"Говь" ХК-ийн ажилтан бохирын лаганд унан амиа алджээ


Өчигдөр буюу энэ сарын 23-нд "Говь" ХК-д ажилладаг 18 настай залуу бохирын лаганд унан амиа алдсан гэх хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Тодруулбал, тус компанид ажилладаг 18 настай залуугийн цогцосыг 24-ний шөнийн цагийн үед бохирын лагнаас онцгой байдлын аврагч нарын тусламжтай гарган авчээ. Говь ХК-ний 18 настай ажилтан 23-ний өглөө бохирын лаг шүүх газарт орж, бохир соруулах ажил хийх үүргийг компанийн удирдлагуудаас авчээ. Харин ажлын цаг тарсан ч тухайн ажилтнаас ямар нэг холбоо байхгүй байсан учир ар гэрийнхэн нь сураг ажиг тавин хайж эхэлжээ. 

Тиймээс 23 цагийн орчимд талийгаач залуугийн ээж Говь компанийн байранд ирж, хүүгээ асуун дотогш нэвтрэхийг хүссэн ч оруулаагүй аж. Энэ үед шаардлага тавьснаар ажлын байрны хяналтын камер шүүхээр болж, хүү нь бохир  соруулах газар руу орсноос хойш эргэн гарч ирээгүйг мэдэн Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. 

Үүний дараа аврагчид хэргийн газар ирж, бүх бохир, лагийг соруулснаар шөнийн 02 цагийн орчимд талийгаач залуугийн цогцосыг гарган авсан байна. 

Одоо энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаагүй, хэрэг гарснаас хойш хэт их хугацаа алдаж, хяналтын камерын ажилтнууд хариуцлагагүй ажилласан хэмээн хохирогчийн ар гэрийнхэн Говь компанийн удирдлагуудад гомдолтой байгаагаа мэдэгдсэн юм. Амиа алдсан залуу тус компанид гурван сар гаруй хугацаатай ажиллаж байсан бөгөөд наадмын өмнөхөн орон тооны албан ёсны ажилтнаар жинхэлсэн байжээ. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.