ХЭН, ЮУ ХЭЛЭВ


 
С.Бямбацогт: Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй
 
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа билээ. Тодруулбал, УИХ-д жагсаалтаар нэр дэвших эрх авах 28 мандатын тоог бууруулж, зургаан мандатыг нийслэлийн зургаан дүүрэгт тус бүр нэг нэгээр нэмэх өөрчлөлт оруулахаар болсноо мэдэгдсэн. Ингэснээр нийслэлд амьдарч буй 1.4 сая иргэн УИХ-д бүрэн төлөөлөлтэй болно гэж үзсэн билээ. Тэгвэл хуулийн төслийн талаарУИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "itoim.mn” сайтад өгсөн ярилцлагадаа "Сонгуулийн хуулиа дуртай үедээ хэн ч хамаагүй өөрчлөөд байвал эх захгүй асуудал үүснэ. Сонгуулийн хуульд ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байхгүй ч НҮБ-ын Хүний эрхийн конвенцитэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолд ээлжит сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. Гишүүн бүр өөрт таалагдах заалт оруулна гэвэл 76 гишүүн 76 хуулийн төсөл өргөн барина. Хэрэв сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна гэвэл би ч гэсэн 76 жижиг мажоритар тойрог больё гээд хуулийн төсөл өргөн барихад бэлэн байна. Ард иргэд чинь хүнээ сонгоё гээд явахад бэлэн л байгаа. Тэгэхээр МАН дэмжихгүй” хэмээн ярьжээ. Мөн гуравдугаар сарын дундуур зарлах товтой байгаа ээлжит бус чуулганаар улс орны нэн чухал асуудал хэлэлцвэл орно. Харин сандал суудлын томилгоо ярьвал оролцохгүй гэдгээ мэдэгдэв.
 
 
Ж.Батзандан: Булган өмгөөлөгчтэйгээ байнга уулзахыг хүссэн

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан талийгаачийн гэргий Б.Булганыг цагдан хориод гурван cap гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан билээ. Тэгвэл энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон ажлын хэсгийнхэн Улсын прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Булгантай уулзаж, түүний биеийн байдал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Булганы ээж Байгалийн өгсөн өргөдлийн дагуу Төв аймгийн Цагдан хорих төвд очиж иргэн Булгантай уулзалт хийлээ. Хоёр хуулийн хэрэгжилтэд хяналт тавьсан. Нэгдүгээрт, Сэжигтэн яллагдагчийг цагдан хорих тухай хууль, хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдгийг шалгасан. Булганы биеийн байдал харьцангуй гайгүй байна. Хоригдож байгаа байрны нөхцөл байдлын талаар өөрөө ямар нэгэн гомдол байхгүй гэсэн. Гэхдээ хоёр хүсэлт тавьсан. Өмгөөлөгчтэйгээ тогтмол, долоо хоногт дор хаяж нэг удаа уулзмаар байна гэсэн. Мөн унших ном, сэтгүүл тогтмол оруулж өгөөч гэсэн. Өөр надад санаа зовох зүйлгүй. Бүх зүйл шударгаар шийдэгдэнэ гэдэгт итгэж байна гэж хэлсэн. Өргөдлийн байнгын хороо Хяналтын прокурорт Булганы саналыг дамжуулна. Мөн гэр бүлийнх нь хүмүүстэй уулзана” хэмээн ярьсан юм.

Л.Оюун: Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна

Төрийн ордонд "Орон сууц, ипотекийн зээл болон малчны, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаар зарим асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болон. Тэгвэл энэ хэлэлцүүлэгт оролцсон МУИС-ийн багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Оюун "Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” хэмээн ярьсан. Тэгвэл энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ер нь тэтгэврийн ахмад настнууд гэр орноо тэжээж байна. Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь хүчээр тэтгэврийн зээл авахуулдаг юм байна. Ингэхээр өндөр настнууд маань жинхэнэ ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат болж байна. Энэ талаар зөвхөн бид гэлтгүй банкны салбарынхан маань ч ярих хэрэгтэй. Энэ зээлийг олгох хэрэг байгаа юм уу, үгүй юм уу. Зорилго нь ахмадуудын хэрэгцээг хангах байтал ард нь байгаа, хажууд нь суугаа залуучуудын хэрэгцээг хангаж байна. Иймд ахмадуудыг мөнгөтэй, хэрэглээтэй байлгахын тулд зээлийг зогсоосон ч болно. Ядаж cap болгон хэдэн төгрөг авч өөрсдийн хэрэгцээндээ зарцуулах эрхтэй байх ёстой шүү дээ. Тэгэхгүй болохоор хөөрхийс яаж амьдрах юм. "Ард нь хүчирхийлэл байна” гэдэг судалгааны дүн ч гарсан байгаа. Үүнийг төр засаг анхааралдаа авах цаг болсон. Эсвэл тэтгэврийн зээл үнэхээр олгох нь зөв гэж үзэж байгаа бол ядаж цаана нь cap болгон авах бага хэмжээний ч болов мөнгөн орлого үлдээдэг баймаар байна. Ядахдаа 20 хувийг нь зээлээр, үлдсэн 80 хувийг нь cap болгон олгодог байя. Энэ саналыг зүгээр нэг хэлж байгаа хэрэг биш шүү. Манай профессорын баг "Тэтгэврийн зээлийг хэн авч байна. Юунд зарцуулж байна. Ямар зорилготой авав” гэдэг сэдвээр судалгаа явуулсан. Тэгээд үзэхэд зориулалт нь хэрэглээ байсан. Гэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байгаа дун гарсан. Олонхи нь тэтгэврээ бараг сардаа авч үзээгүй. Гол нь Улаанбаатар хотын ахмадууд өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог. Мөнгегүй хүмүүс яах вэ хотоор өдөржин дэмий тэнэдэг юм байна. Азаар автобус нь үнэгүй. Хоол идэж, цай уусан ч юм байхгүй. Тэгээд орой үр хүүхдээ, нөгөө хүчирхийлдэг хүмүүсээ гэртээ ирэхээс нь өмнө очиж, унд хоолыг нь бэлтгэдэг байх жишээтэй. Ийм жишээ олон гарсан. Энэ бол үнэхээр аюултай үзэгдэл байхгүй юу” хэмээн ярьсан байна. Харин банкуудын хувьд эдгээр зээлийн хүүг бууруулах нь өөрөө эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
 
С.Оюун: АН- тай нэгдэх асуудпыг орон нутгийн гишүүд шийдвэрлэхгүй

Өнгөрөгч хоёрдугаар сард АН- ын зүгээс ИЗНН-д нэгдэх санал тавьсан билээ. Энэ асуудлаар хоёр намын зүгээс ажлын хэсэг гаргаж хуралдсаны дүнд Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэх эхлэл тавигдаж, санамж бичигт гарын үсэг зурсан. Сүүлийн өдрүүдэд зарим орон нутгийн ИЗНН-ын хорооны гншүүдийн зүгээс АН- тай нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайлбал, өчигдөр ИЗНН-ын зарим гишүүд АН-тай нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар ИЗНН-ын дарга С.Оюун "Иргэний Зориг Ногоон намын Улс төрийн Зөвлөл энэ сарын 2-ны өдөр хуралдсан. Хуралдаанаар тус нам АН- тай нэгдэх эсэх асуудлаар гишүүдийн хэлэлцүүлгийн явцыг хэлэлцсэн байгаа. Одоогоор нийслэлийн таван дүүрэг, зургаан аймгийн намын байгууллагууд хэлэлцүүлгээ хийгээд байна. Бусад орон нутгийн намын байгууллагууд гуравдугаар сарын 5-ны дотор хэлэлцүүлгийг хийж ирүүлэх юм. Тэгэхээр процесс явагдаж байна гэсэн үг. Энэ сард болох Үндэсний хурлаар намын Их хурлын товыг зарлана. АН-тай нэгдэх эсэх асуудлаарх эцсийн шийдвэрийг  намын Их хурлаас гаргахаас биш аймаг орон нутгийн ИЗНН-ын хороод шийдвэрлэхгүй. Харин тэднээс ирсэн саналыг эцэслэн дүгнэж байж нэгдсэн шийдвэр гарна. Гишүүдийн хэлэлцүүлэг, намын Их хурлаар асуудлыг хэлэлцэх зэрэг нь Улс төрийн намын тухай хууль бол ИЗНН-ын дүрмийн шаардлагын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа юм. Тэгэхээр эцсийн шийдвэрийг намын Их хурал гаргана.
 
Монголын мэдээ
Б.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.