Гэртээ мансууруулах өвс тарьж байсан туркийг нэг жил хорино


Хар тамхины төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамал гэртээ тарьж байсан Туркийн иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард илрүүлсэн юм. Тодруулбал, Туркийн иргэн Д.Мурат, эхнэр манай улсын иргэн Г.Байгалийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Амгалан” хотхон дахь гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулж байсан юм. 2017 оноос хойш манай улсад амьдарч буй, монгол эхнэртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 38 настай Д.Мурат каннабис тарьсан бөгөөд сууцныхаа нэг буланг ургамал тарихаар тусгайлан тохижуулсан төдийгүй, үр бордоогоо гадаадаас оруулж ирсэн аж. 

Тэрбээр “эмчилгээнд хэрэглэх гэж тарьж ургуулсан” хэмээн цагдаагийнханд тайлбарласан байдаг. Тэрбээр ямар нэг ажил хийдэггүй, компьютерын өндөр мэргэшсэн инженер бөгөөд гэрээс нь эд мөрийн баримтаар хураасан компьютерынх нь мэдээллийг холбогдох байгууллагынхан шалгасан юм.

Д.Мурат Монголд ирсэн цагаасаа хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулсан нь тогтоогдсон бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд болон эхнэр Г.Байгаль нарт холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 20.10 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тарьж, ургуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Шүүх Д.Муратад нэг жил хорих ял шийтгэсэн бол эхнэрт нь мөн ял оноосон ч нялх хүүхэдтэй учраас хорих ялыг нь хойшлуулсан байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.