Осол тоолохгүй баярлах юмсан...


Баяр наадмаар зам тээврийн ослоос болж тэдэн хүн нас баржээ, энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тэдэн хувиар өссөн, буурсан үзүүлэлт байна гэж замын цагдаагийнхан мэдээлж байна.

Байдаг л зүйлшиг энэ тоо баримтын ард байгаа аймшигт хагацал, халуун амь, харуусал, гунигийг яалтай вэ. Жилдээ ганцхан удаа агаар салхинд гарч, гэр бүлийнхэнтэйгээ амарч зугаалдаг баяр болох наадмын хэдхэн өдөрт зөвхөн авто ослоор 12 хүн алтан амиа алдаж, 48 хүн гэмтэж, бэртсэн гэсэн мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгч байна. Ослын дийлэнх нь орон нутгийн замд, хурд хэтрүүлэн зорчсон шалтгаантайгаар үүсчээ.

Замын цагдаагийнхан “Яараад яахав дээ” аяныг улс даяар өрнүүлж, бид ч олон нийтийн сүлжээнд дор бүрнээ л тархааж, ухаантай үгс бичиж суусан биш үү. Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослоос болж бага насны хүүхэд амиа алдсан тохиолдол өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн байна.

Фэйсбүүк сүлжээнд олон нийтийг цочролд оруулсан зурганд цогцсыг нь бүтээсэн даавууны ёроолоос цухуйсан бяцхан хоёр хөл харагдана. Хажууд нь бас дахин нэг бүтээлгэтэй жижигхэн бие. Хөөрхий хүүхдүүдийн идэх гэж нандигнан явсан задлаагүй чипс, савтай ундаанууд нь базсан цаас шиг болсон машиных нь эргэн тойронд шидэгдсэн харагдана. Хэнтий аймагт гэр бүлээрээ аялж явсан зорчигчид замын хажуу руу онхолдож 5, 10 настай хоёр хүүхэд болон 21 настай эмэгтэй газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэн осол энэ сарын 12-нд гарсан нь энэ.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” нуурын эрэгт амарч байсан иргэдийн майханг нэгэн жолооч автомашинаараа мөргөж, дотор нь байсан зургаа, долоон сартай хүүхдийн амийг хохироосон осол 13-нд гарсан.

Амьдралд ирээд хэдхэн сар болж байсан хоёр бяцхан охин анхны аяллаа хийж яваад ийнхүү аймшигтайгаар буцах нь тэр. Аав, ээжийнх нь сэтгэл санаа ямар хүнд байгаа бол гэж бодохоос өр өвдөж байна. Амарч зугаалаад нуурын эрэгт майхандаа хэвтэж байхад нь хурд хэтрүүлсэн галзуу нэгэн ирээд мөргөчихнө гэж даанч санаагүй байх л даа. Майханд байсан гурав, 11 настай хоёр эрэгтэй хүүхэд, амиа алдсан охидын нэгнийх нь ээж бололтой 21 настай эмэгтэй гурав хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Майхан мөргөсөн приус маркийн машины жолооч нь залуухан эмэгтэй байжээ.

Архангай аймаг Тариат суманд  “Toyota Axio” маркийн автомашин онхолдож жолооч нь болох 37 настай залуу нас барсан, Хөвсгөл аймгийн Алаг эрдэнэ суманд хоёр машин хоорондоо мөргөлдсөнөөс 29 настай эмэгтэй зорчигч нас барсан, Дорноговь аймгийн Айраг суманд “Тоёота” маркийн машин мотоциклтой мөргөлдсөнөөс  24 настай залуу нас барсан, Ховд аймгийн Алтай суманд том оврын машин шороон зам дээр онхолдсоноос 61настай эрэгтэй нас барсан.

 

Харин нийслэлд баяр наадмын эхний өдөр приус маркийн автомашины жолооч 30 настай явган зорчигч эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон, Чингэлтэй дүүрэг, Хайлаастад гэр хорооллын гудамжинд 1.6 настай эрэгтэй хүүхдийг “Lexus LX470” маркийн машины жолооч дайрч амь насыг нь хохироосон гэх мэтээр энэ жагсаалт үргэлжилнэ.

Ердөө энэ баяр наадмын тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгасан байгаа юм. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 27.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт ослын 83 хувь нь орон нутгийн замд гарсан байгаа нь амарч, зугаалж байгаа иргэд хурд хэтрүүлэн давхиж байгаатай яалт ч үгүй холбогдож байна.

Наадмын өмнөх өдөр Дарханы замд болсон ослын үеэр эмээгээ газар дээр нь нас барахад жолоо барьж явсан ач охин нь болох залуухан бүсгүй “Нутгийнх нь наадмыг үзүүлэх гэж дагуулж яваад алчихлаа шүү дээ” гэж уйлан орилж байв.

Баярлаж, цэнгэх өдрүүдээ гашуудлын цуваагаар сольсныхоо дараа харуусаж суумааргүй л байгаа юм. “Зам чамаас зугтахгүй, харин амьдрал чамаас зугтана”, “Үүрд очихгүй байснаас хожимдоод ч болсон очсон нь дээр” гэх мэтээр “Яараад яахав дээ” аяны хүрээнд мөн ч их давалгаалсан даа. Харамсалтай нь дахиад л олон амь эндлээ. Тэр дундаас бяцхан үрс бурхны орондоо олноороо буцчихлаа.

Жолооч та алд бие, алаг үрс, амраг хань, аав, ээжийгээ тэнгэрийн оронд илгээх гэж тэгж их яаран давхидаг хэрэг үү.

Б.ТӨГС

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.