МАН-ын бүлгийн шинэ дарга Сү.Батболд байх уу


МАН-ын бүлгийн шинэ дарга Сү.Батболд байх уу

 

Өнгөрсөн өдрүүдэд засаг унах уу, бүлгийн дарга унах уу гэдэг дээр улс төрийн хүрээнийхэн толгойгоо гашилгаж байсан. Тэгвэл наадмын өнгө тодорхойлогдож, начны найраа эхэлдэг шиг өчигдөр МАН-ынхан бүлгийн даргаа огцруулах эсэх асуудал дээр 60-уулаа нэлээд бужигналдаж цаашид хөврөх улс төрийн жимээ тогтов бололтой. 

Шөнө дөл болтол хуралдсан гишүүд бүлгийн даргаа огцруулах санал дээр 32:27 болж хуваагдаад аваад "залчихлаа". Экс дарга Д.Хаянхярваа нь ч "надад гомдол байхгүй" гэснээр танхимаас гарч одлоо.

Эхний санал хураалт дээр тэнцээд байсан үр дүн дараагийнх дээр өөрчлөгдөж, нэг гишүүн нь хоосон цаас өгч таг "бөөрөнхий" гэдгээ батлан харуулж, нэг бус гишүүн нь эрх ашгийг төлөө яахаас ч буцахгүй гэдгээ харуулах шиг боллоо. Ингээд МАН-ын "тэмцэл" оргилоос аажуухнаар бууж засаг нь тогтож, намын дарга, Ерөнхий сайд нь сандал ширээний хуваарилалтаа эхийг нь эцээж, тугалынг нь тураахгүйгээр хийх даалгавартайгаар тогтож үлдэж байх шиг байна. Харин гэм нь Засгийн газраас хэд хэдэн сайдыг "сугалах" талаар саарал ордонд яриа хөвөрсөн сурагтай. Цагийн юмыг цагт нь л яръя.

Тэгвэл эдгээрийн өмнө хамгийн чухал нэг томилгоог Ерөнхий сайд тэргүүтэй, УИХ-ын гишүүд хийх болно. Тэр нь мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн даргын томилгооЕрөнхийдөө шинээр томилогдох МАН-ын бүлгийн дарга нь уяан дээрээ "дүүхэлзэж" байгаа Ч.Улааныг томилж, хотын даргын суудлыг хэнд өгөхийг хуваарилахад гол үүрэг гүйцэтгэх хүн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өчигдөр саарал ордонд МАН-ын гишүүд бүлгийн даргаа огцруулсны дараагаар "Бүлгийн шинэ даргаар хоёроос дээш удаагаа УИХ-д сонгогдсон гишүүнийг томилно" гэсэн зарчмын байр суурь дээр нэгдсэн байна. Магадгүй санал өөрчилж, хоосон цаас өгөхөд хүргэсэн тохироо нь ч энэ байж болохыг үгүйсгэх аргагүй. Одоо хэдүүлээ багахан тооцоо гаргаж, гишүүдээ шүүж үзье.

Хоёр дугаар ээлжийнхэн "хоолондоо" орсон энэ цаг үед сайд байгаа болон байсан хүмүүсээс томилохгүй нь тодорхой. Дээр нь нэмээд байнгын хорооны дарга нарыг бүлгийн даргаар томилох шаардлагагүй. Магадгүй байнгын хороог өнгөрсөн хоёр жилд даргалж байсан гишүүдэд ч бүлгийн даргын суудал очихгүй байх.

Тэгвэл МАН-ын 65 гишүүнээс анхны "бор халзангуудыг" хасаад хоёроос дээш удаа сонгогдсон гишүүдээс дарга, сайд нараа хасахад одоогийн байдлаар гишүүнээс өөр албан тушаалгүй нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Х.Болорчулуун, С.Бямбацогт,  Ц.Мөнх-Оргил, О.Содбилэг, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нар юм.

Эдгээрээс нь 2016 оноос хойш ямар нэгэн албан тушаалд огт очоогүй нь нь Х.БолорчулуунСү.Батболд нар. Бусад нь их бага хэмжээгээр сайд, байнгын хорооны дарга хийгээд өнгөрсөн оны сүүлээр бүгд ажлаасаа "мултарсан" гишүүд. Тэдэнд бүлгийн дарга болох бараг л боломжгүй байхгүй болов уу. МАН-ынхан тохирсон зарчмаараа явбал хоёроос дээш удаа сонгогдсон гэх болзлыг хангаад ямар нэгэн албан тушаалгүй яваа хоёр гишүүнээс, бүр нарийвчилж үзвэл Сү.Батболдыг л бүлгийн даргаар зүтгүүлэх болов уу даа. Х.Болорчулууны хувьд шаардлагыг хангаж байгаа ч дэмжлэг тун багатай хүн.

Ер нь аль ч талаа бодсон Сү-гийн талынхан МАН-д асуудал гарахад хоёр талыг эвлэрүүлэн зуучилдаг. Аль ч талтайгаа хэл амаа ололцож, учир зүйг нь гаргадаг туршлагатай. Тийм цаг үе МАН-д байсан уу, гэвэл байсан. Улс төрийн хүрээнийхэн ч үүнийг бараг хүлээн зөвшөөрөх байх. Тиймээс "хагараад" буй МАН-ын бүлгийг нэгтгэж, томилгоонуудыг цаг алдалгүй шуурхайлж, Засгаа хамгаалж үлдэх хүнээр Сү.Батболд гишүүн тодрох хамгийн өндөр магадлалтай нь болов уу. Улс төр болсон хойно эрх ашгийн өөр сонирхол "гүйчихгүй" бол шүү дээ.

Ч.Ган


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.