Өнөөгийн Монголчууд бид, Өвөр монголчуудыг Эрээн хотод наймаа хийдэг эсвэл Хятадад ууссан Монгол гэсэн нүдээр л хардаг. Гэтэл үнэндээ тэдний хэрхэн, яаж, ямар байдлаар амьдардаг тухай сонирхож ч үздэггүй.
2018 оны сүүлээр Хөх хотыг хувийн ажлаар зорих шаардлага гарсан юм. Миний байрласан газар Зүүн үзэмчин хошууны адуучин Билэгбаатар, Шилийн голын тэмээчин Хөгжилдү хэмээх Хятад өвгөн, Гашуунсухайтын боомтын Хятадын тээврийн компанид орчуулагч хийж байсан Цахар Амбаа гэх хүмүүс байв. Эхэндээ Өвөр Монголчууд бие биенээ тандсан байдалтай хэлэх үг, хийх үйлдлээ их л бодож хөдөлж байгаа мэт санагдав. Харин хэд гурван хоногоос тэдэнтэй нээлттэй ярилцаж эхэлсэн юм. Амьдрах өртөг нь Монголтой бараг л ойролцоо. Гэвч мах, махан бүтээгдэхүүн нь манайхаас 3 дахин үнэтэй боловч бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүд нь маш хямд.
Мэдээж ажиллах хүч нь хамгийн хямд өртөгтэй газар ийм байхаас өөр яахав. Хөх хотод дундаж цалин нь 4,000 юань буюу 1.5 сая орчим төгрөг. Харин багш, эмч гэх мэт төрийн албан хаагчид нь 10,000 юань хүргэж авдаг байна. Гэвч адуучин Билэгбаатар, тэмээчин Хөгжилдү нарын хувьд бол эдгээр нь мөнгө биш ажээ. Тэдгээр малчин газар эзэмшсний тэтгэмж болгон жилд 30,000-70,000 юань буюу Монгол мөнгөөр 11-26 сая төгрөг авдаг. Дээр нь шороон түмэн Хятадуудад мал гэдэг бол чухал хоол хүнснүүдийн нэг учраас мал сүргээсээ ч их хэмжээний ашиг шим хүртдэг. Тиймээс ихэнх малчид нь иймэрхүү хэмжээний тэтгэмж жил бүр улсаас авдаг хэмээн адуучин Билэгбаатар хөөрөв. Харин манай Монголчуудын тухайд хил орчмын Өвөрмонголын малчдын туслах малчин хийж, сард 2,000-3,000 юаниар цалинждаг байна. Төвд болон Уйгарт болсон бослогын дараа Хятад улс тэтгэмжийн бодлогоор Өвөрмонголыг тасралтгүй дэмжиж эхэлсэн нь энэ. Тиймээс ч тэд асуудалд орж, бослого гаргана гэхээсээ илүү Хятадуудтай зохицож, тэрхүү тэтгэмжийг нь авч амьдардаг.
Биднийг энд Хятадыг хий үзэн ядаж, Өвөрмонголчуудын ууссаныг гайхсаар байх зуур тэд хэдийн өөрчлөгджээ. Гэвч хэчнээн ууссан ч Монгол хүний нүүдэлчин сэтгэлгээ, хэчнээн баян болсон ч Хятад хүний тариачин сэтгэлгээ өөрчлөгдөхгүй болохыг анзаарсан юм. Тариачид бол ирэх жилийн ургацаа яах бол хэмээн ардаа нөөцөлдөг бол нүүдэлчид харин тэгэх шаардлага байдаггүй. Учир нь мал аж ахуй эрхлэх, ан ав хийх гэх мэт тэдэнд боломж өндөр байдаг нь ямар нэгэн зүйлийг хадгалах гэсэн ойлголт тун бага. Адуучин Билэгбаатар нүүдэлчин зангаараа баруун, солгойгүй мөнгөө цацаж, хүссэнээ авч байхад мянгат тэмээчин Хятад өвгөн Хөгжилдүгийн авсан ганц үнэтэй зүйл нь Монголоос орж ирсэн булган малгай л байв.
Өнөөдөр Өвөрмонголчууд бэл бэнчинтэй, баян цатгалан болсон ч ярьж хэлэх, хөдлөхөө хүртэл хянуулж буй ард түмэн. Их хэмжээний энэхүү тэтгэмж нь Хятадын эсрэг гэх үзлийг арилган тухайн хүмүүсийг чимээгүй, номхон байхад нь ихэд нөлөөтэй. Мөн Хятадын олон жил тариалан эрхэлж байсан бүс нутаг хэдийн байгалийн гэх чанараа алдсан. Тиймээс Өвөрмонголын газар нутгийг газар тариалангийн хэлбэрээр ашиглах сонирхол өндөр. Мөн Ордосын ойролцоо бүс нутгуудад ч төсвийн мөнгөөр шинэ хот байгуулжээ. Гэвч эдгээр хотод хүн хангалттай суурьшаагүйгээс хоосон байраар дүүрчээ.
Би тэрхүү хоосон хотоос цаашлан Ордосын харьяанд багтах Ушин хошууны толь хэмээх жижиг тосгонд очив. Толь тосгоноос жаахан холгүй Лигдэн хааны хатан болон хүүгийн амьдарч байсан газрын туурь байх бөгөөд тэр нь цэвэр Хятадын мужуудтай хиллэдэг.
Алтан ургийн сүүлчийн хаан, түүний өмнөх болон хойд үеийнхэн л лав ийм сайхан баялаг, өргөн уудам газар нутгаа хүссэнээрээ ашигла хэмээн амь насаа золиогүй л байлтай.
Нутгийн оточ өвгөний ярьж буйгаар, Өвөрмонголд бэлчээрийн аж ахуй гэх ойлголт байхгүй болсон бөгөөд мал нь торон дотроо бэлчээрт гардаг. Тэрбээр 2016 онд Монголын тал нутгаар аялж явахдаа тэртээ 1980 –аад оны Өвөрмонголын тал нутгийг олж харсан гэнэ. Харин Хятадын өмнөд бүс нутагтай харьцуулахад Өвөрмонголын газар нутаг тариалан эрхлэхэд маш их үржил шимтэй аж.
БИД ТЭДНЭЭС ЮУ СУРАХ ЁСТОЙ ВЭ?
Хятадын хөнгөлөлттэй зээлүүдээс татгалзах
Хятад улс, ОУВС-тай зэрэгцээд л бидэнд өөрсдийн хөнгөлөлттэй зээлийг санал болгосоор ирсэн. 2018 оны байдлаар Хятадаас 1 тэрбум ам.долларын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг зам, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр гэрээ байгуулжээ. Хятад үнэндээ ганцхан Монголд ч биш Африкын орнууд руу маш бага хүүтэй, урт хугацаатай зээлүүдийг олгож эхэлсэн. Эцэстээ яг л ЖДҮ шиг манайхан тэрхүү хөнгөлөлттэй зээлийг нь хуваагаад идчихвэл төлөх мөнгө нь өнөөх л уул уурхайгаа ухаж гаргах юм.
Гашуунсухайтын боомт дээр Хятадын тээврийн компанид орчуулагчаар ажиллаж байсан гэх Цахар Амбаагийн хэлж байгаа нь үнэндээ бидний ямар арчаагүй байгааг харуулсан. Тэр олон дугаарласан ачааны тэргүүдийн аль их хахууль өгсөн нь хилээр хурдан нэвтэрнэ. Гэвч энэ нь тээврийн нүүрсний компаниудад огтхон ч асуудал биш. Нүүрс, зэс, чулуу гэх мэт нутгийнхаа хамаг үнэ цэнэтэй гэсэн бүхнээ ухаад ямар ч үнэгүйгээр урагш гаргадаг. Одоог хүртэл арьс, шир ноос ноолуур нь ямар ч үнэд хүрч чадсангүй. Энэ бүх хугацаанд бид ямар ч утга, учиргүй Хятадуудыг харааж, үзэн ядахаас өөр юу ч хийсэнгүй. Харин тэд аль хэдийнээ биднийг ойлгож, биднийг ашиглаж буй.
Бэлчээрийн мал аж ахуй сүйдэх эрсдэл
Сүүлийн 30 жилийн хугацаанд Өвөрмонголд болсон энэхүү үйл явц Монголд ч гэсэн ойрхон байна.
Өнөөдөр уул уурхайн салбар Монголын ДНБ-н 20 хувь, нийт экспортын 90 хувь, төсвийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлж байна. Мэдээж байгаль цаг уурын өөрчлөлт голлох нөлөөг үзүүлж байгаа ч уул уурхайн үйлдвэрлэл нь хөрсний доройтол, бэлчээрийн мал аж ахуйд сөргөөр нөлөөлж буй. Дээр нь манай уул уурхайн компаниудад нөхөн сэргээлтийн тухай ямар ч ойлголт байдаггүй. Хөдөө аж ахуйн яамнаас 2016 онд хийсэн судалгаагаар хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн газар нутгийн хэмжээ нэмэгдсэн байна. Цөлжилтийн зэргээр авч үзвэл 13.5 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон гэжээ.
Бэлэнчлэх сэтгэлгээгээ болих
Өвөрмонголчуудын энэ хугацаанд бэл бэнчинтэй болсон шалтгаан нь Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах бодлого, жил бүр олгох их хэмжээний тэтгэмж, бүс нутгийн орлогын түвшин өндөр байгаатай холбоотой. Гэвч энэхүү нөхцөл байдал нь бэлэнчлэх сэтгэлгээг нэмэгдүүлж, улмаар тус улс үндэстэн хөгжихгүй, ажил хийхгүй, амьдрах чадваргүй болоход нь нөлөөлж байна. Тиймээс сонгууль бүрээр амладаг тэрхүү бэлэн мөнгөний амлалтуудаас бид аль болох татгалзаж, харин ажлын байртай болон орлоготой болгох бодлого хөтөлбөрийг нэхдэг байх хэрэгтэй.
Г.БАТЗОРИГ
ЭДИЙН ЗАСАГЧ, ШИНЖЭЭЧ
Сэтгэгдэл