М.Энхболддоо ч биш, Их хурлын даргын суудлын төлөөх л тэмцэл өрнөж байна


УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардаж буй. Уг шаардлагаас үүдэж УИХ, Байнгын хороодын хуралдаан гацаанд ороод байгаа билээ.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагын талаар Т.Аюурсайхан гишүүн ярихдаа “УИХ-ын дарга бол чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааныг товлосон хугацаанд тогтмол явуулах үүрэг хүлээдэг. Гэтэл сүүлийн гурван долоо хоног УИХ-ын чуулган, байнгын хороод хуралдсангүй. Хариуцлага алдсан Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдлагууд ёс зүйн хариуцлага хүлээж байгаа. Тиймээс УИХ-ын дарга ч мөн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. УИХ-ын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй тохиолдолд уг шаардлагад гарын үсэг зурсан гишүүд чуулган болон байнгын хороодын хуралдаанд оролцохгүй. Өнөөдөр бид нэг хүний албан тушаал чухал уу, нийт ард түмний төлөөлөл болсон УИХ чухал уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. М.Энхболд Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга зэрэг олон хариуцлагатай албан тушаалыг хашиж байсан ч нийгэмд тулгамдаад буй хот төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Тиймээс УИХ-ын гишүүд энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй” хэмээн ярьж байсан юм.

Гэвч өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нарын гишүүд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийсэн юм.

Тус шаардлагад, Монгол төрд үеийн үед ажиллаж байсан ахмад гишүүдэд Чингис бонд, АСЕМ, С.Зориг, Цэвэр агаар сангийн олон хэрэг байсныг шуурхай шалгаж, манлайлж ажиллах боломж байсан. Харамсалтай нь, та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр хүлээсэн шударга ёсны хүлээлтийг хангаж ажиллаж чадсангүй. Одоо та бүхэнд УИХ-ын гишүүний ажлаас өөр нэмж, давхарлан өмсөх дээл хэрэггүй. Иймд, УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдсэн хугацаанд үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлан байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна. Бидний шаардлагыг үл хүндэтгэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно. Энэхүү шаардлагад эрүүл, ёс зүйтэй хандана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Мөн шаардлагын талаар  цааш нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ярихдаа "Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна" гэсэн юм.

Тэд ахмад гишүүд улс төрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан хоцрогдсон ч гэсэн "гаршсан" башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, УИХ-ын тасралтгүй жигд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг боогдуулж, өнөөдрийн үүсээд байгаа улс төрийн энэ мухардмал нөхцөл байдал руу түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд "хар толбо" болж, Та бүхний нэртэй хамт "данслагдах" болоод байна” хэмээн ярьсан юм.

УИХ-ын дарга огцорлоо гэхэд дараагийн УИХ-ын даргад Ө.Энхтүвшин нарын нэр яригдаж байгаа тухай мэдээллийг зарим хэвлэлд нийтэлсэн байна. Мөн Ё.Баатарбилэг тэргүүтэй гишүүд дээрх нэр дурдагдаж буй ахмад гишүүдийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүдийн ард байгаа тухайг ч хэлж байв.

Ийн тэд чуулганаар хэлэлцэгдэх чухал асуудалд бойкот хийж сандал суудлын төлөөх тэмцлээ “шударга ёс, ард түмний төлөө” гэх халхавчаар далдалж байна.

 

24tsag.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.