. УИХ "Ард нийтийн санал асуулгын тухай” хууль шинэчлэн гаргав.
2016 оны эх. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулав.
2016.12.22. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. (Удирдлагын Академийн Ч.Энхбаатар)
2017.02.09. Шинэ УИХ зөвхөн ҮХ өөрчлөх зорилго бүхий "Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль шинээр гаргажээ.
2017.04.07. УИХ "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” тогтоол батлав.
2017.05.01. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Үндэсний статистикийн хорооноос Зөвлөлдөх зөвлөлд гардуулж өгөв. (Энэ санал асуулгыг ҮСХ явуулжээ)
2017.05.15. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлэв. Энэ төсөлд санал асуулга явуулах хугацааг өөрчилж, ҮХ-д нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг буруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.
2017.05.25. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Д.ДЛүндээжанцан ахлагчтай ажлын хэсэг байгуулжээ.
2017.4-5 сар. Г.Занданшатарын "онолоор”, Д.Лүндээжанцангийн ”удирдлагаар” "Зөвлөлдөх санал асуулгыг” хэд хэдэн шаттай явуулж "дуусчээ.
2017.08, 09 сарууд. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх ажил хийжээ.
Эндээс бүх зүйл ойлгомжтой болно:
• Үндсэн Хуулийг өөрчлөх гэсэн зохион байгуулалттай оролдлогыг АН болон МАН олон жилийн турш хийсээр иржээ.
• Чингэхдээ хоёр нам бие биенийхээ саналыг үл ойшоож, дангаараа Үндсэн Хуулийг өөрчлөх гэж зүтгэж байжээ.
• Үндсэн Хууль өөрчлөх санаачлага бүрийг ард түмэн биш, харин МАН, АН хоёр л санаачлан зүтгүүлж байжээ.
• МАН, АН хоёрын Үндсэн Хууль өөрчлөх гэсэн санаачлага, оролдлогуудад ард түмэн татагдан орж, түүнийг тойрон, дагалдаж уг маргаанд оролцож байжээ. Өөрөөр хэлбэл хоёр нам ард түмнийг энэ сэдвээр олон удаа үймүүлж байжээ.
• Яваандаа Монгол Улс хямралд нэрвэгдэж, хаост орохын хэрээр Үндсэн Хуулийн асуудал хоёр намын хүрээнээс алдууран гарч, нийт ард түмний оролцооны асуудал болон хувирчээ.
Монгол сэхээтэн нэртүүдийн тэнэглэл
Дээр дурдсан олон удаагийн, олон жилийн оролдлогын үр дүнд МАН, АН хоёрын аль аль нь парламентын засаглалын хэлбэрийг сонгон авч байгаа нь хэн бүхэнд илэрхий байна. Одоо ч гэсэн МАНАН парламентын засаглалын хэлбэрийг үхэн хатан зүтгүүлж байна.
Монгол иргэншил, Монгол үндэстэн, Монгол Улсын язгуур эрх ашгийн эсрэг хар хүчин гэдгээ аль хэдийн нотолсон МАНАН яагаад энэ парламентын засаглалыг сонгоод байна ? гэж асуулт тавьсан сэхээтэн нэг ч алга…
Учир нь МАНАН-гийн эргэлт буцалтгүй сонгон авч байгаа "парламентын засаглал” гэдэг нь МАНАН дэглэмийн дарангуйлалд үүрд байх ёстой "парламент” бөгөөд энэ нь МАНАН дэглэмийн хувьд хязгааргүй ноёрхлоо хадгалан үлдэх нэн таатай хэлбэр юм. МАНАН парламентын засаглал хэмээх сайхан нэрийн дор өөрийн улс төрийн дарангуй дэглэмийг сайтар нуун далдалсныг олонхи сэхээтэн нэртүүд олж харахгүй байна.
Эрх баригч МАНАН "засаглалын хэлбэр”, "улс төрийн дэглэм” гэсэн ижил түвшний хоёр ойлголтын өрөөсөн болох "улс төрийн дэглэмийг” орхичихоод, дан ганц "засаглалын хэлбэр”, чингэхдээ эсвэл парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг сонго гэсэн усан тэнэг маргаан руу ард түмнийг түлхэж байна. Энэ заль мэхэнд манай тэнэг хийрхүү сэхээтэн нэртүүд татагдан орж, нүдээ гялалзуулан, шүлсээ үсчүүлэн онол практикийн эргүү мунхаг маргаан хийж эхлэв.
Зарим нь цорын ганц, шударга, зөв "парламентын засаглалын” төлөө зүрхээ сугалж, нүдээ ухаж өгөхөөс сийхгүй, үхсэн ч хамаагүй гэж тунхаглах болов. Гэвч энэ бол ердөө л хийрхэл юм…
Хэрэв "цэвэр тунгалаг” парламентын засаглал хийгээд МАНАН дэглэмийн үүрдийн ноёрхолд байх "парламентын засаглал” хоёрын ялгааг олж харах билгийн нүдгүй бол өөрийгөө сэхээтэн гэж нэрлэж үхснээ хийнэ…
Монголын олонхи сэхээтэн нэртүүд "цэвэр, тунгалаг” парламентын засаглалын төлөө гэж орилсноороо МАНАН дэглэмд үүрд хүлэгдсэн дарангуй "парламент”-ын төлөө зүтгэж, түрүүчээсээ МАНАН-тай "дуу хоолой, дугтрах хүчээ” нэгтгэж эхлэв. Ингэж тэд МАНАН-гийн гар хөл, дуу хоолой, бөгсний алчуур болон хувирч байна…
Хэд хоногийн өмнө би: "Парламентын засаглалын давуу талыг сурталчлах "хөдөлгөөн” хоёр бүлэгт хуваагдаж байна. Нэг. Үнэхээр үзэл санаа, итгэл үнэмшлийнхээ үүднээс ярьж байгаа. Хоёр. Эрх баригчид хуучнаа хадгалан үлдэх гэж үүнийг ярьж байгаа. Эхний бүлэг нэг л хазгай гишгэвэл өнөөгийн эрх баригчдын гар хөл болж хувирна” гэж сануулж байсан билээ. Одоо бол аль хэдийн хазгай гишгэчихээд, намаг руу хальтран унаж байна…
МАНАН дэглэм өөрөө санаачилж, МАНАН дэглэм олон арван жилийн турш зүтгүүлж, МАНАН дэглэм өөртөө сонгон авч буй "парламентын засаглалыг” өөрийн хийрхүү, тэнэг мунхаг үйлдлээрээ зөвтгөж байгаа хүн бол яав ч сэхээтний тоонд орохгүй, харанхуй мунхаг илжиг мөн…
Эдгээр илжигний усан тэнэг, хийрхүү уриа лоозонд МАНАН яасан их баярлаж байгаа бол ?!
Би л лав МАНАН санаачлан зүтгүүлж, МАНАН-гийн Д.Лүндээжанцангийн сонгон авсан "парламентын засаглалд” үхэж байсан ч итгэхгүй. Учир нь Д.Лүндээжанцан бол Монголын хуульч биш, тэр бол МАНАН-гийн хуульч бөгөөд "хуульч” нэр зүүсэн зальт үнэг, хорт могой мөн…
Асуудлын мөн чанар
Өнөөдөр манай хамгийн тулгамдсан асуудал бол МАНАН дэглэмийг халах асуудал бөгөөд Үндсэн Хуулийг өөрчлөх зорилт энэ агуулгад багтана.
Үүнийг яримагц л засаглалын хэлбэрийн тухай эцэс төгсгөлгүй маргаан руу татан оруулж, парламентын засаглал бол "ардчилсан”, ерөнхийлөгчийн засаглал бол "дарангуйлал” хэмээн сурталчилж, энэ нь аливаа эрүүл ухааны хэм хэмжээнээс халин гарч байна.
Хаанахын ямар онолд, ямар сургаальд, ямар ном сурах бичигт ингэж заасныг "мэргэн цэцний туйлууд” өөрсдөө ард түмэнд хэлэх ёстой. Гэвч тэд ингэж чадахгүй, ийм боломж байхгүй…
Манай сэхээтэн нэртүүдийн яриад байгаа "парламентын засаглал”, МАНАН-гийн сонгон аваад буй "парламентын засаглал” хоёр "ав адилхан” харагдаж, нэгэн зүг чигт хамтран яваад байгаад бидний хувь заяаны гачлан, тоглоом тохуу оршино.
Эдүгээ манай парламентын засаглалын төлөө "хөдөлгөөнийхөн” нэг л зүйл хийж өөрийгөө аварч болно. Энэ нь өөрсдийнхөө яриад байгаа парламентын засаглал хийгээд МАНАН-гийн "парламент” хоёрын ялгаатай эсэхийг нэн тодорхой баримтаар нотлох ёстой.
Хэрэв "адилхан” гэвэл Та нартай яриад байх юу ч байхгүй, Та нар ард түмний эсрэг харгис хүчний боолын боол болсон адгийн шаарууд. Хэрэв "ондоо” гэвэл тэрийгээ баримт нотолгоотой гарган ярьж, МАНАН-гийн "парламентын” эсрэг тэмцэнэ гэдгээ харуулах ёстой. Өөр зам байхгүй…
Би тулгамдсан асуудлын мөн чанарыг усан тэнэг хүн ч ойлгохоор хэлж амжсан гэж бодож байна…
Миний бодлоор одоо Монголын дэвшилтэт бүх хүчин МАНАН-гийн дэглэмийн эсрэг бүхий л хүч чармайлт, үзэл санаагаа нэгтгэн тэмцэх цаг болсон.
Миний дээр хэлсэн санаанд заавал Ерөнхийлөгчийн засаглал тогтооно гэсэн агуулга огт байхгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр сонгон авч болох хувилбарын нэг гэдгийг цохон дурдахгүй байж чадахгүй…
Наад зах нь Үндсэн Хууль хэлэлцэж эхлэх хүртэл засаглалын хэлбэрийн тухай дуусашгүй тэнэг маргаанаа татаж, хазаарлаж болно гэж бодож байна. Явж явж энэ асуудлыг бидний маргаан биш, Монголын ард түмэн шийддэг юм…
Тулгамдсан асуудлыг ахиад томъёолъё: Асуудал парламентын засаглал уу, Ерөнхийлөгчийн засаглал уу ? гэдэгт байгаа юм огт биш, харин асуудал МАНАН-гийн "парламентын” төлөө юу?, эсвэл түүний эсрэг байгаа юу ? гэдэгт оршино.
Үүнийг ойлгохгүй бол улс төр мөр хийрхэж гэж давхихаа болих л хэрэгтэй дээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?
Сэтгэгдэл