Цагаандаа гарсан шантаажчид буюу ТББ-уудын үнэн төрх


Цагаандаа гарсан шантаажчид буюу ТББ-уудын үнэн төрх

 

МОНГОЛ ДАХЬ ТББ-ЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАДНААС САНХҮҮЖИЛТ АВДАГ

Дарханы Шарын голд хууль бусаар алт угааж байхдаа эртний савагт хирсний олдвор олсон “нинжа” түүнийгээ хятадуудад худалдаалах гэж яваад баригдсан хэрэг саяхан гарав.

Хачирхалтай нь өнөөх нөхөр нутагт нь үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын эсрэг тэмцдэг, уул ус, газар шороогоо хамгаалахын төлөөх ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн болж таарав. Энэ бол Монгол дахь ТББ-уудын нийтлэг бөгөөд үнэн төрх.

Улсын бүртгэлд бүртгэлтэй 20 гаруй мянган ТББ-ын хэд нь нэр, гэрчилгээ авахдаа мэдүүлж байсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол. Ер нь иргэд ТББ байгуулах зорилго нь юу байдаг вэ? Бүгд биш ч жин дарах хэсэг нь мөнгө олох хэрэгсэл болгон ашиглахаар ТББ байгуулдгийн нийтлэг төрхийн нэгэн жишээ дээрх юм.

Эрх чөлөөт, ардчилсан улсын иргэд эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа илэрхийлэх эрхтэй. Энэ зарчмын дагуу байгуулагдсан 20 гаруй мянган ТББ Монголд байна. УБЕГ-ын мэргэжилтний хэлснээр ТББ-ын нэр бүртгүүлж, гэрчилгээ авахаар өдөрт 20 гаруй иргэн ханддаг болжээ.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны чиглэлээр ажиллах ТББ-ын нэр авах хүсэлт улам ихэссэн нь бүртгэлийн ажилтны ярианаас ойлгогдож байсан. Монгол ийм олон “байгаль хамгаалагч”-тай болохын үндэс нь уул уурхайн салбарын идэвхжил, тэнд эргэлдэж буй асар их мөнгө гэдэг нь нууц биш.

Эрх чөлөөт, ардчилсан улсын иргэд эвлэлдэн нэгдэх, эрх ашгаа илэрхийлэх эрхтэй. Энэ зарчмын дагуу байгуулагдсан 20 гаруй мянган ТББ Монголд байна.

Даваа гарагт төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзаж буй тухай мэдээлсэн. Л.Оюун-Эрдэнэ өөрийн twitter хуудаснаа “...80 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ирлээ...” хэмээн бичсэн байв. Угтаа бол тэнд 80 хүрэхгүй хүн байснаас харахад, нэг хүн хэд хэдэн ТББ-ыг төлөөлж ирсэн бололтой.

Дээхнэ үед “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 300 орчим ТББ-д 500 гаруй эмэгтэй нэгдсэн байдаг” гэсэн шоглол гарч байв. Шоглол ч биш бараг үнэн л дээ. БЗХӨ, ДОХ-той иргэдийн эрхийг хамгаалах ТББ нь тус өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тооноосоо ч давах вий гэмээр баримт саяхан дэлгэгдсэн. Тэд ЭМЯ, гадаадын олон улсын байгууллагаас элдэв төсөл нэрээр ам.долларын санхүүжилт авдаг байж. Цаад шалтгаан нь ердөө л энэ.

Гаднаас тусламжийн шугамаар, дотроо төсөл нэрээр мөнгө босгох амархан арга нь ТББ учраас жаахан боловсролтой нь гадагшаа гуйлгачилж, эрх мэдэлтэй нь төрөөс төсөл цохиж, харин болхидуу хэд нь уул уурхайн компаниуд, байгаль орчны салбарын дарга сэтэртнүүдийг голдуу шантаажилж амьдарч байна.

Энд тэндхийн уул уурхайн төслийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж, шүүх цагдаа болж явдаг нэгэн ТББ-ын бэлэн түүх байна. Н.Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болонгуут өнөөх ТББ-аас хэвлэлийн бага хурал хийн, шонхор шувууны “эрх”-ийг хамгаалахаа мэдээлэв. Мөн салбарын яам руу ч баахан дайрлаа.

Удалгүй уг яам, өнөөх ТББ хоёр хамтран ажиллах санамж бичиг байгуулж, маргааш нь шахуу “Өмнө нь хэвлэлийн хурал хийж, буруу зөрүү мэдээлэл өгсөндөө уучлалт гуйж байна” хэмээснийг инээдтэй гэх үү, эмгэнэлтэй гэх үү. Эндээс нөхөд шонхроо хамгаалахаа больж байгаа юм болов уу гэсэн бодол төрөөд өнгөрч байлаа.

УБЕГ: ТББ-ын нэр, гэрчилгээ авахаар өдөрт 20 гаруй иргэн ханддаг

Бас нэгэн баримт дэлгэе. Яамдын дэргэдэх тендерийн хороонд хөндлөнгийн хяналт буюу ТББ санал өгөх эрхтэй. Саяхан тендерийн хуулийн хэлэлцүүлэг төрийн ордонд болоход “Бүх тендерийн хороо дэргэдээ ТББ-тай. Уг яамаар дамжиж буй тендерт хяналт тавих гэсэн өөр хөндлөнгийн шинжээчид шингэх боломж олгодоггүй бөгөөд дархлагдсан ганц нь тухайн яамны эрхтэн дархтаны байгуулсан ТББ байдаг” гэдэг нь нотлогдсон юм.

Энэ мэт хуульгүй, дүрэмгүй тоглодог тэдгээр ТББ-ыг байгуулж, хөгжүүлж, ашигласаар байх уу. Компани хэлбэрээр явахаар татвар төлөх гээд байдаг учраас татвараас зайлсхийж ТББ болдог. Саяхан нэгэн мэдээллийн сайт дээр “төрийн ордноор дүүрэн ТББ-ын тэргүүд” нэртэй нийтлэл гарсан байлаа. УИХ-ын гишүүд бүгд 1-3 ТББ-ыг тэргүүлдэг нь уг нийтлэлээс харагдана.

Гэтэл ТББ-тай байгаа нь зөвхөн гишүүд бус. Сүүлийн үед төрийн зарим үүргийг ТББ-д шилжүүлэхтэй холбоотойгоор сайд, дарга нар, тэр ч байтугай тэдний туслах, зөвлөх, тойрон хүрээлэгчид ТББ байгуулах явдал газар авсан. Төрөөс эрхийг нь олгож, тусдаа төсөв хүртэл суулгадаг учраас сайд, дарга нарын дэргэд байгаа, мэдээлэлд ойр хэсэг нь энэ боломжийг ашиглах гэж ТББ байгуулж байна.

“ТББ атлаа ашгийн төлөө ажиллаж байгаа хуулийн этгээд цөөнгүй байгааг мэдсэн ч шалгаж тогтоох нь хүндрэлтэй байна. ТББ болон Сан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хамаарахгүй тул хяналт тавих боломж нь алга.

• Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр “Монголын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчийн газрууд уу гэх хэмжээнд хүрсэн" гэв.
• Бүх тендерийн хороо дэргэдээ ТББ-тай бөгөөд өөрөө өөртөө хөндлөнгийн хяналт тавьдаг.
• Төрийн бус байгууллагыг мөнгө босгох суваг болгон ашиглах байдал Монголоосоо хальж, олон улсын тусламжийн байгууллага, хандивлагчид хандан шууд гуйлга гуйдаг хэсэг ч бийг дахин сануулъя.

Татварын алба нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байхдаа ашиг орлого олж байгаа байгууллагад заавал татвар ногдуулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. Тиймээс ТББ олсон ашгаа хуваарилах, дүрэмдээ заасан зорилгод зарцуулахгүй удирдах зөвлөл, үүсгэн байгуулагч зэрэг нь аливаа хэлбэрээр шилжүүлэн авах тохиолдолд татвар ногдуулдаг болох нь зохистой болов уу” гэсэн татварын байцаагчийн яриа Хууль зүй, дотоод хэргийн яамнаас захиалан хийлгэсэн судалгааны эмхэтгэлд байна.

Гэхдээ сүүлийн үеийн төрийн бусчуудын овоорч буй сэдэв нь уул уурхай, газар шороо болчихож.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд асан Б.Энхбаяр “Монголын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг байгууллагуудын төлөөлөгчийн газрууд уу гэх хэмжээнд хүрсэн. ТББ нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, үндэстнийг хагалан бутаргах далд зорилготой хэлбэр цагаандаа гарч эхэллээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Энэ бол ноцтой баримт. Хариуцлагатай албан тушаалтан хэлсэн тул баттай ч гэж хэлж болно. 10 гаруй жилийн өмнө нийт төрийн бус байгууллагын 50 хүрэхгүй хувь нь гаднын санхүүжилттэй байсан бол одоо 80 хувь нь гаднын санхүүжилтээр ажилладаг болжээ. Шашны чиглэлээр гэхэд 500 гаруй ТББ Монголд үйл ажиллагаа явуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах гээд ТББ-уудын анхлан байгуулагдаж байсан чиглэл бий. Энэ талын ТББ-ууд гишүүд болон бусад гадаад дотоод хандивлагчдын мөнгөөр санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг. Олон жилийн өмнөөс хүн төрөлхтний хувьд асуудал болгон дэвшүүлж ирсэн энэ мэт чиглэлийг гадаад, дотоодгүй, төрийн, төрийн бус гэлтгүй бүхий л талаар дэмждэг учраас тэр.

Гэхдээ сүүлийн үеийн төрийн бусчуудын овоорч буй сэдэв нь уул уурхай, газар шороо болчихож. Тэд аль нэг уул уурхайн төслийг гацаах, шантаажлах, жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зохион байгуулах ажлыг хийнэ. Харин шийдвэр гаргагчид, мэдээлэлд ойр хэсэг нь бөөн манлайлал ярьж, энд тэнд лекц унших, сургалт зохион байгуулах нэрээр төсвөөс мөнгө гаргуулж авдаг болсон байна.

Төрийн бус байгууллагыг мөнгө босгох суваг болгон ашиглах байдал Монголоосоо хальж олон улсын тусламжийн байгууллага, хандивлагчид хандан шууд гуйлга гуйдаг хэсэг ч бийг дахин сануулъя.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.