АН-ыг эзлэхийн төлөөх Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дуэль албан ёсоор эхэллээ


АН-ыг эзлэхийн төлөөх Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын дуэль албан ёсоор эхэллээ

 

Тус намын Үндэсний бодлогын хорооны хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж Хэнтий аймгийн 42-р тойрогт болох нөхөн сонгуульд оролцох улс төрийн шийдвэр гаргажээ. Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ 5-р сард багтаан эцэслэн тодруулахаар ойлголцжээ. АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тус намын гишүүнчлэлээс хассан гэсэн дуулиан шуугиан дэгдэв.

Сонгинохайрхан дүүргийн АН хуралдаад намынхаа экс даргыг үндсэн дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гарч, цагаан цаасан дээр хараар буусныг АН-ын дарга С.Эрдэнэ ч батлав. Н.Алтанхуяг АН-ын даргаар ажиллаж байх үедээ шинээр барилга барина гэх нэрээр гишүүдээс ирсэн хандивыг хувьдаа завшсан гэж зарим хүн хардаж байгаагаа нуусангүй. Завшсан мөнгөний хэмжээ 6 тэрбум төгрөг гэсэн хүн итгэхэд бэрх тоог ч сошиалд "бор шувуу" болгон нисгэж ч байх шиг.

АН-ын одоогийн дарга С.Эрдэнийн хэлснээс үзвэл Н.Алтанхуяг АН-ын үндсэн дүрэм зөрчсөн бололтой юм. Харин нөгөө талдаа АН-ын удирдлагыг гартаа авна гэж хэлээд Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгсөн Н.Алтанхуягийн эсрэг зохион байгуулалттайаар гутаах ажил эхэллээ гэж дүгнэх хүн ч байна. С.Эрдэнэ нам доторх нөлөө, эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд өөрийн өрсөлдөгч Н.Алтанхуягийн эсрэг өрсөж хөдөлж байж ч мэднэ.

Н.Алтанхуяг өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд 60 тэрбумын луйврын сүлжээг хамгаалагчид АН-ын удирдлагад байгаа гэж мэдэгдсэн. Ямартай ч АН-ын даргын төлөөх цусгүй тулаан С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хооронд дэгдсэн нь тодорхой байна. С.Эрдэнэ намын одоогийн дүрмээрээ хамгаалагдсан, бараг дархлагдсан бол Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй. Тэдний дуэль одоо дөнгөж эхэлж байна.

http://niisleltimes.mn/content/77503?fbclid=IwAR1KOckp1fsAge_GN6lsyD8C067CDCtMSXETy3fVO2tKzOsviVLDWckWv2g


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.