Өнгөрсөн ням гаригт Шри Ланка улсад гарсан цуврал дэлбэрэлтүүдийг зохион байгуулснаа “Лалын улс” бүлэглэл өчигдөр өөрийн албан ёсны AMAQ мэдээллийн сувгаар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Гэвч тэд халдлагуудад холбоотой гэдгийг нотлох баримтуудыг өгөөгүй байна.
Шри Ланка улсад болсон Загалмайн шашинтнууд, гадаадын жуулчдын эсрэг чиглэсэн энэхүү халдлагын эхний зургаан дэлбэрэлт Коломбо, Негомбо болон Баттикалоа хотод, долоо дахь нь тус улсын баруун нутгийн Дехивала хотод, найм дахь нь Коломбо хотын захын хороололд болжээ. Харин Бандаранаике нисэх онгоцны буудалд хүрдэг зам дээрээс бас нэг тэсрэх бөмбөгийг илрүүлсэн байна.
Үүнд орон нутгийн загалмайн шашны гурван сүм, дөрвөн зочид буудалд амиа золиослогчид бөмбөг дэлбэлсэн юм. Цуврал халдлагын улмаас 321 хүн амиа алдаж, 520 гаруй хүн шархадсан тоо гараад байна. Террорист халдлагатай холбогдуулан 40 хүнийг баривчилжээ. Шри Ланка улс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг гашуудлын өдрөөр зарласан байна.
Эх сурвалж: http://www.inews.mn
Сэтгэгдэл