Хятад Венесуэлд туслахаа илэрхийлж, Оросууд эдийн засгийн хоригт ахин оров


Венесуэл улсын иргэд бүтэн нэг долоо хоног тог цахилгаангүй амьдарч байгаа билээ. Тус улсын иргэд нь цахилгаангүй, дээр нь хүнс тэжээлийн хомстол улам нэмэгдэж, цэвэр усны гачигдал үүсээд байна. Мөн тус улсын томоохон газрын тосны үйлдвэрүүд олборлолт хийх боломжгүй болсноос эдийн засаг нь бүхэлдээ зогсонги байдалд ороод байгаа аж.

Тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро тог цахилгаангүй болсон энэ хэрэг явдлыг АНУ-ын зүгээс хийсэн кибер халдлага байж мэдэх юм гэж сэжиглэж, одоогоор ямар нэгэн ахицтай өөрчлөлт гараагүй байна.

Үүссэн асуудалтай холбоотойгоор Хятадын зүгээс Венесуэл улсад тулгараад буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхэд нь тусламж үзүүлж болох юм гэдэг саналаа илэрхийлсэн байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан “Хятад улс энэ талаар маш их санаа зовниж байгаа. Бидний зүгээс Венесуэлийн эрх баригчдыг тог цахилгааныг тасалсан гэм буруутанг түргэн шуурхай илрүүлж ард түмэндээ хэвийн амьдралыг нь боломжит хамгийн хурдан хугацаанд эргүүлэн авчирна гэж итгэж байна. Хятад улс Венесуэлийн эрчим хүчний системийг сэргээхэд тусалж, техникийн дэмжлэг үзүүлэхийг хүсэж, бүх талаар дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэж мэдэгдсэн юм.

Харин ОХУ-ын хувьд Венесуэлийн хямралд Ерөнхийлөгч Николас Мадурогийн талыг дэмжиж байгаагаа өнгөрсөн нэгдүгээр сард илэрхийлсэн юм. Харин АНУ тэргүүтэй тэдний холбоотнууд эсрэг байр суурьтай байгаа юм. Тэдний зүгээс дарангуйлагч Николас Мадурогийн засаг захиргааг унагахын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авсаар байгаа юм.  

Хамгийн сүүлд АНУ-ын зүгээс Оросын “Eurofinance Mosnarbank” банканд эдийн засгийн хориг тавьсан байна. Өчигдөр буюу лхагва гаригт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ талаар мэдээлсэн юм. Тэрээр “Вашингтоны эрх баригчид манай улсад ахин нэг өөр эдийн засгийн хориг арга хэмжээ авах шийдвэрт хүрлээ. Энэ удаад Венесуэлийн эрх баригчдад гадаадын түншүүдтэй хэвийн харилцахад нь тусалдаг манай нэгэн банкийг хар жагсаалтдаа орууллаа. Энэ хориг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гадуурх хориг гэдэг утгаараа хууль бус үйлдэл юм. Түүнчлэн, АНУ нь Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог үгүйсгэхдээ түүнийг сонгуулийн үр дүнгээр хууль ёсны улсын тэргүүн болсон гэдгийг мартсан бололтой” гэсэн юм.

О.Мөнхбат

Эх сурвалж: Reuters, TASS


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.