Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулж, ЗГ-т өргөн барина


 

Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулж, ЗГ-т өргөн барина

 

БХБ-ын сайд Х.Баделхан "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав. 

Тэрбээр 2008 оноос "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

    2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана" гэлээ. 

Мөн "Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан. Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас  ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа. Иймд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг боловсруулсан" гэсэн юм. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.