Су Чигийн ойрын хамтран зүтгэгч Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо


 

Мьянмар улсын парламент улсынхаа Ерөнхийлөгчөөр их сургуулийн профессор, зохиолч "Ардчиллын төлөөх үндэсний холбоо" /АТҮХ/ намын дарга, Нобелийн Энх тайвны шагналт Ан Сан Су Чигийн хамтран зүтгэгч, дотны найз Тхин Жог сонголоо.

Тхин Жо 1962 онд цэргийн эргэлт хийсний дараа генералуудаас сонгогдоогүй анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

Мьянмар улсын телевизийн "Hluttaw” суваг /парламентын телевиз/ парламентын хоёр танхимын хамтарсан хурлыг шууд дамжуулсан байна. Тхин Жогийн төлөө парламентын депутатуудын 360 нь саналаа өгчээ. Нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр Үндсэн хуульд заасны дагуу парламентын 25 хувийг бүрдүүлдэг цэргийнхний фракцаас нэр дэвшигч, чөлөөндөө гарсан дэслэгч-генерал Мьин Шве сонгогдсон байна. Тэрбээр 213 депутатын саналыг авчээ. АТҮХ-ноос дэвшүүлсэн Генри Ван Тхи Ю депутатуудын 79–ийнх нь саналыг авч хоёрдугаар дэд ерөнхийлөгч болсон байна. Мьянмарын Үндэсний Ассамблей 664 депутаттай бөгөөд үүний 224 нь дээд танхимын, 440 нь доод танхимын гишүүд юм.

Оксфордын их сургуулийг төгссөн, өдгөө 69 настай Тхин Жо хүүхэд ахуйдаа Ан Сан Су Читэй нэг сургуульд сурч байжээ. Тэрбээр зохиолч төдийгүй их сургуульд багшилдгаараа алдартай байна. 1980-аад онд Тхин Жо Мьянмарын Гадаад хэргийн яаманд хэдэн жил ажиллажээ. Алдарт яруу найрагч бөгөөд АТҮХ-г хамтран үүсгэн байгуулагч Мин Ту Вуны хүү Тхин Жо 1990-ээд оны дундуур Су Чид идэвхтэй тусалдаг байв.

Ан Сан Су Чи чухам Тхин Жог ойрын хамтран зүтгэгчийн хувиар намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Мьянмарын Үндсэн хуулиар Су Чи өөрөө Ерөнхийлөгч болох боломжгүй учир Тхин Жогоор дамжуулан улс орноо удирдах боломжтой гэж үзэж байгаа юм.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч чөлөөндөө гарсан хурандаа Тейн Сейн гуравдугаар сарын 31-нд Тхин Жод бүрэн эрхээ шилжүүлэн өгнө.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.