Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр чуулганы хуралдаан дээр орж үг хэлэхдээ өмнө нь УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Энэ УИХ ард түмний эрх ашигт харшлах олон гэмт зүйлийг удаа дараа хийж ирлээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессийн гэрээг УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанитай байгуулж, олон алдаатай бодлого явуулснаас огцорсон. Мөн УИХ-ын 39 гишүүн ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан авсан нь тогтоогдсон. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна. Албан тасалгаандаа архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэснээр хүний амь ч үрэгдлээ. Татварын хуулиар хүний эрхийг зөрчлөө. Улсын хөгжил дэвшлийн үндэс нь төр. Төрийн албан хаагчид ёс зүйг сахиж ирсэн. Өнөөдөр УИХ нь ард олныг сайн сайханд манлайлах чадамжгүй байна. УИХ маань гэмтнүүдийн чуулга болсныг ард түмэнд ил тодоор шүүмжлэн хэлэлцэх боллоо. Тиймээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг та бүхнээс уриалж байна” хэмээн хэлсэн үг нь ард иргэдийн сэтгэлийг огшоож түүнийг Укрианы Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй зүйрлэв.
Учир нь тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр тангарагаа өргөснийхөө маргааш нь ажилдаа орж нэлээн хурц хурц үг хэлж ард түмнийхээ сэтгэлийг хөдөлгөсөн юм. Тэрбээр хоёр сарын дотор парламентаа тараана, хөрш ОХУ-аас булаагдсан бүх газар нутаг, хүн ардаа эргүүлж авна. Ирэх таван жилийн дотор Украйн хүн эх орондоо уйлахгүй болно” хэмээн мэдэгдсэн нь улс гүрнүүдийг алмайруулахад хүргэсэн юм.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сүүлийн үед Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах баталгаа үндсэндээ алдагдаж Монгол төрийг чадамжгүй болгох чиглэл рүү шууд явсан. Тухайлбал, төрийн бодлого үйл ажиллагаа хэрэгжиж байх ёстой газар буюу Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн. Төрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж, бидний ирээдүй болсон хүүхдүүд эндэж, алга болох асуудал газар авсан. Мөн эрх мэдэл албан тушаалаа ашиглаж жирийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн зээлийг өөрсддөө давуу эрх олгон авсан. Үүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын хоёр сайд маш их хэмжээний авлигын хэрэгт холбогдож төрийн нэр хүндийг бүрэн унагсан. Тиймээс л Ерөнхийлөгч Х.Баттулга шийдвэр гаргах ямар ч чадамжгүй УИХ-ыг тар гэж хэлсэн үг нь ард түмний сэтгэлийг хөндөж одоо л манай Ерөнхийлөгч зөв зүйтэй зоригтой алхам хийх нь гэсэн итгэл найдварыг тээж ийнхүү Монгол “ ЗЕЛЕНСКИЙ” хэмээн нэрийдсэн нь энэ юм шүү дээ.
Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл