Гамшгийн сургуулилтаас ажигласан гурван зүйл


Өнөөдөр өглөө 08.00 цагт 60 дуут цамхагаар дамжуулан Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиог нийслэл даяар дуугаргаснаар иргэд орон байрнаасаа гарч аюулгүй талбайд цугларч, дадлага сургуулилтад хамрагдлаа.

Нийслэл даяар өрнөсөн өнөөдрийн дадлага сургууль анх удаагийнх гэдгээрээ онцлог. Анхны гэдэг утгаараа ч сайн ч зүйл байлаа, саар зүйл ч их ажиглагдлаа. Ингээд гамшгаас ажигласан гурван зүйлийг доор сийрүүлье.

1. Ач холбогдол өндөртэй, зөв арга хэмжээ

Газар хөдлөлтийн тоо давтамж өсч, аюул гамшиг тохиолдох магадлал ихтэй гэх удаа дараагийн судалгааны дараа ийнхүү дадлага сургууль зохион байгуулсан нь маш зөв алхам байлаа.

Энэ удаагийн дадлага сургуулийн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хангалттай сайн зарлаж, сошиал орчинд мэдээллийг сайтар түүгээжээ. Тийм ч учраас иргэдийн идэвхи оролцоо өндөр байлаа. Хүүхэд залууст дуут дохионы учир шалтгааныг таниулж,цугларах талбай хаана байдгийг зааж өгөх гэх мэт анхан шатны мэдээллийг эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж өгснөөр багахан ч болтугай ахиц гарсан болов уу.

2. Төр муу менежер

Дадлага сургууль зохион байгуулалт муутай боллоо. Зарим дүүрэг хороодод эмх замбараа сайтай, онцгой байдлын албан хаагчид мэдээлэл өгч, хичээл зааж байсан бол ихэнх газарт эсрэгээрээ. Ихэнх газарт юу хийхээ мэдэхгүй, зүгээр л цугларалт болсон.

Хорооны ажилчид цөөхөн, цагаан хоолой ч байхгүй, мэдээллийн ажилтан ч байхгүй. Хэзээ ч юм тараасан нэг цаасан дээр тамга даруулах ёстой гэсэн цуурхал бас дэгдчихсэн. Тэр цаасан дээр тамга даруулах гэсэн хүмүүсийн шахцалдаан, очер дараалал, хоорондоо муудалцаж байгаа хүмүүс гээд их зүйл болсон.

Дараагийн асуудал нь замын түгжрэл. 

3. Муухай монголчууд

Нэг цаасан дээр тамга даруулахын төлөө багахан мөргөлдөөн маягийн зүйл болоод өнгөрөв. Бяр нь амтагдсан залуус нөгөө тамгыг нь булаах шахам дайрч (зарим газар булаасан ч байх) , хөгшчүүд салхинд нь хийсэн унаж байгааг олон харлаа. Хоорондоо хэрэлдэж, бүр зодолдож байна. Зарим газарт цагдаа нар зохицуулах гээд ч дийлсэнгүй. Олон цагийн сургуулилт болвол тэнд юу болохыг тааварлахын аргагүй. 

Нэг монгол унтана. Хоёр монгол хэрэлдэнэ. Гурван монгол зодолдоно. Дөрвөн монгол талцана, таван монгол алалцана... Харин хорооны бүх иргэд нэг талбайд цугларвал юу болдгийг монголчууд өнөөдөр харсан. Ихэнх газарт эмх замбараагүй байдал, шахцалдаан, хэрүүл, аминч үзэл гээд муухай монголчуудын төрхөө тод харууллаа. Энэ байдал гамшгийн үед ч өөрчлөгдөхгүй гэдгийг өнөөдрийн дадлага сургууль бас харуулсан. 

Эцэст нь дараагийн удаа дадлага сургууль зохион байгуулахдаа ТАМГА л дарж болдоггүй юм шүү. Хорооны ажилчдаа цагаан хоолойгоор хангаад, ОБЕГ-ын мэдээлэл өгөх ажилтнуудыг дүүрэг хороо бүр дээр хуваарилан өгөх хэрэгтэй. Мөн ажлын бус өдөр дадлага сургуулиа зохион байгуулбал ажилдаа яарсан ард иргэд зам дээр гацаж түгжрэх шаардлагагүй болох байх.

Эх сурвалж: Time.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.