“Арай ч дээ” гэмээр л албан тушаалаа ашиглаж байна


 

“Арай ч дээ” гэмээр л албан тушаалаа ашиглаж байна

 

Монголын парламентад 4-7 удаа сонгогдсон УИХ-ын найман гишүүн байна. Хамгийн багадаа 16, дээд тал нь 28 жил төрийн ордонд заларсан тэдний туршлага, мэдлэгийг нь ард түмэн үнэлдэг. Төрийн түшээгийнх нь хувьд ч хүндэлдэг. Их улстөрийн нэгдүгээр эгнээнд халаагүй явсан тэд өнөөдөр ч албан тушаалын "өрөм”-ийг авч, өнгийг нь тодорхойлсоор явна.

Гэвч "өвгөн партизан”-уудтай холбоотой албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлэхүйц үйлдлүүд сүүлийн үед нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Үүнийг өгүүлэхийн өмнө ойрын түүх сөхье. Энэ оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүн, сайдын эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-гийн хөрөнгөнөөс хүүгүй шахам зээлийг компанидаа авсан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал сөхөгдөж байв. Тэдэнд хариуцлага тооцож, УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг нийгэм шаардсан. Түдгэлзүүлэх үндэслэлийг нь улсын ерөнхий прокурор баримтаар баталгаажуулан гарган тавьж, парламентад өргөн барьсан. Харин төрийн "төмөр нударга” ЖДҮ-чин гишүүдэд жирийн иргэдийнхтэй адил буух уу, үгүй юу гэдгийг эхний ээлжинд дэнсэлсэн нь УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо.

Тус хороог миний дээр өгүүлсэн парламентчдаас хамгийн ахмад хийгээд олон удаа сонгогдсон таван гишүүн бүрдүүлдэг. Тухайлбал, УИХ-д тасралтгүй долоон удаа сонгогдсон Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, таван удаа сонгогдсон Н.Энхболд, Ө.Энхтүвшин, дөрвөн парламентын нүүр үзсэн Ч.Улаан нар.

Нийгэмд ёс суртахууны үлгэр дуурайл, үнэлэмж хэмжээг тогтооход манлайлах үүрэгтэй "дээд лиг”-ийнхэн маань харин олон нийтийн итгэлийг даагаагүй. Ард түмний боломжийг хулгайлсан ЖДҮ-чдийн талд зогссон. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байхаар шийдсэн. Магадгүй өнөөгийн улс төрийн хамгийн бохир муу хэсэг нь тэд өөрсдөө байх.

Албан тушаалын дарааллын эхэнд "азаргалж” жагсдаг энэ таваас өнөөдөр дөрөв нь Засгийн газрын сайдын албан тушаалыг хашиж байна.

Дахиад л тэд. Даан ч дээ гэмээр, бүр гомдмоор үйлдлийг архаг улстөрчид дахин гаргалаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүүгээ Швейцарьт Элчин сайдаар томилуулав.

Түүнээс гадна хүү нь Сөүл дэх Монголын Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдоод байсан Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүргэн нь Бээжин дэх Элчин сайдын яаманд зөвлөх хийгээд Консулын хэлтсийн дарга болж байна. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг хар. Монгол  Улс БНХАУ руу бог мал амьдаар нь экспортлох цор ганц тусгай эрхийг хадам дүүгийнхээ компанид олгов. Нөгөө сүрхий шударга ёс ярьж гарч ирсэн Засгийн газрын үнэн төрх ердөө энэ.

Ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалаа хэтрүүлэн ашиглаад байгаа юм биш үү гэхээр "Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс бизнесээ эхлүүлсэн юм билээ, надад хамаагүй”, "Яагаад болохгүй гэж, салбарын яамандаа арван жил ажиллаж байгаад дэвшсэн. Миний хүү мэргэжлийнх” гэх ухааны юм яриад, ам таглачихаж байна. Шуудхан хэлэхэд доромжилж байна. Зөвхөн эрх мэдэлтнүүд, тэр дундаа үе солигдолгүй сайд дарга хийсэн гишүүдийн гэр бүлд албан тушаалын аз ирж, арилжаа наймааны од гийгээд байгаа нь олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хөдөлгөж байгааг онцгойлон хэлье.

Тэд иймэрхүү дүр эсгэсэн, арьсаа хамгаалсан манж маягийн хариулттай, хүлээлт эргэлзээ төрүүлсэн ажлын арга барилынхаа ард эрх ашгаа шургуулаад сурчихсан байна.

Намар гэхэд Ч.Улаан сайдын хадам дүү урд хөрш рүү давуу эрхээр мал гаргаад эхэлнэ. Н.Энхболд, Ц.Нямдорж нарын хүү, хүргэдүүд ч албан тушаалын бялуу хүртээд, өндөр хөгжилтэй оронд улсын тусгай хангамж, цалин хөлс аваад сууна.
Харин ард түмэн үүнд дасчээ. Хэвлэл мэдээллийнхэн сөхөж тавина, нийгмийн сүлжээгээр хэсэг шуугина. Хэд хэдэн удаа гишүүн, сайд хийчихсэн нөгөөдүүл "ингэж л байдаг юм” гэсэн шиг харин ч нэг тоохгүй. Үндсэндээ бид эрх мэдэлтнүүдийн хувийн эрх ашгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөөд сурчихсан байна.

Энэ Засгийн газар байгуулагдахдаа шударга ёсыг "туг” болгож, туж ярисаар гарч ирсэн. Гэвч эрх мэдэлд очихоороо хувийн эрх ашгаа урьтал болгож, албан тушаалаа ашиг унац болгохын төлөө зүтгэсэн байдаг л нэгэн Засгийн газар шиг боллоо.

Бид эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрөөд сурчихжээ

Харин ч бүр илүү бохир, эрээ цээрээгүй, айж ичихээ мэдэхгүй эрх мэдэл, албан тушаалын төлөө уралдаж, идэж уухын төлөө зүтгэж байна. Ард түмний хүсэн хүлээсэн шударга нийгэм энэ юм уу. Тэдний амлаж хэлсэн зүйл, бий болгох гэсэн шударга ёс нь ийм байсан юм уу.

Нийгмийг хууль удирддаг уу, ёс зүй удирддаг уу гэж асуух нь тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэдэгтэй агаар нэг юм шиг.

Гэхдээ ардчилсан нийгмийг хууль дангаараа удирддаггүй. Тэнд нийгмийн харилцааг хуулиар зохицуулж, харин зарчим ёс сурт ахуун нийгмийг илүү удирддаг хэмээн үздэг. Тэгж ч бичдэг. Ялангуяа, улстөрчдөд ёс зүй, ёс суртахууны үнэлэмж нь хуулиас хүчтэй үйлчлэх ёстой. Гэвч манайх эсрэгээрээ болжээ. "Маш хурдан баяжих, олз ашигтай бизнес хийе гэвэл эсвэл, эрх мэдэлтэй албан тушаалд өөрөө очихоос гадна үр хүүхдээ томилъё гэвэл УИХ-ын гишүүн бол. Болж өгвөл давхар дээлтэй сайд хий”. Нийгмийг ийм сэтгэхүйд дасгасан хүмүүс бол энэ зураг дээр харагдах тав болон эдний араас парламентын гишүүнээр хэд хэд сонгогдсон улстөрчид юм.

Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.