Айлчлалын далд мэдээлэл ба Путины гарын үсэгтэй 10 амлалт


Далд гэдэг нь сэтгүүлчдийн гаргаагүй, олон нийтэд хүргээгүй зарим мэдээлэл гэсэн санаа. Далд мэдээлэл гэж В.Путин “ОХУ нь Монголын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байна” гэсэн нь манай улсын зарим усан цахилгаан станцын төслийг оросууд явуулахгүй юм байна гэсэн санаа гэх анализ, таамаг бас хараахан биш юм.

Харин хоёр улсын Ерөнхийлөгч ямар баримт бичигт гарын үсэг зурчихав аа, Иж бүрэн стратегийн түншлэл гэдэгт юу багтаж байгааг сонирхож үзлээ.  Тэдгээрээс, хоёр Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан Иж бүрэн стратегийн түншлэлийн “хамгийн, хамгийн чухал…” 10 заалтыг гадаад харилцаа, дипломат ёсонд хэрэглэдэг үг хэллэгээр нь бус,  энгийн үгээр хүргэе.  Талууд гэдэг нь ОХУ, мөн Монгол Улс.

  1. Талууд бие биеэ эрх тэгш,  тусгаар тогтносон улс хэмээн үзнэ.
  2. Талууд нь бүрэн эрхт харилцан адил байх, хүч үл хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэхгүй.
  3. Улсын дотоод болон гадаад хэрэгт хөндлөнгөөс үл оролцоно.
  4. Хоёр тал бие биеийн эсрэг чиглэсэн цэрэг-улс төрийн аливаа эвсэлд оролцохгүй.
  5. Нөгөө талынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын эрх ашигт харшилсан ямарваа нэгэн гэрээг гуравдагч улстай байгуулахгүй.
  6. Нөгөө талын эсрэг чиглэсэн аливаа үйлдэлд оролцох, эсхүл ийм төрлийн үйлдлийг дэмжихээс түдгэлзэнэ.
  7. Аль ч тал өөрийн нутаг дэвсгэрээ нөгөө талын эсрэг түрэмгийлэл буюу аливаа хүчирхийлэл үйлдэх зорилгоор гуравдагч улсад ашиглуулахгүй.
  8. Гадаадын цэрэг, цөмийн болон үй олноор хөнөөх бусад төрлийн зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх, нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлэхгүй байхад чиглэсэн Монгол Улсын бодлогыг ОХУ хүндэтгэнэ.
  9. ОХУ нь Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх болно.

10.Дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийн шинэ коридор байгуулах, түүний дотор автозам болон УБТЗ-ын хүрээнд царигийн нэгдсэн стандарт 1520 мм өргөнд тулгуурласан төмөр замыг бий болгох хамтарсан ажлыг талууд үргэлжлүүлнэ. ОХУ нь Монгол Улсад далайд гарах эрхээ хэрэгжүүлэхэд нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ, гэжээ.

Аливаа улсад хамгийн эрхэм хийгээд үнэ цэнэтэй нь тусгаар тогтнол. Бас олон улсын төвшинд эрх тэгш харилцаа хамгаас чухал. Энэ бүгдийг багтаасан, амлалт болгож Путин Ерөнхийлөгчийнх нь гарын үсгээр баталгаажуулсан гэрээг хойд хөрштэйгөө байгуулсан нь энэхүү айлчлалын хамгийн чухал ач холбогдол юм.

Айлчлалын үеэр гарын үсэг зурсан 10 баримт бичиг,  Халх голын дайны ой зэрэг нь үүний дараа орно. Дашрамд дурдахад, Иж бүрэн стратегийн түншлэл нэртэй, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулсан, гадаад харилцаанд бол “хамгийн дээд төвшний харилцаа” гэж тодорхойлдог ийм баримт бичгийг манай улс хоёр хөрштэйгөө байгуулаад байгаа юм байна.

Б.Сугар

Эх сурвалж: itoim.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.