Ц.Шинэбаяр:Сонгуулийн хууль Оюутолгойн луйврын үргэлжлэл боллоо


Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-Парламентад суудалгүй намууд Сонгуулийн тухай хууль хуйвалдаан болсон хэмээн байр сууриа илэрхийлсэн. Шүүмжлэх ямар үндэслэлүүд байна?

-Сонгуулийн хуулийг бүхэлд нь авч үзвэл, хуйвалдаан, хууль бус зүйлээр дүүрэн болжээ. Тиймээс энэ хуулийг  Оюутолгойн луйвар-дээрмийн үргэлжлэл гэж ойлгож болно. Яагаад хуйвалдаан гэж үзэж байна гэвэл, хоёр том нам хоорондоо тохироод хийчихлээ.  Ардын нам   эхэндээ  хар машинаас татгалзъя, татгалзаж чаддаггүй юм бол ядахдаа 100 хувь хяналтын тооллого хийе гэсэн санал тавьсан. Энэ асуудлаар парламентад суудалгүй бусад намтай нэгдэж, нэгдсэн  нэг хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулсан. Гэтэл Ардын нам үүнээсээ татгалзаад шууд Ардчилсан намын  гаргаж ирсэн сонгуулийг  хар машинаар явуулъя, гараар тоолохгүй байя, хяналтын тооллого хийхийг болиулъя гэсэн саналыг дагаад алга болж өгсөн. Өөр нэг аюултай зүйл нь Ардын нам Ардчилсан намынхны оруулж ирсэн сүүлийн гурван жил Сонгуулийн тухай хууль дээр яригдаж байсан концепцийн зарчим дотор байхгүй заалтыг оруулж ирсэн.

-Тэр нь юу билээ?

-Мажоритар, пропор­циональ системээр явуулах хоёр санал тусдаа явагдаж, эцэст нь нийлээд сонгуулийн дүн гардаг байсныг АН хуулийн төсөл дотор өөрчлөхдөө пропорционалиар оруулж ирээд мажори­тараар түгжээ хийхээр болгочихлоо. Өөрөөр хэлбэл, мажоритараар нэг ч суудал аваагүй бол пропорционалиар хэчнээн хувийн санал авсан ч хүчингүй, бүр 100 хувийн санал авсан ч хүчингүй гэсэн концепцийн маш том зөрүүтэй саналыг АН оруулж ирж,  хоёр нам хуйвалдаж  байнгын хороон дээр  тус бүр гурван гишүүн оруулан дэмжүүлж, Их хурлаар баталгаажууллаа. Энэ ар хударгаар зориуд  хийсэн зүйл.  Тиймээс энд дээд зэргийн хуйвалдаан, залилан мэхлэлт  явагдлаа гэж бид үзэж байгаа юм.

-Залилан мэхлэлт  гэдэг нь?

-Сонгуулийн хуулийг батлуулахын тулд   УИХ-ын дөрөвний гурвыг хууран мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хууран мэхлэлтийг гардан  явуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг чуулганд оруулж ирэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг уншихдаа  Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж уншсан. Их хурлын гишүүдэд яг хуралд орохын өмнө   эцсийн хэлэлцүүлэгийн материал гэчихээд  Сонгуулийн хууль  гэсэн материал тараасан. Гэтэл байнгын хороон дээр байгаа материал дотор шинэчилсэн найруулга гэсэн байгаа юм. Их хурлын гишүүд бүгд мэдэж байгаа. Нэгдүгээрт, хуулийн тодорхой нэг зүйл заалтыг өөрчлөх, хасах, нэмж байгаа тохиолдолд хуулийн нэмэлт өөрчлөлт гэж нэрлэдэг. Тухайн хуулийн нийт зүйл заалтын 50-аас дээш хувийг өөрчилж шинэчилж байгаа тохиолдолд шинэчилсэн найруулга гэж нэрлэдэг. Гэтэл өнгөрсөн  Сонгуулийн хууль нийтдээ 61 зүйл заалттай, саяынх нь 161 зүйл заалттай. Маш том шинэчилсэн найруулгыг хийчихээд, гишүүдэд тараасан материал дээрээс шинэчилсэн найруулга гэдэг үгээ авчихсан нь залилан мэхлэлт. Гишүүдийг залилж мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш бусад нь үүнийг зүгээр л нэмэлт өөрчлөлт гээд ойлгочихсон. Тэгээд хуулиа уншаагүй.

-Уншаагүй гэдгийг та яаж мэдсэн юм бэ?

-Уншаагүй гэдгийг юугаар баталж байна вэ гэвэл, хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр гэж Их хурлын дарга алхаа тогшсон. Гэтэл гишүүдээс санал гаргаж, хуулиа сайн уншаад 14 хоногийн дараа эцсийн найруулга сонсъё гэсэн шүү дээ. Хуулийг эцсийн найруулга сонсоогүй байхад батлагдсан өдрөөс хүчинтэй гэж үзэж болохгүй. Гэтэл ингэж байгаа нь өөрөө  маш том зөрчил. Тиймээс  энэ Сонгуулийн хуулийг гишүүд уншилгүй батлаад. Дараа нь уншаад, уншсан хойноо эцсийн найруулга хийх юм байна л даа. УИХ ингэж заваарч, арзаганаж байх хэрэггүй. Тэгээд ч хууль нь дотроо асар олон зөрчилтэй байгаа. Өмнөх хуулийн зүйл, заалтыг бүр дордуулсан. Уг нь хууль зарчмын хувьд  өмнөх хуулийн зүйл заалтыг дээрдүүлсэн байх ёстой. Гэтэл дордуулаад зогсохгүй маш том зөрчил, зүйл заалтуудыг  нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдлаар хийчихсэн. Манай гишүүд хэдийгээр хар машинаас уяатай, тархи толгой нь алсын удирдлагатай ч гэсэн монгол хүн учраас ийм хуулийн төсөл боловсруулахгүй. Би үүнийг сайн мэдэж байна. Тэгэхээр хуулийн төслийг гадаадад боловсруулж, дөнгөж орчуулж дуусаад, Их хурлын гишүүд уншиж амжихгүйгээр хугацаа шахагдаж баталсан нэр зүүчихлээ.

-Цаашид яах вэ?

-Улс төрийн намууд ярьж байгаад Үндсэн хуулийн цэцэд өргөн барих гэж байна.

-Бие даагчид  Сонгуулийн хууль өөрсдөд нь халгаатай болсныг хэлж байгаа. Та бүхэнтэй энэ асуудлаар нэгдэж байгаа юу?

-Энэ хууль сонгууль хугацаандаа явахгүй байхаар хийгдсэн шиг байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа болно гэсэн  Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, бүрхэгдүүлсэн, сонгуулийг хойшлуулж болох заалт бүхий хууль болсон байна лээ. Тиймээс зориуд муу хуулийг гаднаас захиалж, сонгуулиа хойшлуулах гэсэн заль мэх байж магадгүй.

-Ямар заалтуудаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байна вэ?

-Олон заалт байгаа. Алийг нь   өгөх вэ гэдгээ ярьж байна. Намууд тус тусдаа хандах санал ч бас гарч байна. Нэгдсэн саналд хүрэхээр хэд хэдэн удаа уулзаж ярилцаад байна. Хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн байгаа. Ахмад зүтгэлтнүүдийн Жудаг Монгол хөдөлгөөн бидэнтэй нэгдсэн. Тэд бас санал, дүгнэлтүүдээ гаргаж ирж танилцуулаад явж байна. Дараагийн бас нэг асуудал бол бид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Ёс зүйгүй, зөрчилтэй хуульд хориг тавих байх гэж харж байна.

-Хуулийн ажлын хэсэгт орсон гишүүдийн зүгээс дэвшилттэй зүйл заалтууд оруулсан гэж байр сууриа илэрхийлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Р.Бурмаа, А.Бакей нар сайхан хууль хийчихсэн мэтээр яриад байгаа. Сайхан юм огт байхгүй. Парламентад суудалгүй намуудыг, бие даагчдыг ялгаварлан гадуурхсан, шахалт үзүүлсэн маш олон зүйл заалт оруулсан. Түүнийгээ  их гоёор яриад, сонгуулийн ерөнхий зардлыг бууруулах гэсэн гэхчлэн тайлбарлаад байгаа. Үнэн хэрэгтээ тийм биш. Сонгуулийн сурталчилгааны хоногийг 18 гэж байгаа нь өмнөх хуульд байсан хугацаанаас 10 хоногийг хассан байгаа юм. Өөрөөр хэлбэл, парламентад суудалгүй намууд, УИХ-д анх удаагаа дэвшиж байгаа хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхсан. 18 хоногийн дотор тэд сурталчилгаа хийж амжихгүй. Одоо битон дээр зургаа хэвлүүлж,  нүүрс тарааж, клипэнд зургаа авахуулаад байгаа хүмүүстээ зориулсан хууль болчихоод байна шүү дээ. Нөгөө талаас, зардал багасна гэж яриад байх юм. Тэгсэн атлаа сонгуулийн хандив гэдэгт  иргэн гурван  сая төгрөг, аж ахуйн нэгж 15 сая төгрөг гээд оруулчихсан. Өмнөх хуульд иргэн нэг сая төгрөг гэж байсан. Гэтэл түүнийг гурав дахин өсгөсөн, өмнөх хуульд аж ахуйн нэгж гурван сая гэж байсныг тав дахин өсгөөд 15 сая гэж байх жишээтэй.

-Ямар аж ахуйн нэгж  бидний өгдөг хандивыг тав дахин өсгөөд өгөөч гэж АН, МАН-ын ажлын хэсэгт санал тавьсан юм бол?

-Тэрийг сэтгүүлч та бүхэн тодруулчихаарай.Уг нь иргэд, парламентад суудалгүй намууд ямар санал тавьсан бэ гэвэл, хар машиныг болъё, саналын хуудсыг 100 хувь гараар тоолъё, сонгуулийн зардлыг бууруулъя гэсэн. Хандивыг битгий нэмэгдүүлээч гэж хүссэн. Гэтэл бүгдийг нь эсрэгээр хийчихлээ. Хар машиныг тэр чигээр нь үлдээлээ. Үлдээдэг юм бол 100 хувь гараар тоолж баталгаажуулъя гэсэн чинь тоолохгүй гэлээ. Тоолохдоо хяналтын тооллого биш техникийн тооллого хийх юм гэнэ. Тэр саналыг А.Бакей, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар гаргасан. Ардын намын­хан дарга, цэрэггүй дагаж намирсан. Нөгөө талаас, пропорицоналиар авсан саналд мажоритараар босго тавьсан нь ч ийм зарчмаар явсан. Ингэж хоёр нам хуйвалдлаа. Бондоос авсан мөнгөөрөө жижиг тойргуудыг худалдаж авчихаад бусад намын авсан саналыг хүчингүй болгох  зүйл заалтыг  оруулж биднийг луйвардах гэж байна. Энэ бол Оюутолгойн булхай луйврыг хамгаалахын төлөө явж байгаа хоёр том намын хуйвалдаан, түүний үргэлжлэл нь юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.