ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛ-ТОМ ГҮРНҮҮДИЙН ТОГЛООМ
Парламентын засаглалтай орнуудын сонгодог жишээ болгон Английг нэрлэх нь олонтаа. Ардчилсан төр, засгийн үлгэр жишээ нь Английн төрийн байгуулал үнэндээ мөн үү? "Их Британийн үндсэн хууль” гэж оноож нэрлэсэн тусгай ном, товхимол байхгүй.
Парламент нь хоёр танхимтай гэвч дээд танхимын гишүүд нь сонгуулиар тодордоггүй, зөвхөн доод танхим нь сонгуулийн үр дүнд бүрдэг. Засгийн газраа "Хатан хааны засгийн газар” гэж албан ёсоор нэрлэдэг. Английн улс төрийн намууд парламентаасаа төрж гарсан юм. Намууд нь зөвхөн хөрөнгөтний давхрааны бүтээгдэхүүн. Түүхэн талаасаа ч өнөөдөр ч тийм шинжтэй.
Их Британийн улс төрийн амьдралд хатан хааны нөлөө тун их. Парламентын доод танхим улс төрийн институцийн хувьд нэр хүнд муутай, хэврэг, хялбархан тарааж болдгоороо нэлээд шоовдорлогдмол гэхээр байр суурьтай. Төлөөлөгчдийн танхимаараа "тоглох” нь байнгын шахам...
Хатан хаан, сурвалжит язгууртнууд л төр засгаа жинхэнэ утгаар нь зайдагнаж иржээ. Хамгийн дээд сурвалжит язгууртан нь хатан хаан өөрөө, түүний гэр бүлийнхэн. өмнөх бүх уламжлалаа хадгалж, хэрэгтэй үед нь сэргээн хэрэглэж байхын тулд хааны эрх ба нэр төрийг зориуд хэвээр нь шахам үлдээж чадсан нь олон утга учрыг агуулдаг.
Английн сурвалжит язгууртнууд болон баячууд нэгдүгээрт, улс үндэстэн дотроо хэрхэн, яаж хуваарьгүй ноёрхож байх, хоёрдугаарт, колоничилж байсан, хараа нөлөөндөө барьж, мөлжиж байсан харь улс орнуудыг хэрхэн, яаж шинэ шилмэл аргаар үргэлжлүүлэн мөлжиж завших вэ гэж л бодлогоо боловсруулж иржээ. Тэдний амжилттай хэрэглэж чадаад, бас бусад мөлжигчдөд туршлага болгон нэвтрүүлсэн нэг шилмэл арга бол эзэн байсан орны хүчинд дулдайдан байгуулагдсан улс төрийн нам ба мөнхүү намынхан олонх болсон парламент, тэрхүү парламентаас байгуулсан засгийн газар юм.
Колони, хараат, дагуул байсан бага буурай оронд төр ба нийгмийг ардчилж байгаа нэрээр улс төрийн олон нам байгуулагддаг
Эзэн байсан гүрэн ч энэ үзэгдлийг ихэд өөгшүүлдэг. Ардчилал нэрийн доор болж өгвөл анархизмыг буй болгохыг "эзэд” санаархдаг. Дараа нь хамгийн хуучинсаг, чамгүй анархи, луйвар ба авилгад эртнээс гаршсан нэг намыг сонгож аваад гаднаас нь тордож эхэлдэг байна.
Мөнхүү намыг тордсоор, ил далд дэмжсээр, улс үндсээ худалдаж чадах, далдуур сэм хуйвалдаж эх орноосоо урваж шарваж чадах хүмүүсийг удирдлагад нь гаргаж "тодруулдаг” ажээ. Эцэст нь ээлжит сонгуульд хэрэгтэй мөнгө гаргадаг нь "хилийн чанад дахь хатан хааны номер гурав, дөрөв дэх засгийн газар захиалга ёсоор бэлэн болох нь тэрээ...
Шинэ колоничлогч хуучин суудалдаа суучихдаг нэн хүчтэй, шалгарсан арга ингэж боловсрогджээ. Одоо энэ аргыг том, хүчирхэг улс үндэстэн бүр хэрэглэх болов.
Түүний мөн чанарыг тайлбарлая.
Дотоод дахь өрсөлдөөнөө ялж гарахын тулд гаднын хүчинд дам, далд дулдуйддаг хүчин бол гол төлөв улс төр бизнесийн элдэв бүлэглэл байдаг. Харин шударга, эх оронч хүн, үндэсний баатар, үндэстний эцэг, суут ухаантан хувь хүмүүс бол гагцхүү дотоодын хүчинд, ард түмнийхээ хүчинд л тулгуурлан гарч ирдэг, эргээд зөвхөн ард олондоо л үйлчилдэг жамтай. Ард түмнийхээ итгэлийг үйл амьдралаараа олж чадсан удирдагч, тэмцэгч хүн хэзээ ч урвагч болдоггүй. Гэтэл орчин цагийн намууд бол үнэхээрийн олон зүсмийн хүч, олон янзын бүлэглэлээс эхлээд дайсан хүртэлх интервалд оршигч нэгжүүд болж хувирчээ. Тэдний зарим нь эх орон, ард түмнийхээ хувь заяагаар хэдэн арван жил бүр зуун дамнуулан тоглож байна.
Гаднын, харийн хүч бүр тэгэхээс тэгэх гэж хамгийн бохир, бүдүүлэг нам ба хүчнийг дэмжиж, тэдний гараар могой бариулдаг байна. Байгалийн баялаг нь, мөн ард түмний бүтээсэн бүхэн нь гадагшаа хямдхан урсдаг, хил дотроо үлдсэн өчүүхэн хэсэг нь цөөхөн баячуудын гарт бүхлээрээ орчихдог байсаар байдаг ажээ. Нүд хуурах хэмжээний хөгжил, өөрчлөлт нь өч төчнөөн сөрөг үр дагаврыг зэрэгцүүлэн үүддэгээс болж жинхэнэ дэвшил ер гардаггүй байна. үзүүлэн төдий өрөөсгөл хөгжил, өөрчлөлт нь буцаад л унаж, ухарч байдаг. Хорь шахам нэрийн ашигт малтмал, эрдэс бодис олборлоод ч, тонн тонноор нь алт мөнгө экспортлоод ч жирийн иргэний амьдрал дээрддэггүй.
Нийт дэвсгэр нутгаараа тооцоход ам километр газарт 2-3 хүн ногдож байдаг ч гэсэн хот газар, дэд бүтэц хөгжсөн газарт жирийн иргэнд түц ч болов барих талбай ч олддоггүй. Бодлого, зохицуулалт хэрэг дээрээ огт байдаггүйгээс эцэст нь ард иргэдэд амьсгалах агаар ч хүрэлцэхээ байж.
Том намууд нь харь орны дэмжлэгтэйгээр ээлжлэн төрийн эрх барьж улс үндсээ үргэлжлүүлэн мөхөөж байдаг. Жижиг намууд, хувь хүмүүс, иргэний байгууллагууд тэдэнтэй тэмцээд ямар ч амжилт олдоггүй байна. Ийм дүр зураг Монголд нэгэнт бий болжээ.
АНУ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ СОНГОСОН НЬ
Үндсэн хууль боловсруулах болон төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улс төрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ.
Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байв. АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа улс төрийн амьдрал нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVIII зууны эцэс дэх үндсэн хуулийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж үндсэн хуулиа боловсруулжээ.
Анхны үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штабын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35- 81 насны хүмүүс байв. Тэд Ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ. Парламентын хоёр танхимын хатуу хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж үзсэн байдаг. 1787 оны есдүгээр сарын 17-нд баталсан АНУ-ын үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл байв.
АНУ дахь улс төрийн нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүх бий. Посткоммунист зарим орны байдлаас үзвэл заримд нь Оросын нөлөө эргэн ирж байна. Заримд нь өөр нэгэн хүчирхэг улсын нөлөө, хамаарал тогтох төлөвтэй байна. Манайд ч гэсэн мөн Хятадын болон Оросын тагнуул туршуултай намын сураг чимээ сонсдох болжээ.
Нам шиг намын нэгэн үндсэн шинж бол зөвхөн улс үндсээ л гэдэг. Монгол оронд маань, монгол үндэстэнд, монгол хүнд бүхнээс эрхэм, бүгдээс дээгүүр гэж гуйвалтгүй тооцдог, тэмцдэг чанар байдаг.
БОЛОХГҮЙ БАЙГАА ЗАСАГЛАЛЫГ ХАЛЖ ӨӨР ХУВИЛБАРЫГ ТУРШИЖ ҮЗЬЕ
Харин монголчууд бидний хувьд аль нь зөв бол оо. Манай залуусын дийлэнх нь, нэг хүнийг урвуулахад амархан, харин 76 хүнийг бол урвуулах боломжгүй гэсэн хэтэрхий хялбархан тайлбар хийдэг. Гэвч одоо асуудлыг ердийн олонх буюу 19+1 хүн шийддэг болсон шүү дээ. Энэ бас болчимгүй ажил билээ. Монголын төр залуужихынхаа хэрээр л алдаа олныг хийж ирсэн түүхтэй. Английн төр, засаг одоо Америк тив орчмоос жижиг, арал, ольтрог мэтийг ч болов нөлөөндөө авах гээд чаддаггүй юм. Түүний эсрэг дархлаа ийнхүү сайн тогтжээ. Монголчууд бид харин яавал дээр вэ гэж 26 жилдээ бодоцгоосоор л сууна.
Одоо ч гэсэн 20-30-аараа нэгдээд ийм тийшээ савлацгааж л байна
Цаашид бас үргэлжлүүлэн бодохоос өөр арга өнөөдөр алга байна. Зарим оронд сулхан төр засгийн нөхцөлд ардчилал түлхүү хөгжиж байхад нөгөө хэсэг оронд чанга, хүчтэй төр засгийн үед ардчилал илүү хурдацтай байна. Ингэхлээр ардчиллын хувь заяа төв төрийн чанга, сулаас төдийлөн хамаардаггүй байна. Олон нам, олон сонирхлын цуглуулга мэт байдаг парламент нь бизнесийн том бүлэглэлийн нөлөө, шахаа, лоббид элдвээр өртөж тэдний захиалгаар хууль гаргаж хүн амын зөвхөн чинээлэг, баян давхрагад үйлчилж эхэлдэг.
Парламент дахь ийм завхрал, гажуудалд ерөнхийлөгчийн хориг л садаа болж, засвар оруулж байдаг. Ард олныхоо жинхэнэ эцэг нь, ивээгч нь болж чадах ерөнхийлөгч буй нөхцөлд намчирхлын гай багасч, хүчтэй ерөнхийлөгч улс төрийн нам бүрээс чадварлаг, шударга хүмүүсийг сонгон авч багаа бүрдүүлэх боломжтой болдог. Жижиг орны хувьд энэ нь их чухал.
Нийгэм хөгжиж хүн амын мэдлэг, боловсрол, дээшлэх хэрээр төрд үзүүлэх иргэний нийгмийн нөлөө нэмэгдэж, үр дүнтэй болсноор төр засаг иргэдийн захиалга даалгаврыг биелүүлэгч болж хувирах учиртай. Засгийн газрууд нь ганц парламентын төдийгүй судалгааны болон иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээлийнхний хяналт дор ажиллах ёстой.
Хөгжлийн ийм чанар, түвшинд хүрэхэд тухайн орон, тухайн нийгэмд төрд нь засаглалын ямар хэлбэр зохимжтой талаарх асуудал маш чухал. Болохгүй байгаа хэлбэрийг халж өөр хувилбарыг туршиж үзэх нь алдаа биш. Бид сонгосон юм, бидний төлөөлөл шүү дээ гээд парламентад сохроор итгэж болохгүй нь өнгөрсөн 26 жилийн туршлагаар нотлогдлоо. Бэлгэдлийн гэгдэх ийм тогтолцооны нөхцөлд авлига газар авч, лобби цэцэглэдэг нь ч тодорхой боллоо.
Одоо төрийн байгууламжаа өөрчлөх үү, төрд ажилладаг бүх хүнээ солих уу. өөр хувилбар байгаа юу 2016 оны сонгуулиар "хувьсгал” хийчих боломж уг нь хаяанд ирлээ л дээ. 1990 оноос өмнө байсан нэг намын гэхээр тогтолцоо дахин төрчихөөд сурсан, дадсан аашаа гаргаж эхэлж буй нь ч тодорхой болчихлоо. Энэ чинь бидний өмнө нь туршиж үзсэн тэр л төрийн үнэн дүр зураг байна шүү дээ. Гэнэхэн сонгогчид минь...
Д.Чулуунжав /Судлаач, професор/
Зууны мэдээ
Сэтгэгдэл