ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тушаал гаргаж гуравдугаар сарын 15-наас эхлэн Оросын цэргийг Сири улсаас гаргаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотой хэлэлцүүлэг өрнө, дорны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал сүлжээгээр ид өрнөж байна. Дийлэнх нь Оросын Ерөнхийлөгч геополитикийн шатарт энгүй гэдгээ баталлаа, дахин АНУ тэргүүтэй өрнөдийн гүрнүүдийг мадалж орхилоо хэмээн бичиж байна. АНУ-ын албаны хүмүүсийн хэвлэлүүдэд өгсөн тодруулга, ярилцлага мэдэгдлээс ажиглахад энэ жилдээ багтаад Оросын цэрэг нутагтаа буцна гэдгийг огтхон ч гадарлаагүй байсан бололтой.
Гэхдээ энд орос цэргүүдийг Сириээс эргүүлэн татаж байна хэмээж байгаа ч үнэн хэрэгтээ тэнд Оросын зэвсэгт хүчний ганц ч буудлагын батальон байхгүй юм. Ер нь Сирид явуулсан цэргийн ажиллагааг Оросын зэвсэгт хүчний шинэ үеийн тусгай зорилтот байлдааны ажиллагааны туршилт хэмээн үзэж болох тухай ОХУ-ын батлан хамгаалахын стратеги төлөвлөлт, урьдчилсан дүгнэлтийн Хүрээлэнийн захирал Сергей Воронцов ярьжээ.
Түүнийхээр бол орчин үеийн цэргийн ажиллагаанд, нарийвчилбал Ойрхи Дорнодод хийх тулаанд АНУ ихээхэн туршлага хуримтлуулж, байлдааны стратегийн бүхэл бүтэн хэдэн боть гаргах хэмжээнд хүрчихээд байсан бол Оросын зэвсэгт хүчний хувьд Сири цоо шинэ талбар байсан гэнэ.
"Хэдийгээр Афганистанд манай цэрэг тулалдсан ч Сиритэй харьцуулах аргагүй байлаа. Сирид бид аялан байлдах корпусууд оруулаагүй, явган цэргийн ганц ч батальонгүй нөхцөлд цэргийн ажиллагаа явуулсан. Гэхдээ энэ бол маш зөв шийдвэр. Зөвхөн агаарын хүчний хүчин чадлыг туршиж, пуужинт цэргийн хүчинтэй хослуулж, нүүрлэн тулалдалгүй алсын зайнаас дайснаа хэрхэн мохоох шинэ үеийн тулааны урлагийг гарамгай эзэмшсэн гэдгээ баталж, Ойрхи Дорнодод террористуудын эсрэг тэмцлийг хэрхэн үр дүнтэй хийж болохыг бид харууллаа, мэдэж ч авлаа” хэмээсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "2015 оны есдүгээр сарын 30-наас манай Цэргийн нисэх хүчин ба Сирийн арми хамтдаа 400 хот тосгон, суурин газрыг чөлөөлсөн. Энэ хугацаанд оросууд Сирийн террористуудын мэдэлд байсан нефть олборлох, боловсруулах 209 объект болон нефть тээвэрлэж явсан 2912 тээврийн хэрэгслийг усгасан. Нийт устгасан террористуудын 2000 гаруй нь Оросоос очсон байсан ба тэдний дунд 17 хээрийн командир амь үрэгдсэн. Энхийн хэлэлцээрт Сирийн сөрөг хүчний 42 бүлэглэл оролцоод байна. Нэмж 40 гаруй хот суурин мөн энхийн дэглэм баримталж эхэллээ. Пальмирын ойролцоох нефть, хийн асар том гурван талбай дээр хяналтаа тогтоосон” хэмээн онцлон тэмдэглэлээ. Оросын цэргийн хүч өрнөдийнхтэй харьцуулахад хавьгүй цөөн буюу 50 байлдааны онгоц, нисдэг тэрэгтэй байсан ч таван сар хагасын хугацаанд ийм амжилтад хүрч чаджээ.
Цэргийн урлагийн хувьд ОХУ-ын арми ийнхүү Афганистан, Чеченээс хойш шинэ туршилт хийсэн гэж хэлж болохоор бол, олон улсын нэр хүндтэй тоймчид геополитикийн тоглолтод Путин болон Сергей Лавров, Шойгу нарын баг Америк тэргүүтэй өрнөдийнхнийг хөнгөхөн мадлахын сацуу дипломат зорилгодоо ч шуудхан хүрсэн хэмээн дүгнэж байна. Оросууд Исламын улс бүлэглэлийн эсрэг хүчгүйдсэн өрнөдийнхний эмзэг цэг дээр дөрөөлөн Сирид байлдааны ажиллагаа явуулсан. Улмаар Башар Ассадын байр суурийг ч бэхжүүллээ, өрнөдийнхөнд Орос гүрэн ямархуу хүчтэй байгаагаа ч тодорхой харуулж чадлаа хэмээн Гуардианд энэ тухай нийтэлсэн байна.
Харин Оросын дотоодод дээр дурдсан Оросын Ерөнхийлөгчийн багийг ихэд талархан бичиж байна. Тухайлбал нэр блогч Руслан Осташко "Манайхан Сирид өөрийн шинэ экспортын бүтээгдэхүүний маркетингаа хийж дууслаа. Тэр бол нефть, байгалийн хий, зэр зэвсгээс ч чухал зүйл. Оросууд бид даян дэлхийн тогтвортой байдлыг экспортлогчийн дүрд нэрээ дэвшүүлж байна. Бид дэлхийн харгис цагдаа болохгүй, харин шударга бөгөөд хүчирхэг хэсгийн цагдаагийн дүр үзүүллээ. Бид ямар ч зөрчил, хямралыг зөв, хурдан, үр дүнтэй зохицуулдаг ба Америк, Англиас ялгаатай нь тэндээ үлдэхгүй, хулгай хийхгүй. Жишээ нь америкчууд хямралыг шийдэх гэж ирээд тэндээ үүрд үлдэж, тухайн орныг колони болгодог. Харин бидэнд колони хэрэггүй, үүнээ ч харууллаа. Бид мөнгөө үнэнч, шударгаар ажил хийж олдог. Талархсан үйлчлүүлэгчид биднийг дахин дахин урих болно. Сирийн сурталчилгааны кампанит ажил амжилттай дууслаа” хэмээн бичжээ.
Тэгвэл Оросын нэрт нийтлэлч Максим Шевченко "Бид тэндээс юугаа гаргаж байгаа юм? Латак, Тартуст цэргийн бааз үлдэнэ, тусгайгийнхан үлдэнэ гэж Путин хэлсэн. Мэдээж, оруулсан юмаа гаргах байх, гэхдээ юу оруулсан билээ? Энэ тухай мэдэх хүн байна уу?” гэж эх орон нэгтнүүдээсээ асуужээ. "Турк, Израилийн цэргийн онгоцуудыг хөөрөх гэхэд онилж нервтүүлдэг алдарт "С-400″-гаа гаргах уу, алагдсан орос нисгэгчийн өшөөг даян дэлхийн нүдний өмнө туркомануудаас авсан их бууны анги салбарыг уу” хэмээн нийтлэлч М.Шевченко бичжээ.
Wall Street Journal-ын эксперт, профессор Стивен Сестанович "Путин үнэхээр гайхальтай зальжин юм. Урьдаас тааварлашгүй ийм гэнэтийн үйлдэл бол Путиний стиль. Ер нь Путинээс өөр хүн Орост байсан бол Крымийг ч авч чадахгүй Сирид ийм зоригтой ажиллагаа явуулаад, өрнөдийн гүрнүүд хэрхэн хариу барих талаар эргэлзэж, бодлого бодож байх хооронд буцаагаад татчихдаг Путины стратегийн урлаг цаашид энэ хүнээс юу ч гарч магадгүйг харууллаа” хэмээжээ.
Пентагоны тэргүүн Эштон Картерын гарт Оросуудын Сирид байлдааны ажиллагаа явуулж байгаа нөхцөлд хэрхэн уялдаж ажиллах тухай цоо шинэ төлөвлөгдсөн материалыг Барак Обамагийн ширээн дээр дөнгөж очоод байхад л Путин ийм шийдвэр гаргасан гэнэ. Ингэснээр Эштон Картерын төлөвлөгөө ч хэрэггүй цаас болж, Батлан хамгаалахын тэргүүн болон тагнуулын байгууллагууд нь муу ажиллаж байгааг Барак Обама мэдэж авсан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж хэвлэлүүдэд ярьсан тухай ч олон улсын тоймчид иш татан мэдээлж байна.
politik.mn
Сэтгэгдэл