“Н.Алтанхуягийг АН-аас хөөжээ” гэсэн мэдээлэл улстөржих дуртай монголчуудын амралтын өдрийн амны зугаа болов. Үүнээс гадна “Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан, “Намын шинэ байр барина” хэмээн гишүүдээсээ хандив цуглуулсан нь нийлээд найм орчим тэрбум төгрөгийн зөрчил үүсгэжээ. Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа энэ их мөнгийг санхүүгийн тайланд бүртгэлгүйгээр, бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж авсан, тус мөнгөнөөс өөртөө шинэ “Лексус 570” маркийн автомашин худалдаж аваад, намын даргын албан тушаалаас буухдаа түүнийгээ хүлээлгэж өгөлгүй хувьдаа завшсан, мөн намд бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийг тоносон зэрэг зөрчил намын дотоод аудитын шалгалтаар илэрсэн тул түүнийг намын гишүүнээс хөөгөөд зогсохгүй хууль, хяналтын байгууллагаар шалгуулах юм гэнэ” гэсэн яриа хачир нэмэв.
Харин Н.Алтанхуяг олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хаягаараа “Хүн гүтгэх хуультай шүү. Би АН-д олон дараалсан ялалт авч ирснээс биш, та нар шиг мөнгөний нам болгосон түүх огтхон ч байхгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Эрдэнэ нарын арга нь адил... Мөнгө+гүтгэлэг” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.
АН-ын өнөөгийн удирдлага намдаа дотоод аудитын шалгалт оруулж, 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд эндээс Н.Алтанхуягийг намаас хөөх шалтаг олсон тухай эх сурвалж хэлж байна. АН-д намын байрны асуудал бий. 2009 оноос үүссэн, хэн буруутай, тухайн үед юу болсон, яасан нь тун бүрхэг уг асуудлыг өмнө нь огтхон ч сөхдөггүй байснаа 2017 онд буюу намын даргын сунгааны үеэр гарган тавьж, Н.Алтанхуягийн эсрэг тавих “сум” болгож байв. Намын даргын суудал эзнээ олсноор уг асуудал намжаад, Н.Алтанхуягийг гишүүнчлэлээс хасах үед дахин сэргэж буй нь энэ. Намын шинэ байр барих асуудлыг Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа эхлүүлж, шав тавьж, хандив цуглуулсан нь үнэн. Тэгэхээр түүнийг энэ асуудалд холбох нь зүйн хэрэг. Гэвч намын байр, газрыг зарж олсон долоон тэрбум төгрөгийг хэн, юунд зарцуулсан бэ гэдгийг шалгаж, тогтоох нь хуулийн байгууллагын ажил билээ. Харин Н.Алтанхуягийг үнэхээр мөнгөний асуудлаас болж намаас хөөв үү, эсвэл өөр шалтгаан байв уу?
Үнэндээ АН-ын өнөөгийн удирдлага арай гэж авсан суудлаа алдчих вий гэсэн айдас хүйдэс дүүрэн өдрүүдийг өнгөрөөж буй. Хэзээнээсээ нэгдэж, нийлж чаддаггүй олон фракц нь сонгууль дөхөх тусам идэвхжиж, намдаа алдсан орон зайгаа буцааж авах, нөлөөгөө тогтоох гэж янз бүрийн л арга чарга хэрэглэж, төлөвлөгөө, тактик боловсруулж яваа сураг дуулдана. Зарим нь бүр АН-ыг улам нэр хүндгүй, хүч тамиргүй болгож, ирэх сонгуульд ялагдуулах, тэгээд намын даргад хариуцлага тооцож, намаа шинэчлэх нэрийн дор АН-ыг гартаа оруулж авах тооцоо хийсэн гэлцэнэ. Ж.Батзандан, Л.Болд нар АН-аас гарч, өөр нам байгуулахаар мэдэгдсэн нь ч санаандгүй хэрэг биш, төлөвлөгөөний нэг хэсэг нь гэх.
Нам доторх олон фракцын амбиц ийнхүү багтаж ядан “буцалж” байгааг С.Эрдэнэ анзаарахгүй байна гэж юу байх вэ. Тийм ч учраас тэр намдаа олон дэд даргын орон тоо гаргаж, фракц бүрээс төлөөлөл урьсан хэрэг. Үеийн үед л АН-ын зовлон болж ирсэн фракцуудын зөрчлийг шийдэхийн тулд хатуу гараар атгаж, тэднийг ямар нэгэн хэл үггүйгээр нэг туган дор цуглуулна хэмээн намын дарга болсон эхний өдрүүддээ мэдэгдэж байсан нь хэт дэврүүн мөрөөдөл байсныг С.Эрдэнэ ойлгосон нь энэ.
...Тэрбээр Ц.Элбэгдоржтой нэг намын туган дор багтах ямар ч боломжгүйгээ намын даргадаа ил тод хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг намдаа багтаах орон зай гаргавал би энэ намд үлдэхгүй гэсэн байдаг. Харин Ц.Элбэгдорж болон түүнийг дагагчидтай С.Эрдэнэ сүжрээд буй нь Н.Алтанхуягт таалагдсангүй. Тийм ч учраас С.Эрдэнийн урилгаас татгалзаж, намаа шинэчилнэ, удирдлагад нь хариуцлага тооцно хэмээн Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн хэрэг...
Ингэж буулт хийхдээ “Алтангадас”-т тал засаж, Н.Алтанхуягт намын дэд даргын суудал санал болгосон ч тэр хүлээж аваагүйгээр барахгүй, “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгуулснаа мэдэгдсэн нь С.Эрдэнэд барьсан шинэ жилийн бэлэг болоо биз. Ийм хөдөлгөөн байгуулсан тухайгаа зарлахдаа Н.Алтанхуяг “Намууд шударга бусын үүр хонгил, төр авлигын диваажин болж хувирлаа. 65 тэрбум төгрөгөөр наймаалцаж, концесс нэрээр төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь завшин, өрх гэр бүлийн сайхан амьдрах боломжийг булаасан УИХ-ыг нэн яаралтай тарааж, шударга иргэдийн төлөөллийг дэмжихийн төлөө тэмцэцгээе. Шударга бусын хонгилыг нурааж, шударга ёсыг сэргээх цаг ирээд байна. Би ард түмэнтэйгээ нэгдэж, шударга ёсыг сэргээн тогтоох, газрын доорх баялгийг ард түмний өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж бий болгох гэсэн гурван ажлыг нэн яаралтай хийнэ. Хууль, шүүхийн байгууллагад бий болсон шударга бусын хонгил нийгэм рүү үсэрхийлж байна. Шударга бусын хонгилыг нураая, эрх мэдэлтнүүдэд ээлтэй, иргэдэд халтай хууль дүрмийг өөрчилье. Намуудыг өмчгүй болгоё. Сонгуулийг жижиг мажоритар системээр явуулдгаа больё. Лиценз наймаалдгийг зогсоож, ард түмэн баялгийн эзэн болох ажлыг зохион байгуулалттайгаар хийе. Иргэдийг өрийн дарамтгүй болгоё. Уул уурхайн бус бусад барааны экспортыг эрс нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бүтээн байгуулалтгүйгээр улс хөгжихгүй. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжье.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, татварыг нь хөнгөвчилнө. Эдийн засгийн ардчилал гэж байхаа больсон. Тиймээс эдийн засгийн ардчиллыг бий болгоно. Талцаж хуваагдаж, хэрэлдээд суух биш гарц, шийдэл, хөгжил ярих цаг болсон. Чинээлэг дундаж амьдралтай болъё гэвэл надтай нэгд, үгүй гэвэл холхон бай. Шударга бусын хонгилыг хамтдаа нураах цаг болсон. Монгол хүн Монголдоо тайван сайхан амьдарч, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцдэг тийм нийгмийг бүтээхийн төлөө “Нэгдмэл Монгол” хөдөлгөөн байгууллаа. Монголын нийгмийг сайхан болгож, шударга ёсыг тогтоохын төлөө явах болно” хэмээсэн. Энэ нь түүнийг сонгуулийн бэлтгэлдээ гарсныг зарлаад зогсохгүй, ирэх сонгуульд С.Эрдэнэ даргатай АН ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь огтхон ч падгүй гэх шиг болсон. Үүнд С.Эрдэнэ эгдүүцэж, жихүүцсэн байж таарна.
Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн зөвлөхийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхдөө “Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах жил найман сарын хугацаанд МАНАН бүлэглэлийн байгуулсан шударга бусын хонгил, байгалийн баялагт нүүрлэсэн хулгай, дээрэм гээд олон хууль бус явдал илчлэгдэж, улс орон минь зөв тал руугаа явах нь гэсэн итгэл найдвар бага ч болов сэргэлээ. Үүнд бидний хамтын ажиллагааны хувь нэмэр байсан биз ээ. Миний бие цаашид ардчиллаа аврах, хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх, нам дамнасан бүлэглэлийн хамсаатан болсон АН-ын удирдлагатай хариуцлага тооцох зэрэг хойшлуулшгүй ажилд цаг гарган, зүтгэх шаардлагатай байна” хэмээсэн. Энэ бол С.Эрдэнийг намын даргаас унагаж, би өөрөө намын дарга болно хэмээн шуудхан хэлснээс ялгаагүй мэдэгдэл байсан билээ. Тухайн үед С.Эрдэнэ намынхаа онц их хурлыг зарлан хуралдуулахаар товлож, хэвлэлээр зарлаад байснаа онц их хуралдай болгон өөрчилж, аргалан өнгөрөөсөн нь Н.Алтанхуягаас эмээсэн хэрэг гэж ажиглагчид дүгнэж байв.
АН-ын даргын сунгаанд хамгийн их амбиц тээн оролцоод, ялагдсанаасаа хойш намаасаа зай барьж, С.Эрдэнийн өрнүүлсэн шинэчлэлд шүүмжлэлтэй хандаж буйгаа хааяахан илэрхийлчихээд, алсаас ажиглаж суусан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгснөөс хойш ам нээх бүртээ С.Эрдэнийг хавчуулах болсон. Түүний “Шударга бусын хонгилын эзэн Ц.Элбэгдорж өөрийнхөө гар хөл болох С.Эрдэнэ гэдэг хүнийг дэмжиж байгаад АН-ын дарга болгосон. Одоо АН МАНАН-гийн нэг хэсэг болсон” гэх мэтийн үгс ийм эгзэгтэй үед намын даргад нь сум мэт тусах нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, Н.Алтанхуяг ч юу болохыг тааварлаж байсан биз. Тэрбээр Ц.Элбэгдоржтой нэг намын туган дор багтах ямар ч боломжгүйгээ намын даргадаа ил тод хэлсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг намдаа багтаах орон зай гаргавал би энэ намд үлдэхгүй гэсэн байдаг. Харин Ц.Элбэгдорж болон түүнийг дагагчидтай С.Эрдэнэ сүжрээд буй нь Н.Алтанхуягт таалагдсангүй. Тийм ч учраас С.Эрдэнийн урилгаас татгалзаж, намаа шинэчилнэ, удирдлагад нь хариуцлага тооцно хэмээн Ерөнхийлөгчид өргөдлөө өгсөн хэрэг.
Энэ бүхэн С.Эрдэнийн зүрхэнд шар ус хуруулсаар, ирэх сонгуулийн үр дүнг нь хүлээлгүй суудлаас нь суга татаж мэдэх “дайсан” гэж үзээд Н.Алтанхуягийг намаас хөөх шийдвэр гаргав бололтой. Ийнхүү АН-д сонгууль угтсан “их ан ав” эхлэв.
Бэлтгэсэн: А.Амина
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл