Тайванийг өөрийн болгох Бээжингийн “нууц хөзөр”


Тайванийг өөрийн болгох Бээжингийн “нууц хөзөр”

 

Дэлхийн хамгийн том электроникийн үйлдвэрлэгч “Foxconn” компанийн тэргүүн Тэрри Гоу өчигдөр ирэх 2020 онд зохион байгуулагдах Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ. Тэрбээр Бээжинтэй тун найрсаг харилцаатай байдаг “Гоминдан” намаас нэр дэвших гэнэ. Энэ талаар Британийн “ВВС” агентлаг, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

БНХАУ-ын эрх баригчид Тайванийг газар нутгийнхаа нэгээхэн хэсэг хэмээн мэдэгдэж, олон улсын НЭГ ХЯТАД бодлогыг хүндэтгэж, даган биелүүлэхийг уриалаад буй юм. Бээжин өнгөрсөн хугацаанд Тайванийг олон улсад ганцаардуулах бодлогыг баримталж, дипломат харилцаа тогтоосон орнуудыг Тайваниас харилцаагаа тасалвал “томоохон хөрөнгө оруулал хийнэ” хэмээн амлажээ.

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин энэ оны эхээр Тайванийн Ерөнхийлөгч  Цай Инвэньд хандан “Нэн даруй тэмцлээ зогсоож, “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөр. Энэ дэлхий ертөнцөд цорын ганц БНХАУ бий. Тайвань бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг” гэж хэлсэн ч Цай Инвэнь түүний саналыг хүлээн авахаас татгалзаж “Бид бүх хүчээрээ та нартай тэмцэх болно” гэж мэдэгджээ.

 

Ийнхүү БНХАУ, Тайванийн дундах маргаан хурцадсаар байна.

 

Цай Инвэнь “БНХАУ-тай харилцах харилцаагаа шийдвэрлэхэд ирэх 2020 оны нэгдүгээр сард зохион байгуулагдах Ерөнхийлөгчийн сонгууль томоохон үүрэг гүйцэтгэх болно” хэмээн амлаж, улиран сонгогдохын тулд дахин нэр дэвшиж буйгаа зарлажээ.

 

Түүнтэй электроникийн үйлдвэрлэгч “Foxconn” компанийн ерөнхийлөгч Тэрри Гоу өрсөлдөхөө илэрхийлсэн билээ. Тэрбээр БНХАУ-тай найрсаг харилцаатай байдаг сөрөг хүчин “Гоминдан” намаас нэр дэвшихээр намын сунгаанд нэрээ өгчээ.  Гоу намын сунгаанд “нэг”-ээр гарч ирэх нь тодорхой.  Учир нь тэрбээр 2016 онд намдаа 1.5 сая ам.долларыг  хүүгүй зээлж, намаа “шалбааг”-наас гаргасан ачтан юм.  

 

 

Тэрри Гоу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөөгүй байсан ба зүүдэндээ “Мацу” дарь эхтэйуулзсныхаа дараа Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөөр шийджээ. “Энэ зүүд надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсөн. Би үзэсгэлэнт Тайванийн төлөө илүү ихийг урам авсан учир ийнхүү нэрээ дэвшүүллээ. Дарь эх Тайванийн ирээдүйд муу зүйл болохыг хүсэхгүй байгаа. Би Тайванийн төлөө бүх хүчээ дайчлахыг хүсч байна.” гэж Гоу хэлэв.

 

“Мацу” дарь эх Хятадад тархсан Даогийн шашны бурхан юм. Хятадаас гадна Тайвань, Малайз, Вьетнамын ард түмэн Мацу бурхныг далайчид, загасчдыг хамгаалагч хэмээн тахин шүтдэг.

 

Тэрбумтан Гоу бол Тайванийн хамгийн баян эрхэм ба түүний нийт хөрөнгө 7.5 тэрбум ам.доллар аж. Тэрбумтан эр өчигдөр “Би хэрвээ ялалт байгуулвал Бээжинтай харилцах харилцаандаа илүүтэй анхаарах болно. Намын сунгаанаас гарч ирэхгүй бол би үргэлжүүлэн шаргуугаар ажлаа хийх болно” гэж амлажээ. Түүний үүсгэн байгуулсан “Foxconn” компани бол АНУ-ын “Apple” компанийн захиалгаар бараа бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг гол түнш аж.

 

Тайванийн Ерөнхийлөгчийн төлөөх гол өрсөлдөөн Цай Инвэнь болон Тэрри Гоу нарын хооронд болох нь нэгэнт тодорхой боллоо. Мөн сонгуулийн дүн Тайванийг аль замаар алхахыг шийднэ. Хэрвээ Цай Инвэнь ялалт байгуулвал Тайвань дахин дөрвөн жил Бээжингийн дарамттай учрах бол Тэрри Гоу сонгогдвол Тайвань ямар ч эргэлзээгүй Бээжингийн гараас атгана.

 

Цай Инвэнь бүхий л хүчээрээ сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулахгүй бол түүний нэр хүнд бүх зүйл нь ганхах болно.

 

Ерөнхийлөгчийн тэргүүлдэг эрх баригч “Ардчилсан дэвшилтэт нам” өнгөрөгч оны арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан орон нутгийн эрх барих байгууллагын сонгуульд ялагдал хүлээсэн бол “Гоминдан” нам нийт 22 хот, мужийн 15-д нь ялалт байгуулсан юм.

 

“2016 оноос хойш Цай Инвэнийг эрх барих хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжраагүй, цалин нэмэгдээгүй, баян ба ядуугийн ялгаа ихэссэн” гэж  Тайваний ард иргэд нь үзсэн учир эрх баригчид томоохон ялагдал хүлээсэн гэхэд хэлсдэхгүй.

 

Иргэд “Цай Инвэнь Ерөнхийлөгч болсны дараа БНХАУ болон Тайванийн харилцаа улам дордсон” гэсэн нь тэд ч гэсэн Бээжинтэй зөрчилдөх сонирхолгүй байгаа нь уг сонгуулийн дүн харуулсан юм. Тиймээс 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн “сөрөг хүчнийг эрх баригч” болгож болзошгүй.

 

Энэхүү сонгуультай зэрэгцэн “Иргэний хуульд өөрчлөлт оруулах” замаар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх, мөн “Токио 2020” зуны олимпт “Тайвань” эсвэл “БНХАУ-ын Тайпей” гэдгээр оролцох зэрэг нийт арван асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан юм. Санал асуулгын дүнгээр иргэд Бээжинтэй зөрчилдөхөөс болгоомжлон “БНХАУ-ын Тайпэй” гэх нэрээр зуны олимпт оролцохоор болжээ.

 

“Гоминдан” нам ирэх онд болох парламент болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, олонх болбол Бээжин ямар ч хүч гаргахгүйгээр Тайванийг өөрийн болгох цэцгэн зам нээгдэх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

SHUUD.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.