МАН, АН-ын томчуудын луйвардсан, хулгайлж нуусан эд баялагт тоо, хэмжээ байна уу ?


Хууль бусаар олсон, хулгайлж нуусан эд баялаг, мөнгөн хөрөнгө уг эзнээ хөнөөдөг нь нэгэн зүйлийн үнэн билээ. Буурал түүх ч энэнийг гэрчилнэ, бидний нүдэн дээр болж байгаа үйл явдлууд ч үүнийг нотолж байна. ШИНЭ НАМУУД, ЗАЛУУ УЛСТӨРЧИД ЭНЭ ҮНЭНИЙГ БҮҮ МАРТААСАЙ. Энэ үнэнийг үл тоосон олон “томчууд” цаана чинь улстөрийн амьд хүүрүүд болчихлоо шүү дээ...

МАН, АН-ын томчуудын хулгай, луйврын түүхийг Бямбасүрэнгийн засгийн газрын ХХ тогтоолын нууцыг ашигласан “томчууд” эхлүүлжээ. Тэр цагаас хойш хулгай, луйвар, авлига “томчуудын” хувьд бараг л зөвшөөрөгдсөн зүйл мэт болж өргөжжээ. 

Эхлээд л тэд хүүхдүүдийн эрхийг хөсөр хаяж ясли, цэцэрлэгүүдийн байрыг үнэгүй шахам авцгаажээ. Кинотеатрууд, хүнс, барааны дэлгүүрүүд, төр засгийн мэдлийн жижиг албан конторууд, УБ хотын төвийн том, жижиг бүх газар, жижиг, дунд үйлдвэрийн хашаа, байшин, тоног төхөөрөмж, хэвлэх үйлдвэрүүд гэх мэт нь бүгд л мөнхүү “томчуудын” өмч болсон.

Тариа, ногооны байрлал, үржил сайтай газруудыг тэд л авцгаасан. Дараахан нь л эх орны газрын хөрсөн доорх баялгийн төлөө тэд л уралдан, өрсөлдөн орцгоосон, авцгаасан. Төдхөн л харийн томчуудтай далд, нууц хуйвалдсаар стратегийн гэгдэх нэн том ордууд руу сэмхэн шургалцгаасан. Харийнханд ард түмний өмчийг сэмхэн, хямдхан өгснийхөө төлөө сая саяар нь доллараар шагнуулжээ. Авлига, луйврын гаралтай мөнгөө оффшор бүсүүдэд нуугаад ахиад л Төрийн ордонд заларцгаажээ. Энэ хооронд МАН ба АН-ын холбоо ч байгуулагдсан бололтой...

Бүр эрэмшин танхайрах дээрээ тулсан нөгөө “томчууд” чинь том тендерүүдээс, засмал замуудаас, лицензүүдээс, олон арван тусгай сангуудаас, сонгуулийн тойргуудын тоогоор авцгаасан тэрбумуудаас, аж ахуйн нэгжүүдийг дарамтлан байж гаргуулсан том, жижиг хандиваас, үнэ тогтворжуулах нэрээр зувчуулсан их мөнгөнөөс, үндсэн хууль баталсан, байлцсан депутат гэх нэр, залиар, Эрдэнэт мэт рүү хийсэн шахаанаас гэхчилэн цадаж ханахыг мэдэлгүй сорсоор, залгисаар л байжээ. 

Эцэсдээ 60 тэрбумын гэх төлөвлөгөө, хуваариар том том тушаал худалдаж авцгаагаад тэр шархаа нөхөхийн тулд мөн л далдуур үгсэн хуйвалдаж тэрбум шахам, тэрбум гаруйн зээл нууцхан аваад цааш нь өндөр өндөр хүүгээр зээлцгээж өдөрт сая гаруй төгрөгийн цэвэр ашиг олж байсан бололтой. 60 тэрбумын хэрэг ба ЖДҮ-ийн зээл хоёрын яс, цусан холбоо ийм юмдаг уу даа...Зөвөөс суралцаж дуурайх, бурууг илчилж зайлуулах нь хөгжих, төгөлдөржих чухал арга зам билээ.

Өмчийн бүх хэлбэрийг хуулиар хамгаалах заалт бол юуны өмнө л нийт ард түмний өмчийн бүрэн бүтэн байдлыг цагдан хамгаалах утгатай. Нийтийн өмчөөс хулгай, луйврын аргаар зувчуулан авсан эд баялгаа хувийн өмчийг хуулиар хамгаалах заалтын шүхэр доор оруулаад зүй бусаар өмчлөх гэж оролдвол энэ нь өөрөө гэмт үйлдэл, эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэл мөн.

Ашигт малтмалтай холбоотой лицензүүд бол бүгд богино хугацаатай эзэмших, ашиглах түр эрхийн бичиг. Энд өмчлөх, төгс утгаар захиран зарцуулах, худалдах, бэлэглэх, өвлөх, өвлүүлэх эрх үгүй.

Стратегийн ач холбогдолтой том ордуудын хувьд бол төрийн давуу эрх, төрийн төлөвлөгөө, олборлох ба боловсруулахтай холбоотой нэгдсэн график (урт, богино хугацаатай, өнөө ба ирээдүйг тооцсон), нэг төвтэй зохицуулалт заавал байх учиртай. Дэлхий нийтийн жишиг ч тийм байдаг. Газар доорх ба дээрх баялгийг ганцхүү нийт олны ашиг, сонирхолд нийцүүлэх, иргэн бүрд хүртээмжтэй байх, байлгах үүднээс л ашиглах, зарцуулах ёстой. Энэ бол үндсэн хуулийн заалт, утга санаа билээ. 

Хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг олноор нь авчихаад цааш нь дамлан зарах зорилгоор хадгалах, үнэ хаялцуулан худалдахыг хориглох ёстой. Аж ахуйн нэг нэгжид гурваас илүү тооны лиценз эзэмшихийг хориглох нь зөв. Чөлөөт үйлдвэрлэл, чөлөөт зах зээлийн нөхцөлд “давс хужрыг нь яг тааруулчихсан” хуулиудын дагуу л аж ахуйн үйл ажиллагаа хэрэгжиж байх учиртай.

Судлаач, профессор Д.Чулуунжав

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.