ЗОРИГТЫН БОР АЗАРГА (Яаж хурдан адуутай болох вэ?) номноос


ЗОРИГТЫН БОР АЗАРГА (Яаж хурдан адуутай болох вэ?) номноос

 

Хөвсгөл аймгийн нэр хүнд бүхий адууны нэг бол Түнэл сумын Улсын алдарт уяач Дугарын Зоригтын бор азарга юм. Аймгийн наадамд хавчиг соёолон наснаасаа хоёр аман хүзүүлж, долоон удаа түрүүлсэн бор азарганы удам судар тодорхой ажээ.
Хужаа арслан гэж олноо нэрлэгдсэн Монгол улсын хүчит арслан Чүлтэмсүрэн Хэнтий аймгаас хоёр азарга адуу өөрийн нутаг Түнэл сумандаа аваачжээ. Энэ хүн сайн бөх төдийгүй арилжаа наймаа хийж Хэнтий, Төв, Дорноговийн хурдан морьтой хавтай сайн уяачидтай нөхөрлөж явсан байдаг. Тухайлбал Улсын их баяр наадамд 1954,1960 онд хонгор зээрд морио түрүүлүүлж Хонгор морьтын Цэнд гэж алдаршсан Төв аймгийн Говьсүмбэр сумын нэрт уяач М.Цэндтэй сайн нөхөд байжээ. Цэнд тухайн үедээ бас л бэлтэй хүн байсан болтой. Хужаа тавин тэмээ бэлд гэсэн чинь хоёр тэмээний мөнгө дутчихлаа гэж байсныг бодоход бэлтэй нөхөртэй хүн байсан байж таарна. Чүлтэмсүрэн арслангийн аваачсан адуунаас хурдан сайн адуу олон гарчээ. 
Тэр адууны нэг бор гүүнээс бор унага гарав. Түүнийг сумын адуучин Дарьсүрэн шүдлэн Аймгийн наадамд аман хүзүүдүүлээд байхад нь Зоригтын хадам П.Очиржав хязаалан үрээ худалдаж авчээ. Очиржавынх Даваацэрэн гэж ганц охинтой айл байв. Тэр охинтой Зоригт гэр бүл болж өрх тусгаарлаад байтал ууган хүү мэндлэв. Очиржав шинээр мэндэлсэн зээ хүүдээ бор соёолон үрээгээ бэлэг болгон барьжээ. Амьдрал ингэж үргэлжилж эцэг эхийн хайр үрээс үрд өвлөгдсөөр байдаг билээ. 
Тэр цагаас хойш тасралтгүй үргэлжилэх нэр хүндийг эзэндээ авчирсан Хөвсгөл аймгийн босоо хүлгийн нэг бор азарганы тухай Зоригт уяачтай ярилцав. 
Хөвсгөл аймгийн нэгэн бэсрэгхэн зочид буудалд бидний яриа давчуухан болж өнгөрсөнсөн. 
Түүний өгүүлсэн нь. Би бор үрээгээ 1980 онд хавчиг соёолон насанд нь азарга тавилаа. Тэр жилээ сум, аймгийн наадмуудад аман хүзүүллээ. Түүнээс хойш аймгийн наадамд 1981-1986 он хүртэл завсаргүй түрүүлж, 1988 онд дахин түрүүлээд 1987 онд долоод давхилаа. Энд, ямар алдаа гарсан бэ? гэхээр, унаж сурсан ижил дасал болсон хурдан морины хүүхдээ сольж мордууснаас морины давхилд нөлөөлдсөн тал байсан гэж боддог. 
Бор азарганы ерөнхий биеийн хийц галбир гүү хэлбэртэй, аман хүзүү өргөн далбагар хоёр чихний угаас гадагш давж харагддаг, дөрвөн мөч бахим, цээж өргөн, салтаа уужим, магнай өргөн, ам хамар элбэг, зовхи зузаан, хамар монхордуу, дэл сүүл шингэн, боос гүүний төрхтэй, хошного цаана гүн хонхорт нь зангидсан гар багтах, төвөнх том уужуу, эрүүний талхинд дунд долоовор хоёр хуруу чөлөөтэй эргэчихдэг, түүшүү их өргөн, тагжигардуу цөгц сайтай бат бэх шүдтэй, уяанд байх нь бөх хүний төрхийг санагдуулдаг, биеэр жижигхэн боловч ясны үе бугалга зангилаанууд товгор бяр хүчийг илтгэсэн азарга байлаа.
Ялимгүй бөгтөрөгтэй, уяа холтой, мах ихтэй зургаан сарын хорьдоор барьж уяж эхлээд наадам болоход арваад хөлстэй давхиулна. Гараа дор, газрын дунд хүрэхэд арван хэд дээр явна, 15-16 км явж байж тархинд гарч ирнэ. Түүнийг адуунаас барьсан даруйд эхлээд хоёроос гурван удаа хөлсөлж шавар хөлсийг авна. Хөлсийг дандаа нэмнэж авна. Зургаа долоон хөлсний дараа хөлс нь задгайрч давхил орж ирнэ. Энэ үед мундааны ардхан алга дарам газар хэзээ ч хөлрөхгүй хув хуурай болж ирнэ. Уяа ороод ирэхээрээ тарлахад амьсгаа нь уужраад, чихэрлэг амттай ногоон шүлс завжинаасаа гоожуулаад уяан дээрээ үргэлж унтаад эхэлнэ. Аргамжаагаар уяна. Тэр үед өвс ногоо сайн ургадаг байлаа. Ер нь их хоолорхог адуусан.
Уралдахын урд шөнө хоёр цаг гучин минутаас гурван цаг идүүлнэ. Хоёр цаг гучин минут идүүлээд барьж уяад хэсэг унтуулсаны дараа гэдсийг илж үзээд жаахан сул санагдвал гучин минут орчим идүүлж гэдсий нь чангалах жишээтэй байдаг байлаа.
Жирийн унаанд бол даанч нэмэргүй хашин хойрго адуу юм. Оломны цанхтай, эмээлээд хөдөлгөхөд ухарч байгаад нэг хол цовхорч үсэрсэнээр цааш зүгээр явна. Унаад явахад алхаа хүнд, хөдлөөд жаахан шогшоод дороо өцөг өцөг цогино. Тэр цогио нь газар хороох гэж даанч байхгүй. Хоёр хонь нийлэх гээд дундуур нь орж амжихаар газар мордоод цогиход дороо овгоносоор байгаад нийлүүлчихдэг ёстой нэг урагшгүй амьтан байлаа хөөрхий. Тийм байтлаа уяад ирэхээр магнай тэнийлгэсэн харьшгүй хурдан хүлэгсэн.
Манай адуу азаргаа дагаад уяа холтой байдаг. Үр төлүүд нь сайн гарлаа. Түнэлийн Аймгийн алдарт уяач Даваажавын Ганболдын бор азарга аймагт дөрвөн удаа айрагдаж, суманд хоёр удаа түрүүлэв.
Хул алаг морь бага наснаасаа эхлэн Аймгийн наадамд таван удаа айрагдсан. Бас нэг бор морь, хул үрээд гээд аймагт айрагдсан адуу цөөнгүй бий.
Бор азарганыхаа төл гүүнүүд дээр Тарганы таван хээрийн удамтай халтар азарга авч тавилаа. Халтар азарга сумын наадамд нэг түрүүлж хоёр айрагдсан. Одоо халтар азарганыхаа төл гүүнүүдийг Сүхбаатар аймгаас гаралтай хонгор азарганд хураалгаад байна. Өнөө болтол манай аймгийн наадмын түүхэнд миний бор азарганы амжилт эвдэгдээгүй хадгалагдаж байна. Буянтай сайхан азарга байлаадаа. Манай хадамынх Цэцэрлэг сумын уугуул айл юм. Тэсийн гол эх аван урсдаг Булнайн нурууны сав дагуух нутгийн хүмүүс байлаа.
Ингэснээр манай адууны гол цөм Галшар, Тэс, Сүхбаатар адууны нийлмэл цус, ястай болоод ирж байгаа юм. Аав минь Сүхбаатар нэгдлийн адуучин олон хурдан морьтой хүн байлаа. Дугараа улаан гэж нэршсэн хурдан улаан бор морь хүртэл байсан. 
Тэр үед Бүлтэн Цэдэнсамбуугийн бүжин улаан, Энхээ улаан, Янжингийн лазан бор, Дугараа улаан, Баадайн дэлгэр бор, Жавын улаан, Балжиннямын улаан гээд олон улаан бор морьд 1960-70 оны үед ид хурдалж өрсөлдөж байсан юм.
Аймгийн наадмын эхний арав гаруй Их насны морьд бүгээн цагаан зүсээрээ цувраад ороход, Жамганы Баадайн хээр гэдэг ганц бараан морь дунд нь орж ирдэг байсан даа.
Нутгийн зарим адууг анзаарч байхад заавал түрүүлж айрагдсан азарганаас хурд гараад байдаг юм биш ажээ. Яах аргагүй, Хотгойдын хурдан бор адуунуудын удмын Чимгээн бор гэж азарга байлаа. Том бор азарга газар шүргэм шингэвтэр урт дэлтэй, бүдүүн хөлтэй, занхайсан том хандгай толгойтой, хөх боривтой, бүдүүн шилбээ дагаад туурга өндөр ирмэг зузаан том туурайтай, бахим биетэй, үе бугалганууд том бөөрөнхий навсайсан хөрслөг бор азарга байсан. Тэр уягдсангүй. Харин төлүүдээс нь Хөвсгөлийн алдартай олон улаан морьд гарсан.
Түүний төл Чимгээн бага бор гэж азарга гараад Аймгийн наадамд хоёр аман хүзүүлээд эндчихсэн юм. Том борын төлөөс, Аймгийн наадамд хоёроос дээш айраг түрүү хүртсэн адуу олон байдаг. Аймгийн наадамд бага наснаасаа эхлэн таван удаа түрүүлж гурван удаа айрагдсан Энхээн бор гээч морь хоёрхон хөлслөөд л болчихдог байсан юм. Тэгэхээр Чимгээн борын төлүүд уяа хөнгөнтэй бэлэн давхилтай адуунууд гардаг байгаа юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.