Үүдэл эсийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний ХДХВ-ийн халдвар үгүй болжээ


Үүдэл эсийн эмчилгээ хийлгэсэн өвчтөний ХДХВ-ийн халдвар үгүй болжээ

 

ХДХВ-ийн халдвартай хэмээн оношлогдсон өвчтөнд үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа түүний биеэс уг вирусийн халдвар илрээгүй тухай Их Британийн “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд мэдээлэв.

Хорт хавдарын эмчилгээ хийлгэж байсан уг өвчтөний ХДХВ-ийн халдвар 18 сарын өмнөөс үгүй болж эхэлсэн бөгөөд одоо ХДХВ-ийн эм уухаа зогсоожээ. Судлаачдын хэлснээр, өвчтөний халдвар бүрэн эдгэрсэн хэмээн хэлэхэд хэтэрхий эрт байгаа ажээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ХДХВ-ийн халдвар тээсэн хүмүүсийн дийлэнхийг энэ аргаар эмчлэхэд хүндрэлтэй боловч уг халдварын эмчилгээг нээхэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байгаа ажээ.    

Лондон хотын оршин суугч түүнийг ХДХВ-ийн халдвартайг 2003 онд, цусны цагаан эсийн хорт хавдартайг 2012 онд тус тус оношилж байжээ. Үүний дараа тэрбээр үүдэл эсийн эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Түүнд ХДХВ-ийн халдварт тэсвэртэй донорын эсийг шилжүүлэн суулгасан нь хорт хавдар болон ХДХВ-ийн халдварыг нь үгүй болоход нөлөөлсөн байна.

Энэхүү судалгаанд Лондоны коллеж их сургууль, Лондоны эзэн хааны коллеж, Кембриж болон Оксфордын их сургуулийн судлаачид оролцжээ.

Уг өвчтөнийг ХДХВ-ийн халдвар нь үгүй болсон дэлхийн хоёр дахь хүн хэмээн нэрлэж байна. Урьд нь 10 орчим жилийн өмнө Берлин хотын оршин суугчийн ХДХВ-ийн халдвар эдгэрч байсан бөгөөд түүнд мөн үүдэл эс суулгаж байсан юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.