Онцгой комисс Амгалан станц орчимд ажиллаж байна


Онцгой комисс Амгалан станц орчимд ажиллаж байна

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автсан. Мөн үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн улмаар дошин бий болгосон нь иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй болохоос гадна ‘’Амгалан’’ ДЦС-руу хөрсний ус хальж орох хүнд нөхцөл байдал үүсээд байна.

Иймд Баянзүрх дүүргийн наймдугаар хороо ‘’Амгалан’’ ДЦС орчимд үүсээд буй нөхцөл байдлыг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүүгээс тодруулахад: ‘’Амгалан дулааны станц нь Баянзүрх дүүргийн бүх дулааны асуудлыг шийдвэрлэж, дулаанаар хангаж байгаа улсын онцгой объект. Иймд үүсээд буй нөхцөл байдалд дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц боломжийг ашиглан ажиллаж байна. Түүнчлэн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газраас нэг экскаватор, 3 хог тээврийн машин гаргасан бол УСУГ-аас нэг молтоктой экскаватор гарган мөсийг цэвэрлэж, тогоолж, усны урсацыг тосож авах арга хэмжээг яаралтай авч байна. Улсын Онцгой объектын үйл ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай тул Нийслэлийн Онцгой комиссод үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан шаардагдах төсвийн тооцооллыг хийж хүргүүллээ. Амгалан дулааны станц усанд автсан тохиолдолд дүүрэг тэр чигтээ дулаангүй болж улсын хэмжээний онцгой байдал зарлах аюултай тул дүүргийн Онцгой комиссоос өөрсдийн нөөц бололцоогоороо шаардагдах дайчилгааны тоног төхөөрөмжийг ашиглан ажиллаж байна’’ гэсэн юм.

Дашрамд, булгийн ус халиа үүсгэсэн бусад хороодод дүүргийн холбогдох албаны хүмүүс тогтмол ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.