Сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай хуулийн төслийг эргүүлэн татна


Хонконгт олон сар үргэлжилсэн жагсаал цуглаан үүсгэсэн "Сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай хуулийн төсөл”-ийг албан ёсоор эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам лхагва гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулсан уг баримт бичигт Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөхийг тусгасан байсан юм. К.Лам өнгөрсөн зургадугаар сард уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байсан юм.

Хуулийн төслийг эргүүлэн татах нь жагсагчдын таван гол шаардлагын нэг байсан бөгөөд тэд мөн ардчиллын төлөө тэмцэж байгаа ажээ. Түүнчлэн зарим жагсагч К.Ламын шийдвэрийг үл харгалзан үргэлжлүүлэн жагсахаа мэдэгдсэн байна.

Лхагва гарагт Хонконгийн засаг захиргааны тэргүүн мэдэгдэхдээ, эмх замбараагүй байдлыг намжаахын тулд өөр бусад арга хэмжээг авж хэрэгжүүлнэ гэжээ. Мөн жагсаалын үеэр цагдаагийн ажилтнуудын гаргасан үйлдлийг шалгах ажиллагаанд хоёр өндөр албан тушаалтныг нэмж томилно хэмээн мэдэгдсэн байна. Жагсагчдын өөр нэгэн шаардлага нь цагдаагийн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгуулах байжээ.

Хонконгт 14 долоо хоног дараалан жагсаал цуглаан өрнөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын хоорондын сөргөлдөөн даамжирсан билээ. 

Э.Хулан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.