Албан ёсны нэршлээр бол Монгол Улсын харьяаллаас гарч, иргэншлээ солиулсан буюу гадаад улс руу цагаачилсан иргэдийн тоо 2014 онд 85 байсан бол 2015 онд 129, 2016 онд 307, 2018 онд 490 болж өсчээ.
Эцэг эх, ах дүүсээ орхин, төрсөн нутгаасаа татгалзан харийн орныг сонгох шийдвэрийг тийм ч амархан гаргахгүй нь тодорхой. Олон дахин бодож, тал бүрээс нь судалж, ойр дотнынхонтойгоо зөвлөлдөж байж сонгосон энэ шийдвэрийг яагаад гаргах болов?
Бельги, Чех, Австрали эсвэл АНУ, бас Канад ирэх 3 жил 1 сая цагаач хүлээж авна гэдгээ албан ёсоор, дэлхий дахинд мэдэгдсэн. Дөнгөж гуч гарч буй залуу гэр бүл ч гэлээ бид сүүлийн 3 жил цагаачлах талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан тэр цагаас хойш гэсэн үг. Улсынхаа хамгийн сайн сургалттай, нэр хүндтэй их сургуулийг онцсайн дүнтэй төгсөж, мэргэжлээрээ нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа ч бид эх орноо биш харийн улсыг зорихыг хүсч эхэлсэн. Хүний нутаг, гүний хошуунд очиж одоо хийж буйгаасаа илүү хүнд хүчир ажлыг хийж, бүхнийг дахиад тэгээс эхэлнэ гэдэг шийдвэр гаргахад минь юу нөлөөлөв гэж үү? Амьжиргааны түвшингээрээ бол дундаж давхаргад, улсаас тогтоосон цалингийн доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин авдаг нөхөр бид хоёрын хувьд (декриттэй хугацаанаас бусдаар) ажилгүй суусан өдрүүд байхгүй. Залуусын дунд, нэн ялангуяа дээд боловсролтой, мэргэжил эзэмшсэн залуусын дунд ажилгүйдлийн түвшин өндөр байгаа цагт бид ажилтай ч эдийн засгийн хувьд дэгэн догонтой л явна. Ажилтай тулдаа л өртэй байна гэдэг шиг л. Ажилтай, цалинтай гээд санаа амар байх аргагүй. Учир нь энэ оны эхний өдрөөс Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлж, цаашид ч үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
НДШ-ээ шударгаар төлөх нь үнэндээ ирээдүйд авах эсэх минь тодорхойгүй тэтгэвэр, тэтгэмж гэсэн алсыг харсан бодлого бус харин аргагүйн эрхэнд хураалгаж буй зүйл.Арван жилийн өмнө буюу 2008 онд улсын хэмжээнд 100 гаруй мянган хүн тэтгэвэр авч байсан бол 2018 онд энэ тоо 410 мянга болтлоо өссөн.
Тодруулбал, 1960-аад оны хүн амын ид өсөлтийн үед төрсөн иргэдийн тэтгэвэр тогтоолгох нас ирсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгал болон Тэтгэврийн сан ачааллаа дийлэхээ больсон учир НДШийг нэмэгдүүлсэн юм. Жилд дунджаар 30 мянган хүн шинээр тэтгэвэрт гарч байна. Гэтэл Нийгмийн даатгалын санд жилд дунджаар 2 их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна. Сангуудыг дампууруулчихгүйн тулд шимтгэлийг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэдгийг сайд нь өөрөө тайлбарласан.
Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлахдаа “Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр” -ийг гаргасныг бид дагахаас өөр аргагүй. Ингэж байж энэ цаг үед тэтгэвэр авч байгаа иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг тасалчихгүй байхдаа анхаарч байгаа хэрэг. Харин ид амьдралаа эхлүүлж буй бидний үеийн залууст зориулагдсан зүйл нэгийг ч хэрэгжүүлээгүй, бас санаачлаагүй.Түрээсийн орон сууцны тухай яриа бол хүүхдээ унтуулахдаа ярьж өгдөг төгсдөггүй үлгэр шиг л зүйл. 2015 онд санагдаж байна, ТОСК-аас түрээсийн орон сууцанд залуу гэр бүлийг бүртгэнэ гэсэн зараар хаврын хавсарганд өдөржин шөнөжин дугаарлаж зогсоод өрхийн орлогоо нотлох НДД-ээсээ эхлээд Хороон Засаг дарга, цагдаагийн тодорхойлолт гээд 10 орчим бичиг баримт бүрдүүлэн өгсөн сугалаагаар оруулна гэсхийгээд сураг тасарсан. Сүүлд сонсох нь ээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадууд, цөөн тооны залуу гэр бүлүүд орсон гэж мэдэгдсэн байсан. Ажлын хажуугаар бизнес эрхлэе гэж төлөвлөн хөөцөлдсөн ч банкны зээлийн хүү өндөр учир ашигтай байх эсэх эргэлзээтэй болж эхэлсэн учир энэ санаагаа орхисон. Харин хамгийн бага хүүтэй олгодог ЖДҮ-г дэмжих сангийн зээл хэнд, хэрхэн олгогдож яасан ийсэн талаар одоо монголчууд бүгд мэддэг болсон байх.
Бизнесийн орчин таатай бус, эдийн засаг нь төрөөс хэт хамааралтай, тогтворгүй гээд албаны, сүрхий үгсээр биш энгийнээр бодоод, тайлбарлахад шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа үр хүүхдээ тэжээгээд заавал орон сууц, машин худалдаж авахгүй ч хоёр идэхгүй хоосон хонохгүй байх боломжуудыг минь төрөөс тухайн цаг үеэ аргацаан гаргасан шийдвэрүүдээр тогтоосон татварын нэмэгдэл, иргэн бүрт тараах мөнгө ирээдүйгээс минь хумсалсаар байдаг учир хоёр хүүхдээ дагуулаад бид цагаачилмаар байна. Учир нь тэр гадаадад иргэдийн зарим нь ялгаварлан гадуурхаж магадгүй ч гэлээ цагаачид ч хуулийн өмнө тэгш эрхтэй, нийгмийн халамж үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.
“Ийш ирэх гэж тавьсан өр зээлээ дарчихвал цалингаараа сайхан амьдарна. Хүүхдүүд чинь эндхийн хүүхдүүдтэй эрх тэгш цэцэрлэг, сургуульд сурч, сайн боловсрол эзэмшинэ. Агаар нь цэвэр, хоол хүнс нь эрүүл. Албан ёсны эрхтэй (визтэй) бол жилийн 0.2 хувийн хүүтэйгээр автомашин лизингээр авах болон бусад төрлийн зээлийн эрх нээгдэнэ” гэж Чехэд амьдардаг залуу хэлэв. Энд төрийн алба хашдаг байсан ч цалин нь 4 биенээ тэжээж хүрэхээргүй бага байсан, анх тавьсан 200 мянган төгрөгийн өр нь нэмэгдсээр нэг мэдэхэд 10 гаруй сая болсон, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсондоо л цагаачлахыг сонгосон гэх залуу хос энэ жил 30 настай. Чех улс руу монголчууд ихэвчлэн ажлын гэрээгээр буюу хөдөлмөр зуучлалын алба, тэнд үйлдвэрт олон жил ажилласан хүмүүсийн зуучлалаар ажиллахаар явдаг.
Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм.
Явсан бүхэн нь гэр бүлийнхнээ татах хүсэлтэй. Гэрээт ажилчны виз 2 жилээр гарч, сайн тууштай ажилласан бол 5 жилээр, түүний дараа 10 жилээр Европын холбооны улсуудад чөлөөтэй зорчих, бас амьдрах виз болон үргэлжилдэг учир хайрцаг, мах, автомашины сэлбэг гээд ямар ч үйлдвэр байсан сонгоно гэсэн зар Чех дэх монголчуудын группээр дүүрэн байх аж. Сарын 13000 крон буюу 1.3 сая төгрөгийн цалингийнхаа дунджаар 400 мянгийг нь түрээсэнд өгсөн ч үлдсэн мөнгөөр нь эрүүл бас хямд хүнс авч санаа зовох зүйлгүй тайван орчинд амьдрахаар Чех улсыг зоригсод зуучлалын хөлсөнд 1000-1500 евро төлдөг. Европын холбооны улсууд нийтлэг байдлаар Үндсэн хуульдаа гэр бүл нэгт буюу эцэг эх, үр хүүхдүүд хамт амьдрах ёстой гэж заасан байдаг нь таатай нөхцөл болдог. Эхнэр, нөхрийн аль түрүүлж ирсэн нь эхний 6 сарын турш эрүүл мэнд, нийгмийн даатгалаа бүрэн төлсөн, мөн хэрэгт орооцолдоогүй, цалин нь гэр бүлийнхнээ тэжээж хүрэхүйц байвал 6-10 сарын дараа хүүхдүүдээ татаж авч болно. Элэг бүтэн, энх тунх, нийгэм улс төр, эдийн засгийн ямар ч дарамтгүйгээр амьдрах нь бидний цөөхөн монголчуудын гэлтгүй хүн болж төрсөн бүхний нэн тэргүүний хэрэгцээ билээ.
Гадаад дахь монголчууд яагаад бидний нүдээр илүү жаргалтай, илүү эрүүл, илүү тайван амгалан, бас илүү сайхан амьдарч байгаа харагддаг гээч. Тэнд цалин өндөр болохоороо бишээ, цалин өндөр ч өртөг дагаад өндөр байгаа. Харин тэнд нийгэм, эдийн засаг нь илүү хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, тэнд “шодоргос” тогтносон, тэнд хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгдэж чаддаг, тэнд хүн ар гэртээ цаг гаргаж болохуйцаар бүхнийг зохицуулсан, тэнд хүүхэд залуусыг ирээдүйгээ гэдгийг хэдийнэ ойлгосон учраас тэнд хүмүүс илүү тайван, илүү сайхан амьдардаг юм.
Хоёрхон жилийн өмнө харьяа цэцэрлэг нь дүүрсэн гэж сонсоод хүүгээ ямар цэцэрлэгт оруулах вэ гэж санаагаа чилээж суусан зовлон ахиад хоёр жилийн дараа сургууль нь яах билээ гэдгээр солигдоно. Тэрнээс хойш хоёр жилийн дараа охины сургууль, ахиад хэдэн жилийн дараа хүүгийн орох их сургууль, эзэмших мэргэжил, тэгээд охиных гээд төгсгөлгүй үргэлжлэх санаа зоволт. (Бид хоёрхон хүүхэдтэй шүү дээ) Дунд нь улс төр хэд ч хувирч, ямар ч шийдвэр гараа билээ, эдийн засаг хямрах болов уу? Цалин нэмэгдэхгүй ч татвар нэмэгдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал яах билээ? Өнөөдөр бүх юм сайхан болсон ч унтаад сэрэхэд яаж ч эргэж магадгүй болохоор бид хүүхдүүдээ аваад цагаачилмаар байна. Гэхдээ бид тэр улсыг хөгжүүлэхийн төлөө биш, тэр улсыг хүчирхэг болгохын төлөө биш, хүүхдүүдээ аваад зугтахдаа гол нь биш учраас цагаачлах шийдвэрээ эцэслэж чадахгүй байна. Гэхдээ ...
Л.Эрдэнэжаргал
Сэтгэгдэл