Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлджээ. Цагаан сарыг угтаж үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарсан байна. Тухайлбал, Хүннү молл, Дүнжингарав худалдааны төв, Ялалтын талбай, Мишээл экспо гэх мэт худалдааны төвүүдэд цагаан идээ болон нарийн боов, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн өргөн сонголттойгоор худалдаалагдаж байна.
Харин “Нарантуул” зах дээр урд хөршөөс оруулж ирсэн эрээн мяраан бэлгийн бараа гэж их. Түм түжигнэж, бум бужигнаж байна. Үзэсгэлэн худалдаанаас илүү иргэд, ялангуяа хөдөөнөөс сар шинэдээ бэлтгэхээр орж ирсэн хүмүүс “Нарантуул” захыг тойрч гороолж, бараг нүүлгэх нь ээ.
Ингээд өчигдөр “Нарантуул” захыг зорьж сурвалжлага хийлээ. Сар шинэ дөхөхөөр юмны үнэ хөөсөрч, нэмэгддэг. Сүүлийн үед юань 397 хүрч, юмны үнэ хэтэрхий их өсчээ. Худалдагч нар “Юаны үнэ өссөн байхад ийм үнэтэй зарахгүй гээд яах юм бэ” гэж зарим нь уурлаж, зарим нь учраа хэлж байв.
Гэхдээ жилд хэдэн монгол мөнгөө хэдэн тэрбумаар юань болгож урд хөрш рүү гаргаж, Эрээний эдийн засгийг тэтгэж, Монголынхоо эдийн засгийг тэг болгоод байна гэж шүүмжлэхээс өөр зүйлгүй нь харамсалтай.
Өчигдөр өдөр 14.00 цагийн үед “Нарантуул” зах ороход хүн ч, машин ч битүү байв. Том том тор барьсан хүмүүс олон.
Тэр их хүмүүсийн хажуугаар “Мянгын бараа байна. Монгол бараа байна. Бараа бөөний үнээр, цар таваг бөөний үнээр зарж байна шүү. Хоёрыг авбал нэг үнэгүй” гэх мэтээр худалдаачдын ам хуурайгүй орилно.
Захын төв хаалганы хойд хэсгээр битүү бэлгийн дараа дэлгэгдэж, мөн захын баруун тал буюу “Баялаг ундраа” төвийн зүүн талаар хойшоо мөн эгнүүлэн тавьжээ. Ихэнх нь аяга шаазан, гоёмсог хийцтэй цар таваг харагдана. Мөн эрэгтэй эмэгтэй цамц, өмд, тэлээ, хүүхдийн хувцас, тоглоом гээд байж болох бүх зүйл байна.
Гял цал өнгө, үзэмжтэй тансаг харагдах бэлгийн бараа бүтээгдэхүүн бүгд урдаас оруулж ирсэн нь илт. Монголын үйлдвэрийн гэх бүтээгдэхүүн арай үнэтэй харагдана. Жишээлбэл, Хятадын өмдний тэлээ 2500 төгрөгт бөөндөнө гэж байхад хажууд нь Монголын арьсан ширэн тэлээ 35000 мянган төгрөгийн үнэтэй байх жишээний.
Мөн үндэсний өв соёлыг бэлгэдэг тоглоом наадгайнууд ч үнэтэй харагдав. Алаг мэлхий гэхэд 40 мянган төгрөг. Эрийн гурван наадмын зурагтай зузаан шаазан аяга 1 ширхэг нь 5000 төгрөг, “Янмал,” “Тод” зэрэг оймсууд 5000 дээш үнэтэй байх жишээний. Мөн 1000 төгрөгийн монгол бараа гэж байна. Түүнд нь түлхүүрийн оосор, гар урлалаар хийсэн охидын үсний боолт, машины шилний алчуур байх жишээтэй. Монгол цар таваг хосоороо 60 мянга, дангаараа 30 мянга гэж байв. Өнгөрсөн долоо хоногт Нарантуул зах дээр тавгийн идээний модон цар 20 мянга гэж байсан бол ийнхүү 10 мянгаар нэмэгджээ.
Иргэдийн голлон авч байгаа бэлэг бол гоо сайхны бараа бүтээгдэхүүн, бөс барааг их авч харагдав.
“Баялаг ундраа” дотор Солонгосын гоо сайхны бараа бүтээгдэхүүн дэлгэсэн байв. Даанч бүтээгдэхүүнүүдийнх нь үйлдвэрлэсэн он сар, дуусах хугацаа нь байхгүй талаар худалдагч залууд хэлтэл ихэд уурлаж “Авахаа байчихгүй ямар ядаргаатай юм бэ” гэж ундууцав. Ийнхүү хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг иргэд бэлгэнд явуулах юм чинь ямар хамаа байсан юм бэ гэсэн хандлагаар авдаг байх даа гэж бодогдов.
Ер нь бараа бүтээгдэхүүнүүд энгийн байх үнээсээ илүү үнэтэй байв. Яагаад ийм үнэ өртөгтэй байгааг асуухаар “Цагаан сар дөхсөн. Юань өссөн” гэх мэт хариултаас өөр юу ч хэлэхгүй юм.
Ингэж цагаан сарыг угтаж бараа бүтээгдэхүүний үнэ хөөсөрсөн байдалтай байна.
Дээлний үнэ өнгөрсөн жилийнхээс өсчээ
Ингээд захын дээлний хэсгээр орж, өнгө үзэмж, үнэ өртөг загварыг нь сонирхлоо.
Монгол түмний нэрийн хуудас болсон үндэсний дээл “Нарантуул” худалдааны төвийн лангууг өнгө загвараараа чимжээ. Хүн ч их хөл зөрөх ч зайгүй байв.
Энгийн монгол дээлний загвартай, булга болон таримал үсэн оруулгатай, тод өнгийн дээлнүүд зонхилж байв. Дээлний үнийн хувьд материал, загвар, дотортой доторгүйгээс хамаараад харилцан адилгүй байна.
Булган оруулга эмжээртэй, дэгжин хээнцэр загвартай энгийн дээлнүүдийг 190-200 мянган төгрөгөөр зарж байв. Гоёлын дан дээл 100-340 мянган төгрөгийн хооронд байна.
Харин булган оруулгагүй, хийц сайтай энгийн дээл 180 мянган төгрөгийн ханштай байна. Дээлний хамгийн доод үнэ 120 мянга, харин монгол загварын нимгэн цамцнуудыг мөн л материал, гоёл чимэглэлээс хамаараад 60-120 мянган төгрөгний хооронд худалдаалж байв. Хүүхдийн дээл болон хос морин цамц өмдний үнэ нэмэгджээ.
Өнгөрсөн жил хүүхдэдээ 35 мянгаар авч байсан хослол өнөө жил 55 мянга болтлоо өсчээ. Хүүхдийн хантаазтай дан дээлүүд 90-150 мянган төгрөг байна.
Сүүлийн үед гэр бүлийн гангараа болоод буй хос дээлүүд 380-550 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. Дээлийг зөвхөн торгоор хийдэг гэсэн хандлага сүүлийн үед багасчээ. Өөрөөр хэлбэл, биед эвтэйхэн байдлыг бодож энэтхэг торго, солонгос даавуу, пүүсүүгээр дээл, монгол цамц хийлгэх нь түгээмэл болж. Эдгээр нь эдэлгээ удаантай байдаг учраас хүмүүсийн сонирхолд их нийцдэг тухай худалдаачид хэлж байлаа.
Дээлний хамгийн чухал гангараа нь мэдээж бүс, малгай байдаг. Эрчүүд дурдан болон луун хээтэй, торгон бүсийг илүүд үзэж сонгож байв. Бүсний хийц, загвар, материалаасаа шалтгаалаад хамгийн дээд тал нь 10 сая төгрөгийн үнэтэй байна. Харин эмэгтэй ширэн мөнгөн бүс 700 дээш үнэтэй байв.
Хүн ихтэй газраар хулгайч нар олон байна
Баяр ёслол болон хүн ихтэй хөлийн газраар халаасны хулгайчид ид ажилдаа гардаг. Хүний анхаарал сарниулж, хараа хяналтгүй байдлыг нь далимдуулж, халаасыг нь ухах, цүнхийг нь хулгайлах зэрэг үзэгдэл томоохон худалдааны төв захууд дээр гарах нь цөөнгүй.
Өчигдөр гэхэд “Нарантуул” зах дээр хөдөөнөөс ирсэн эхнэр нөхөр хоёр хүүхдэдээ авсан дээлээ алдчихсан явж байв. Худалдаж авсан газар дээрээ эргэж очиход “Та хоёрт торонд хийгээд явуулсан шүү дээ. Өөр газар тавиад алдчихсан байна шүү дээ” гээд халгаасангүй. Нөхөр нь тортой юмаа барьж явж байгаад малгай үзэх гэж малгайны тасаг руу барьж ороод хаана тавьснаа санахгүй байна гэжээ.

Ийнхүү хөдөөнийхнийг андахгүй, анхаарлыг нь сарниулж байгаад хулгай хийж байгаа тул иргэд сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг анхааруулъя.
Цагаан идээ үнэтэй байна
Цагаан идээгээрээ алдартай Архангай аймгийн малчид нийслэл хотын дүүрэг бүрт цагаан идээнийхээ үзэсгэлэн гаргаж байна.
Тухайлбал, өчигдөр Ялалтын талбайд үзэсгэлэнгээ гаргажээ. Архангай аймгийн зургаан сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа иргэдийн идээнээс НМХГ-аас дээж авч шинжилгээнд хамруулахад шинжилгээгээр эерэг хариу гараагүй байна. Өөрөө хэлбэл тухайн бүтээгдэхүүнүүд чанарын шаардлага хангасан гэх дүгнэлт гарсан байна.
Гэхдээ цагаан идээ үнэтэй байна. Аргагүй дээ, жилдээ нэг удаа цагаан идээгээ зарах боломж малчдад олддог болохоор тэр биз.
Сарлагын сүү гэхэд нэг литр нь 3000 төгрөг, тогооны өрөм хамгийн жишиг нь 3000, уг нь хэдхэн хоногийн өмнө 2500 төгрөгөөр зарагдаж байсан бол ийнхүү 500 төгрөгөөр нэмэгджээ. Мөн том нь 13000 төгрөг байсан бол 15-18 мянга болтлоо өсчээ. Ааруулнууд янз бүрийн үнэтэй. Сүүн ааруул нь 20 мянган төгрөг, хорхой ааруул 15 мянгаас дээш үнэтэй. Цагаан тос нэг кг нь 12 мянган төгрөгөөс дээш үнэтэй, Идээний ааруул хийц, тооноосоо хамаараад 220-380 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв.
О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл