УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа өнөөдөр тайлагналаа.
Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн онд нийтдээ 23774 иргэнээс 8076 хуудас бүхий 1715 өргөдөл ирүүлсэн байна. Үүний 70 хувь нь нийслэлээс бол үлдсэн 30 хувь нь хөдөө орон нутгийн иргэдээс ирсэн байна.
Өнгөрсөн оны намрын ээлжит чуулганаар 8800 гаруй иргэний өргөдлийг багцлан нөхцөл байдалтай танилцаж, хоёр удаа иргэд албан тушаалтнаас тайлбар авах хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Өргөдлийн байнгын хороо нийт дөрвөн удаа хуралдаж, зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Байнгын хорооны хоёр тогтоол, хоёр зөвлөмж гаргасан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 34, 35-р байр, Чингэлтэй дүүргийн Цагаан байрны оршин суугчдаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд Байнгын хороо "Засгийн газарт чиглэл өгөх тухай” 07 дугаар тогтоолыг баталсан.
Түүнчлэн иргэд, төрийн бус байгууллагуудаас ирсэн хүсэлтийн дагуу "Цэвэр агаарын сан”-гийн зохицуулалтын талаар зохион байгуулсан хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Байнгын хороогоор хэлэлцэж, "Цэвэр агаар сан” болон 2008-2018 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийгдэж байгаа гүйцэтгэлийн аудитын тайланг ирүүлэхийг чиглэл болгон ажилласан байна.
Дээрх чиглэлийн дагуу өнгөрөгч оны 10-р сарын 24-ний өдөр Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2018 онд "Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг тус Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар сонссон.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулжээ.
Ийнхүү агаарын бохирдлыг бууруулах асуудлыг төр, засгийн түвшинд онцгойлон анхаарч, цаашид цогц байдлаар авч үзэхээр төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.
Түүнчлэн Туул голын бохирдол, газар ашиглалт болон түрээсийн орон сууцын асуудлууд, агаарын бохирдол, тусгай хамгаалалт, уул уурхайн лиценз, ус бохирдуулсны төлбөр зэрэг иргэдээс их ирж байгаа санал гомдлыг авч хэлэлцэн, шийдвэр гаргах түвшинд ахицтай явааг ч мөн дуулгасан юм.
Сэтгэгдэл