Венесуэлийн газрын тосны төрийн өмчит PDVSA компанид эдийн засгийн хориг тавьж, $7 тэрбумын хөрөнгийг нь битүүмжилж байгаагаа АНУ-ын сангийн яам өчигдөр зарлалаа.
Сангийн яамны мэдэгдэлд “засаглалын эрх мэдлийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх хүртэл” хориг үргэлжлэхийг заажээ.
Хоригийн үр дүнд АНУ дахь PDVSA компанийн $7 тэрбумын дүнтэй хөрөнгийг битүүмжлээд зогсохгүй ирэх нэг жилийн хугацаанд хийгдэх байсан $11 тэрбумын газрын тосны экспортыг нь зогсоож байна.
АНУ одоо Венесуэлиэс их хэмжээний газрын тос худалдаж авдаг. Гэвч Венесуэлийн газрын тосны нийлүүлэлт зогссоноор Америкийн эдийн засагт их нөлөө үзүүлэхгүй гэдгийг мэдэгдэлд тайлбарлажээ.
Хоригийг зарлах үед нэгэнт хийгдсэн газрын тосны төлбөрүүд битүүмжлэгдсэн дансанд шилжих бөгөөд Гуайдог засгийн эрх авах үед Венесуэль руу шилжих ажээ.
Сүүлийн өдрүүдэд Өрнөдийн орнууд ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмд дарамт шахалт үзүүлсээр байгаа. Тухайлбал Bank of England саяхан $1.2 тэрбумаар үнэлэгдэх Венесуэлийн алтны нөөцийг Каракас руу шилжүүлэхээс татгалзсан юм.
Их Британи болон Европын бусад гүрнүүд Мадурод ээлжит бус, чөлөөт сонгууль явуулах найм хоногийн хугацаа өгөөд байгаа. Хэрвээ дурдсан хугацаанд сонгууль зохион байгуулагдахгүй бол эдгээр орнууд Хуан Гуайдог тус улсын хууль ёсны удирдагчаар хүлээн зөвшөөрөх юм.
Венесуэль улс нь 300 гаруй сая баррель газрын тосны нөөцөөр дэлхийд нэгдүгээрт ордог.
Эх сурвалж: Russia Today
https://ikon.mn/n/1ho0
Сэтгэгдэл