АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Т.Баярхүү өнөөдөр /07.30/ олны анхаарал татсан авлигын гэмт хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Түүний мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе.
-Төрийн алба хаагчдын авлига авсан бичлэг олон нийтэд ил болсон. Энэ талаар
-АТГ-аас тодорхой хэмжээнд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалтууд, зөвлөмж, чиглэлүүдийг өгөхөөс эхлээд олон арга хэмжээг авч ажиллаж байгаа. Өчигдөр дэлгэсэн МХЕГ, АТҮТ-ийн дарга нартай холбоотой бичлэгийн талаар хэлэхэд тэдгээр хувь хүн рүү чиглэсэн ажил байгаагүй. Энэ хоёр хэргийг л онцлоод байгаа асуудал биш, зөвхөн шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг олон нийтэд дэлгэсэн. Цаг хугацааны хувьд 2017, 2018 оны бичлэг байгаа. Улстөржсөн асуудал байхгүй. Хамгийн чухал нь авлигын нөхцөл байдал ийм хэмжээнд явагдаж байна гэдгийг л харуулсан. Манай байгууллагын үйл ажиллагааг мушгин гуйвуулсан, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч, тус байгууллагад итгэх иргэдийн итгэлийг алдуулаад байгаа. Авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүс, шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хүмүүс АТГ-ын талаар буруу ташаа мэдээллийг их түгээдэг. Тиймээс бидний нэр хүндийг хугалж байгаа хүмүүсийн үйлдлийг ийм баримтаар нотолж илрүүлсэн шүү гэдгийг харуулахын тулд аргаа барахдаа л ингэлээ. Түүнээс биш хоёр хүний асуудлыг фокуслаад онцлоод байгаа юм биш. Ингэж нотолж, баримтжуулж хийсэн ажлыг илт буруушааж, өөрсдийгөө улс төрийн хэргийн золиос болсон гэхгүй байх.
-“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг, УЕП асан Д.Дорлигжав нарт холбогдох хэргийн тухай
-Манай байгууллага дээр шалгагдаж байгаа хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн асуудал байхгүй. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан бол бид тухайн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй болно гэсэн үг. Жастын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэртэй хуурамч гэрээ байгуулсан, байгуулаагүй гэх хэргийг манайхаас мөрдөн шалгах арга хэмжээ явуулаад прокурорт шилжүүлсэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс буцаасан гэсэн мэдээлэл өчигдөр надад ирсэн. Энэ бол нэмэлт шалгалт хийх шаардлагатай буцаагаад хариу өгөх байх. Энэ хэрэг шүүхийн шатанд хянагдаж байгаа. Гэх мэтчилэн хэргүүд тодорхой хэмжээний цаг хугацаатайгаар шийдэгдэнэ. Нэг хэрэг гаргаж ирэхээр нөгөө хэргийг шийдсэнгүй гэж барьцдаг зангаасаа татгалзмаар байна.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хэргийн тухай
-Хувь хүний нэр зааж хэлэх мэдээлэл надад байхгүй байна. Тэр хүнийг шалгаж байгаа эсэхийг тодруулаад эргээд хэлж болох байх.
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор шалгагдаж буй шүүгч нарын тухай
-Салхитын мөнгөний орд газрын лицензийг шилжүүлэхтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хилийн хориотой холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шүүхээс асуух нь дээр байх. Тэр хүнийг авчрах асуудал тавигдсан. Одоохондоо шалгагдаж байгаа хүн шүү дээ. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байна гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: ERENNEWS.MN
Сэтгэгдэл