
АН ирэх сонгуульд ИЗНН, МҮАН-тай нэгдэх нь тодорхой болов. Харин МАХН Ногоон намтай нэгдэх асуудлаар шийдэлд хүрсэн. МАН сөрөг хүчин гэдгээ бүр илүү харуулахаар улайран тэмцэж байна. Ирэх сонгуульд эв эеэ хичээж, хүчтэй байх алхмыг энэ мэтээр улстөрийн намууд эрэлхийлж буй чухал мөчид ХҮН эсрэгээрээ эвгүйдэх тийшээ хандаж эхэллээ.
Олон фракцтай, шуудайнд хийсэн эвэр шиг гэлцдэг АН-ынхан хүртэл сонгууль дөхөөд хачин эвтэй байхад ХҮН гишүүний татвар сэлтхэн аар саархан зүйлсээс болж, өөр хоорондоо муудалцаж, бичиг цаас шидэлцэж байгаа нь хачирхалтай. Залуу халуун намыг мэдээж болох, болохгүйгээ дуудуулсаар улстөрийн хүрэээнд 20 шахам жил буцалж яваа АН-тай яаж харьцуулах.
Гэхдээ тэдний хэрүүл нийтэд харагдаж байгаагаараа бол жижиг асуудал. ЕНБД-аа битүүнд халж, гишүүд нь сарын 50 мянган төгрөгийн татвараас болж эвдрэлцсэн гэх. Улмаар Нийслэлийн ХҮН-ын хорооны дэд дарга Ц.Түвшинтөр намаасаа түдгэлзэв. Залуус нь С.Ганбаатар ерөнхийлөгч болох нь лөөлөө гэх утга бүхий даажин хүртэл гаргаад амжлаа. Бүр хэвлэлийн хурал зарлан, С.Ганбаатарыг огцрохыг хүртэл шаардаад амжлаа.
Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй нэр хүнд нь өгсөж явсан ХҮН-ынхан яагаад сар шинэ дамнуулан муудалцав?
Хэргийн эзэн нь ердөө л ХҮН-ын шинэхэн дарга С.Ганбаатар. ХҮН анх байгуулагдаж байх үед С.Ганбаатар гишүүнийг ард нь байгаа гэх таамаг явж байв. Уг хардлагыг үгүйсгэхдээ С.Ганбаатар гишүүн "Зөв үзэл бодолтой олон залуус ХҮН-д байгаа” гэх тодруулга хийдэг байсан. Гэтэл сонгуулийн хууль батлагдсаны дараахан ХҮН-д гишүүнээр элсэж, сар ч бололгүй намын дарга болж гангарав. Улстөрийн аль ч намд дөнгөж гишүүн нь болонгуутаа дарга нь болчихдог үзэгдэл байдаг гэж үү? Сонгуулийн хуулиар лидер нь жагсаалт руу бусдыгаа чирэх заалтаас үүдлээ гэх таамаг тухайн үед явж байв. Гэвч чирэхдээ хүрвэл С.Ганбаатар гишүүн болсон тохиолдолд тэр үүргээ гүйцэтгэчихнэ.
Эндээс ирэх сонгуулиар наймаас дээш суудал парламентад авч, бүлэг байгуулах том төлөвлөгөөтэй ХҮН-ынхан шуудхан С.Ганбаатарт найдсан нь хачирхал төрүүлнэ. Гэтэл өнөөх нь хамгийн чухал үед "би дипломгүй” гэж ам алдаж, хөгөө чирэв. Түүнчлэн намынхаа даргыг авсан өдрөө ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ зарлаж, хэл амаа намын нөхдөөрөө мэдүүлэхгүй гэдгээ тод харуулсан.
Намынх нь дотоод асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед С.Ганбаатар гишүүн ХҮН-ын баахан нөхдийг ардаа зогсоож байгаад мэдээлэл хийхдээ харин их журамтай загнав. Тэрээр сэтгүүлчдийн асуултад Б.Гарамгайбаатар гишүүний хамгийн сайн хэлдэг үг болох "Намын дотоод асуудал” гэх өгүүлбэрийг хэд хэд давтаад авсан юм. Өөрөөр хэлбэл, С.Ганбаатар ХҮН-ын дарга болсон тэр омгорхог байдал өчигдөр баахан дарагдсан харагдав.
Шашны гаж урсгал болох МҮҮН-тэнгүүдийн хүүхдүүд ХҮН-ын удирдах зөвлөлд байдаг, С.Ганбаатарыг нэг нүдээрээ ч үздэггүй нөхөд ХҮН-д олон бий, намын тэр их мөнгө хаанаас гараад байна? зэрэг асуудлууд өнөөг хүртэл тус намыг тойроогүй ээ. Эдгээрээс хамгийн жижиг юм шиг хэрнээ ноцтой нь Нийслэлийн ХҮН-ын хорооны дэд дарга Ц.Түвшинтөр намаасаа түдгэлзсэн явдал байлаа.
Ц.Түвшинтөрийн намаасаа түдгэлзсэн эл үйлдлийг С.Ганбаатар гишүүн бууны нохой биш байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, гаднаас шидсэн том чулуу ХҮН-ыг хагаргахаар завдаж байгааг дарга нь нуусангүй. Улстөрийн шинэ хүчин гарч ирэхэд дотор нь зориуд хүн оруулаад, олон нийтэд ил тод байдлаар гарч, нэр хүндийг нь гутаадаг түгээмэл хэлбэр гэж ХҮН-ын хэсэг нөхдүүд үзэж байгаа аж. Тэгвэл хэн ХҮН-ыг хагаргах үйлсэд гал өрдөж байж болох бэ? Ийм хардах өнцөг байж боллоо гэхэд мэдээж АН, МАН хоёр нэрлэгдэнэ. Дээрээс нь С.Ганбаатарыг муухай харагдуулах хүсэлтэй гэгддэг бүлэг "этгээд”.
Гэвч үнэн хэрэгтээ ХҮН-ын энэ удаагийн хагарал дотоод төлөвшил сул буйг нь харуулав. Нам жимхэн асуудлаа шийдэж ирсэн намыг гэнэтхэн С.Ганбаатар гэдэг хагархай хэнгэрэг мэт хүн удирдахаар асуудал гарах нь угаасаа тодорхой. Цаашид ч ХҮН-ынхан олон асуудлыг тэвчиж, чихээ бөглөж, өнгөрөөх хэрэгтэй болно. Түүнчлэн намын залуу үе нь ч бас жаал томоожих хэрэгтэйг өчигдрийн хэвлэлийн хурал харуулав. Сонгуулийн өмнө энэ мэт эвгүйтлээ нам барьж, дотооддоо шийдэж сурах чухал алхамууд одоо ХҮН-д хэрэгтэй болжээ.
Ж.Мядагбадам
Сэтгэгдэл