Барилга, хот байгуулалтын яам салбарын бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй томоохон төсөл арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, салбарынхаа үйл ажиллагааг тайлагналаа.
Хэвлэлийн бага хуралд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон газар, хэлтсийн дарга, харьяа байгууллага, агентлагийн удирдлагууд, төслийн зохицуулагч нар оролцлоо.
Барилга, хот байгуулалтын салбар бол Монгол улсын бүтээн байгуулалтын гол талбар. Энэ ч утгаараа нийгэм, эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Монгол улсын барилгын салбар зах зээлийн давлагаа, эдийн засгийн хямралын үед хүнд нөхцөл байдалд орж байсан ч эдийн засаг сэргэхийн хэрээр салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйл ажиллагаа өргөжин тэлж, хямралаас гарч эхэллээ.
Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ:
2016 оны байдлаар 949,0 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 1 их наяд 45.2 тэрбум төгрөг болж 10.1 хувиар өссөн байна.
Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ:
2016 оны байдлаар 3 их наяд 356.3 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 4 их наяд 9.8 тэрбум төгрөг болж 19.4 хувиар нэмэгджээ.
Улсын төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ:
2017 оны байдлаар 118 тэрбум төгрөг
2018 оны байдлаар 134.1 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлж 12 хувиар нэмэгдсэн байна.
Барилгын салбарт ажиллагсдын дундаж цалин:
2016 оны байдлаар 778 мянган төгрөг
2017 оны байдлаар 842 мянган төгрөг
2018 оны байдлаар 931 мянган төгрөг
2019 оны 1-р улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөг болж өсжээ. Ажиллагсдын дундаж цалин 2016 оноос 30.7 хувиар өссөн байна.
Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс Барилга, хот байгуулалтын сайдын багцын хүрээнд 322,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан байна.
Одоогийн байдлаар Барилга, хот байгуулалтын салбарын хэмжээнд нийт 6947 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 2018 оны байдлаар 76596 ажлын байрыг бий болгосноос 56.6 мянга нь барилга угсралт, 10.0 мянга нь барилгын материалын үйлдвэрлэл, 7.7 мянга нь нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, 1.0 мянга нь хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, 0.2 мянга нь газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна.
БАРИЛГЫН МАТЕРИАЛАА ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛЛОО
Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн 5 жилд 350 гаруй жижиг дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон.
Сүүлийн 5 жилд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.
Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо.
Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байна.
Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.
АНХ УДААГАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ 2 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭВ
БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ. Ингэснээр 2019 онд 9000 орчим иргэнд жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох боломж бүрдээд байна.
Үүний үр дүнд орон сууцны хөнгөлөлттэй зээлд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн зээлийг 2309 зээлдэгчид олгосон нь өнгөрсөн оны мөн үеийн зээл олголттой харьцуулахад 1.5 дахин их байна. Энэ нь дээрх бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт үр дүнтэй байгаа нь харагдаж байна.
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ӨМЧИЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ
БХБЯ-наас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, 06-р сард ашиглалтад оруулаад байна.
1 УБ, ХУД, 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2: /972 айлын орон сууц Нийт талбай 50,482 м.кв/
2 Орхон аймаг: /315 айлын орон сууц Нийт талбай 13,838 м.кв/
3 Хөвсгөл аймаг: /135 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/
4 Говь-Алтай аймаг: /120 айлын орон сууц Нийт талбай 6,619 м.кв/
Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн баталснаар иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна.
Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцлөөр харгалзаж үзнэ.
- яндан бууруулах буюу гэр хорооллын өрхөөс оруулна,
- гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон өрхөөс оруулна,
- ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, барилгаас айл оруулж болно
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй залуу гэр бүл, ахмад настангууд буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилтод бүлгээс оруулна гэж заасан” гэв. БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС МОНГОЛ УЛСАД ОЛГОХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ
БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпораци” “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны 3 дугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулаад байна. БНСУ төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцоод байна.
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ “НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ ТӨСӨЛ”
Барилга, хот байгуулалтын яам иргэдийг орон сууцжуулахад онцгойлон анхаарч хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч байгаагийн нэг нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчмын 1008 айлын орон сууцны төсөл юм. БНХАУ-аас Монгол улсад олгож буй 350 сая юаны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдах уг төслийн солилцох захидал зурагдсанаар энэ онд барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Энэ бол иргэдийн ихээхэн хүлээлт үүсгэж буй агаарын бохирдлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулах нийгмийн бодлогын арга хэмжээ болон хэрэгжих төсөл юм.
“150 МЯНГАН АЙЛ-ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.
УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Барилга, хот байгуулалтын яам БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Монгол улсын Засгийн газраас 50 гаруй жилийн өмнө баригдсан төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажилд онцгойлон анхаарч ажилласны дүнд БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 2019.2.28-ны өдөр төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” ба Бээжин констракшн инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөсөн.
Шинэ Цэвэрлэх байгууламж нь биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах бөгөөд нийт талбайн 24.7 га талбай буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламжийг барьж байгуулна. Мөн шаардлагатай авто зам, явган хүний зам талбай, ногоон байгууламжийг давхар шийдэж өгөх юм. ТЭЗҮ-д тусгагдсанаар хоногт 250,000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 3 үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Лаг боловсруулан биохий гарган авах замаар эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ.
Сэтгэгдэл