С. Зоригийн хэргээс эрүүдэн шүүлт хүртэл


С.Зоригийг бүгд мэднэ. Түүний нэрэнд тодотгол элдэв чимэг, зүүлт огт хэрэггүй болжээ. Цэл залуухан (36) насандаа өөд болсон түүний хувьд бидний дунд бий болоод байгаа өндөр нэр төр ямар хамаатай болох нь тодорхой бус. Тодруулах боломжгүй гэж ойлгож болно.

За энэ яах вэ? Хар хэрэг болсон тэр өдөр (1998 оны 10 дугаар сарын 2)-ийг бид мартах учигүй. Түүний өмнө үлдэгсэд бидний хийж чадах ганц зүйл энэ байх болов уу. Харин түүнээс хойш юу болж өнгөрөв. Энэ талаар ярих зүйл олон бий. Жил ахих тусам түүний хэргийн эргэн тойронд ярих зүйл нэмэгдж, түүх зузаарах магадлал өндөр  боллоо. Түүх зузаарч, ярих зүйл нэмэгдэж байгаа нь улс төрчийн амь насыг бүрлэгсэн гэмт хэрэгтэн ( гэмт хэрэг үйлдэх явцдаа бие бие ээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан гэх)-үүд илрэхгүй байгаатай шууд холбоотой. Тухайн үед ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан эрхэм (Д. Мөрөн)УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн өмнө “ С. Зоригийн хэрэг сонгуулийн маргааш илрэнэ” гэж хэлсэн нь олны итгэлийг сэргээсэн. Сонгогчдын дунд  ийм сэргэлт гарч ирсэн нь тухайн үед засгийн эрх барьж асан “Ардчилсан холоо” эвсэл (МҮАН- МСДН)  үнэмлэхүй ялагдах гол шалтаг болсон байдаг.  Эндээс уг гэмт хэрэг улс төрд жинхэн утгаараа ашиглагдах (1998-2000 хооронд улс төрд бага хэмжээгээр ашиглаж байсан) болсон гэж үзэж болно.  

С.Зоргийн хэргийг илрүүлэх талаар гэмт хэргийн ертөнцөд болсон анхны  үйл  явдал нь 2003 оны 5 дугаар сар (Монгол Улсын хилээр оруулж ирсэн өдөр зөрүү “18, 24”-тэй)-д Д. Энхбатыг Франц улс (Б. Хурц)-аас хулгайлж, ХБНГУ-аар дамжуулан авч ирсэн явдал орно. Түүний шүүх хурал 2004 онд болсон. Түүний өмгөөлөгчөөр нь Л. Санжаасүрэн ажилласан байдаг. Тэрбээр энэ талаар “Д.Энхбатыг  хулгайлан авч ирэн, эрүүдэн шүүсэн нь хууль бус. Энэ нь НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн хүрээнд хориг­долтой харилцах наад захын жишгийг зөрчсөн үйлдэл байдаг. Д. Энхбатын  эсрэг хэрэг­лэж байгаа эрүүдэн шүүх харгислал, хэлмэг­дүүлэл­тээ таслан зогсоохгүй бол асар их хор уршиг дагуул­на. Үүнийг би хариу­цах­гүй. Д. Энхбатыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн олон үйлдлийнх нь та­лаар 2004 онд  болсон шүүх хурал дээр дэлгэрэнгүй ярьж байсан” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байх юм. Хэргийн холбогдогч (Д. Энхбат) нас барж, өмгөөлөгч (Л. Санжаасүрэн) улсын нууц задруулсан хэргээр шийтгүүлсэн түүхтэй. Одоо ч энэ үйл явдал үе үе сөхөгдөж байх юм.

Дараа нь Б. Содномдаржаа, Т. Чимгээ нар (Эрдэнэтээс)-ыг С. Зоригийн амь насыг бүрлэгсэн хэрэгт сэжиглэн (2015 оны 8 дугаар сарын 31-нд) баривчилсан юм билээ. Тэднийг яллах  анхан шатны шүүх хурал 2016 оны 12 дугаар сарын 03-нд болж  бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Харин  давж заалдах шат  (2017 оны 3 дугаар сарын 14)- ны  болон хяналтын шат (Дээд шүүх)-ны шүүх хурал  (2017 оны 8 дугаар сарын 7) тус тус болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталсан байдаг.

Шүүхийн шийдвэрээр  хоригдож байгаа эрэгтэй эмэгтэй хоёрыг мөрдөн байцаалтын шатанд зохион байгуулалттайгаар  эрүүдэн шүүсэн тухай  нийгмээрээ ярьж  байна. Энэ талаарх ШШГЕГ-ын сервир дээрх бичлэгийг сэргээжээ. Түүнээс эхний есөн өдрийн бичлэгээс 27 минутынхыг УИХ-ын гишүүд, сэтгүүлчид, хүний эрхийн төлөөх ТББ-ын төлөөлөд үзүүлээд байна. Энэ бол баримт. Харин эрүү, шүүлтэд орж хилсээр шийтгүүлсэн гэх  тэднийг  цагаатгаах шүүхийн тогтоол одоогоор гараагүй байгаа билээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд “Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичээд, Дээд шүүх авч хэлэлцээд суллах эрх зүйн зохицуулалт байгаа ” гэж  УИХ-ын чуулган болон байнгын хорооны хурал дээр удаа дараа хэлж, түүнийг нь хэвлэл мэдээллийнхэн дамжуулсаар байна. Хэргийн холбогдогчид амьд, мэнд байгаа болохоор үйл явдал цаашаа хэрхэн яаж өрнөхийг бид харах үлдлээ. Эрүүдэн шүүлтээр орж хилс хэрэг хүлээн ял эдэлж байгаа хоёр  одоо ШШГЕГ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Харин тэднийг  эрүүдэн шүүсэн гэх хэргээр (ТЕГ)-ийн   Б. Хүрц тэргүүтэй таван хүн (Прокурор АТГ-т шалгагдаж байсан хэргийн харъяаллыг өөрчилсөн)-ийг ЦЕГ  сэжигтнээр татан цагдан хорьж шалгаж эхлээд байна. Ингэж С. Зоригийн амь насыг бүрлэгсэн эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа нь дахин дахин эрүүгийн гэмт хэрэг  урган гарах  суурь болдог болов бололтой. Гэхдээ өнөөдрийг хүртэл (21жил) хугацаанд  гэмтэн илэрсэнгүй. Энэ бол амьд гэрч (Б. Булган)-тэй  шүү дээ.

Г.Эрдэнэбат 

Эх сурвалж: https://montsame.mn

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.