Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы даалгавраар Нийслэлийн прокурорын газраас олны анхаарал татсан зарим хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн боловч дорвитой үр дүн гараагүй л байна. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт болон Ерөнхий сайд асан С.Баяр, Жастын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг буюу УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Р.Онон зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст холбогдох хэрэг өнөөг хүртэл шийдэгдэлгүй хойшилсоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн шинэчлэлийн хийхийн сацуу гэмт хэрэгт нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг яаралтай шийдэх албан бус даалгаврыг холбогдох албаныханд өгсөн гэх мэдээлэл бий. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга болон Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарын даалгавраар улсад их хэмжээний хохирол учруулсан гэх албан тушаалтнуудад холбогдох шүүх хурал энэ сараас эхлэн болох гэж байна.
Эдгээрээс хятадын компанид давуу эрх олгосон, улмаар хээл хахууль авсан хэрэгт холбогдоод буй Засгийн газрын гишүүн асан, Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох шүүх хурал өнөөдөр болох гэж байна. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Чайна машинери инженеринг” корпорацид давуу байдал олгож, Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”.
Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдсэн юм. Энэ дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хурал хойшлогсоор өнөөг хүрээд буй. Тэгвэл өнөөдөр буюу энэ сарын 24-ний өдрийн 11.00 цагаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болох гэж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр сайд асан М.Сономпил нь биеийн байдал тааруу гэдэг үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавих тухай мэдээлэл байна. Хэрвээ энэ мэдээлэл үнэн байгаад шүүхээс уг хүсэлтийг хангавал М.Сономпилд холбогдох шүүх хурал дөрөв дэх удаагаа ийн хойшлох юм.
Түүнд холбогдох шүүх хурлын шүүгчээр Д.Алтанжигүүр, Улсын яллагчаар Н.Нямдорж оролцох бол хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Ганбаяр болон өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, Д.Доржсүрэн нар оролцох юм байна.
Г.Эрдэнэ
Эх сурвалж: 24tsag.mn
Сэтгэгдэл