Манайх шиг залуу ардчилсан оронд ТББ–уудын санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт бэхжиж, хөгжөөгүй байна. Ийм үед нь ТББ-ын гадаадын санхүүжилтийг хаах нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэх юм. Манай улсад филантропийн соёл бий болоогүй байна.
Иргэдийн дийлэнхийн сонголтоор төр засгаа байгуулахыг ардчилал гэдэг. Хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалаас бүрддэг ардчилсан төр засаг нь иргэдийн худалдаа, бизнесийн эрх чөлөөг хангаж, тэдний эрх, аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалж чадаж байвал иргэдийн амьдрал дээшилж, улс орон нь хөгжих боломжтой.
Гэхдээ дийлэнхийн шийдвэр гэдэг нь бүх иргэдийн шийдвэр бас биш учир нийгэм нэг цул бүтэц биет шиг ажиллах боломжгүй (John Locke). Тийм учраас олонхын шийдвэр тодорхой хугацаанд эерэг үр дүн авчрах боловч, тодорхой нөхцөл байдалд сөрөг үр дагавар нь илрэн гарч ажиллах горимоо өөрчлөх, засч сайжруулах шаардлага гардгийг түүх харуулж байна.
Энэхүү хөөрч буусан, давшиж ухарсан үйлдлийг Харвардын Их Сургуулийн эрдэмтэн С.Хантингтон “ардчиллын давалгаа” гэж тодорхойлжээ. Том зургаар нь харвал хүн төрөлхтөн эдүгээ гурав дахь давалгаанаасаа бууж “ардчиллаасаа ухарч” байгаа ажээ.
Эхний давалгаа нь 1826-1920 онд, АНУ-д эрэгтэйчүүдэд төрд төлөөллөө сонгох эрх анх олгосноор эхэлж яваандаа Франц, Англи, Канад гэх мэт хөгжилтэй 30-аад орныг хамарчээ. 1922 онд Италид Бенито Муссолини төрийн эрхэнд гарснаас эхний давалгаа суларч ардчиллын ухралт эхэлжээ.
Хоёр дахь давалгаа нь дэлхийн II дайны дараа эхэлж 20-оод улс орон төдөлгүй ардчилалд шинээр нэгджээ. Давалгаа багасч, урсгал харьцангуй тогтмол болсны гол шалтгаан нь эмэгтэйчүүд сонгох эрхгүй байсантай холбоотой. Анхны давалгаанд хамрагдсан Швейцарьт гэхэд л дөнгөж 1971 онд эмэгтэйчүүд сонгох эрхээ олж авав.
Гурав дахь том давалгаа 1974 онд Португалд лиш (carnation) цэцгийн хувьсгалаар эхэлж, 80-аад онд, Латин Америк, Зүүн Азийн орнуудад, 90-ээд онд ЗХУ задран унаснаас хойш зүүн Европын орнуудад үргэлжлэв. Энэхүү гурав дахь том давалгаа, өмнөхийн адил, 2001 оны 9-р сарын 11-ий дэлбэрэлтийн дараа АНУ “терроризмийн эсрэг дайн” зарласнаар суларч эхэлжээ. 2008 оны их хямралаас хойш Тайланд, Филиппин, Турк, Польш зэрэг олон улс ардчиллаас ухарсан, улс орон бүрт өөрийн ардчиллын давалгаа байгаа гэж зарим судлаачид үзэж байна.
Гурав дахь давалгаа
Ардчиллын гурав дахь давалгаа зуун шилжихэд 110 орныг хамарсан байлаа. 90-ээд оноос олон арван орон авторитари, тоталитари дэглэмээс ардчилсан дэглэм рүү шилжсэн. Гэвч 2006 оноос энэ шилжилт зогсож, Стэнфордын профессор Л.Даймондын хэлснээр зарим орон ардчиллаас ухарч (democratic backsliding) эхэлжээ.
Ардчиллын ухралт нь
- цэргийн эргэлт хийх
- сонгуулийг санаатайгаар луйвардах
- намууд сонгуулиар засгийн эрхэнд гармагцаа хуулиар дамжуулж ардчиллын инстүүцүүдийг сулруулах
- гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох болон шүүх засаглалд ноёрхлоо тогтоох зэрэг дөрвөн хэлбэрээр явагдах болжээ.
Аль ч хэлбэрээр нь явсан юуны өмнө иргэний нийгмийн дуу хоолойг хааж боогдуулах буюу иргэдийн эвсэн нэгдэх, жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг шууд ба шууд бусаар хязгаарлаж байна. Иргэний нийгмийн үндэс тулгуур болох төрийн бус байгууллагуудын тухай хууль тогтоомжуудыг өөрчлөх, санхүүжилт, үйл ажиллагааг нь хянах, хязгаарлах замаар устгахыг оролдох боллоо. Энэ үйлдэл сүүлийн дөрвөн жилд 60-аад оронд гарлаа.
Пост коммунист орон зайд ТББ-ын үйл ажиллагааг хамгийн түрүүнд, хамгийн үр дүнтэй хязгаарлаж тарааж чадсан улс бол манай хоёр хөрш юм. Сүүлийн үед энэ шахалт Монголд ч эхэлж байна.
ОХУ-д “Гадаадын агентуудын чиг үүргийг гүйцэтгэж буй Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хуулийн нэмэлт өөрчлөлт” гэдэг нэртэй хууль 2012 онд батлагдаж ТББ-ын үйл ажиллагаа, санхүүжилтийг хязгаарласан. Энэ хуулиар гадаадаас санхүүжилт авч байгаа болон, улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд гадаадын агент гэж бүртгүүлэх ёстой болж, тэдэнтэй Хууль зүйн яам нь “тулж” ажилладаг болов. Олон улсын байгууллагуудын зүгээс маш их шүүмжлэл сонсдог энэ хуулийг В. Лукин гэдэг иргэн 2013 онд Үндсэн хуулийн шүүхэд өгч үзсэн боловч, хэвээр үлдээжээ.
1990 оноос ардчилалд шилжсэн, хамгийн тогтвортой гэж үзэж байсан Унгар, Польш зэрэг орнууд ардчиллаас ухрах болсон нь гайхал төрүүлж байна.
Унгарт төрийн бус байгууллагуудыг хааж, Ж.Соросын Нээлттэй нийгэм санг ард түмний дайсан гэж Ерөнхий сайд В.Орбан зарлав. Европ руу цагаачдыг гаргахыг уриалсан учир энэ санг үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж байна гэж үзжээ. 2016 оны 4-р сард Дээд боловсролын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар Соросын сангаас санхүүждэг Төв Европын их сургуулийг шахаж улсаасаа хөөн гаргав (Зулека 2018). Унгар мөн 2017 онд “Гадаадын дэмжлэгтэй байгууллагуудын ил тод байдлын тухай” хууль гаргаж 23 мянган еврогоос илүү санхүүжилттэй байгууллагуудыг өөрийн вебсайт, танилцуулга, хэвлэмэл материалууд дээр хандивлагч бүрээ дурдах шаардлага тавьсан (Женсен, 2017). Энэ шаардлагыг биелүүлээгүй бол 2900 еврогийн торгууль ногдуулна. Давтан үйлдвэл тухайн байгууллагыг татан буулгах болов. Үүнийгээ мөн л мөнгө угаах, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхийн эсрэг бодлого гэж үзэж байна.
Харин Польш улсад 2017 оны 9-р сард Ерөнхий сайдад шууд тайлагнадаг Иргэний нийгмийн хөгжлийн үндэсний төв гэх агентлагийг шинээр байгуулсан. Энэ төв нь Засгийн газрын болон Европын, бусад олон улсын байгууллагуудын ТББ-уудад зориулсан төсөв санхүүг хуваарилах болов. Польшийн эрх баригч намаас ТББ-уудыг муу (либерал), сайн (консерватив) гэж хуваах болов (Сианетти, Давсон, Ханлий, 2018). Засгийн газрын үйл ажиллагааг дэмждэггүй ТББ-ууд хүнд цохилт авлаа. Гадаадын дэмжлэгтэй ТББ-уудад бүр сөргөөр нөлөөлж байна. Польшид нийгмийн цөөнхийн асуудлыг илэрхийлдэг ТББ-уудын хувьд нөхцөл байдал улам хэцүү болжээ (Зулека, 2018). Үүнд арьс өнгөөр ялгаварлахыг эсэргүүцдэг, цагаачлалыг дэмждэг, “Watch Dog”-ны үүрэг гүйцэтгэдэг байгууллагууд юуны өмнө орж байна. Мөн Польшийн Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж нийгэмд ТББ-уудын нэр хүндийг унагаах ажил хийж байна. Эрх баригчдыг шүүмжилсэн ТББ-уудын төлөөллийг хянаж, шалгах болов. 2016 оны 10-р сард Үр хөндөлтийг хориглосон хуулийн эсрэг жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүсийн баримт бичиг, компьютер зэргийг шалгасан (Иргэний нийгмийн тогтвортой байдлын индекс, 2018).
Харин Монголд
Монгол улс Төрийн бус байгууллагын тухай анхны хуулийг 1997 онд баталжээ. 2019 оны 6-р сарын байдлаар манайд 21,040 төрийн бус байгууллага бүртгэлтэй ч, 8500 нь буюу талаас бага нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Гэвч эдгээр байгууллагууд ашгийн бус, нийтэд тустай үйл ажиллагаа голлон эрхэлдэг, харин хөгжингүй орнуудад түгээмэл дэлгэрсэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрийн үйл ажиллагаа хянах талаар ажилладаг нь цөөхөн байна гэж монголын төр засаг үздэг ажээ.
ХЗДХ Яамны Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга П.Сайнзоригийн илтгэлд дурдсанаар ТББ байгаль орчин, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол, улс төр, шашин гэх мэт бүх салбарт ажиллаж байна. Үүнээс дийлэнх нь уул уурхайтай холбоотой эсвэл энэ салбар, чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байна гэжээ. Тийм учраас ТББ-аас гадна Ашгийн бус байгууллагын тухай хууль хэрэгтэй байна гэж тэр хэлэв. Цаашлаад манай төрийн бус байгууллагууд гадны төлөөлөгчийн газрууд шиг болсон учир санхүүжилтийг нь төрөөс дэмжих хэрэгтэй гэлээ. Мөн дэд сайд асан Б.Энхбаяр тийм хуулийн төслийг бэлдэж, манай төрийн бус байгууллагуудын 80 хувь нь гадаадаас санхүүжилт авдаг. ТББ-ыг хянахгүй, үнэлгээ дүгнэлт хийхгүй бол мөнгө угаах, терроризмын гэмт хэргийн эрсдлийг өндөр болгож байна гэжээ. Тийм учраас монголын төр ТББ-уудыг “цэгцлэх” ажилд ханцуй шамлан орж байна.
Манайх шиг залуу ардчилсан оронд ТББ–уудын санхүүжилт, бүтэц, зохион байгуулалт бэхжиж, хөгжөөгүй байна. Ийм үед нь ТББ-ын гадаадын санхүүжилтийг хаах нь үйл ажиллагаагаа зогсооход хүргэх юм. Манай улсад филантропийн соёл бий болоогүй байна.
Ийнхүү олон оронд ардчиллаас ухрах үйл явдал өрнөж байна. Монголд сүүлийн хоёр, гурван жил өрнөж буй бүх үйл явдлуудыг нэгтгээд харвал ардчиллаас ухраад эхэлсэн гэж дүгнэж болно. Одоо хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэх цаг.
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл