1000 оюутны байранд 290 мянгын хагас автомат угаалгын машиныг 2 САЯ төгрөгөөр шахсан түүхээс ...


Дэндүү гэхэд арай дэндүү хэрэг МУБИС-д гарчээ.

“Оюутны өргөө” цогцолбор буюу олны нэрлэдэгээр 1000 оюутны байр нь 2013 онд ашиглалтанд орсон. БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар баригдаж, тогтмол зардлаа улсаас авч санхүүждэг төрийн байгууллага агаад яамны сайдын тушаалаар удирдлагын эрх мэдлийг МУБИС-д шилжүүлжээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр цогцолборын менежментийн багийн ахлагчаар МУБИС-ийн санхүү эрхэлсэн дэд захирал Л.Ганцэцэгийг  томилж, аж ахуйн тооцоон дээр ажиллахыг даалгаж, тусгай данс нээж, захиран зарцуулах 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгосон.  

Гэтэл энэ эрхийг багийн ахлагч хатагтай эсрэгээр нь ашигласан байна. Тэр тусмаа МУБИС шиг төрийн өмчийн том сургуулийн Санхүү эрхэлсэн дэд захирал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг  ноцтойгоор зөрчиж тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулан “Цалгайн хүү” компаниас нэг бүр нь хоёр сая төгрөгийн үнэтэй хагас автомат угаалгын машин 20 ширхгийг нийт 40 сая төгрөгөөр худалдан авчээ. Төрийн өмчөөр худалдан авалт хийж буй тохиолдолд 10 сая төгрөгөөс дээш үнэтэй бол заавал тендер зарлах ёстойг захын дарга мэднэ. Мөн гурваас доошгүй үнийн саналаас харьцуулалтын аргаар сонгож худалдан авах ёстой.

Гэтэл тендер зарлалгүйгээр шууд гэрээ байгуулагдан хагас автомат угаалгын машиныг хоёр портероор ачаад иржээ. Ирсэн машинуудыг 1000 оюутны байрны давхар бүрд тавьжээ. Үнийг нь сонссон багш ажилтнууд “Ямар үнэтэй юм бэ” гэлцсэн ч худалдан авалтыг МУБИС-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал хатагтай хийсэн тул яаж ч чадсангүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийн нэг тал. Нөгөө тал нь үнэ нь байлаа.

Худалдаж авсан хагас угаалгын машин нэг бүр нь хоёр сая төгрөгөөр ирсэн нь тухайн үедээ одоо ч байж боломгүй өндөр үнэ. Тэрхүү “МIDEA-MWJ-120-1002” загварын хагас автомат угаалгын машин тухайн үед Улаанбаатарт 290 орчим мянган төгрөгөөр зарагдаж байжээ. Ийм үнээр 20 ширхэгийг 5-6 саяд авах боломжтой ч 40 сая төгрөгөөр үнэ цохин авчээ.  

Чухам яагаад 1000 оюутны байранд нийлүүлэгдсэн хагас автомат угаалгын машин ийм ухаан алдмаар үнэд хүрсэнийг гэрээ байгуулсан дэд захирал хатагтай, “Цалгайн хүү” компаний захирал Д.Мөнхжаргал нар л мэдэх биз. Компаний захирал “бизнесийн байгууллага нь ашиг олох зорилгоор явуулсан үйл ажиллагаа гэж ойлгож байна. Миний санал болгосон үнийг хүлээн авахгүй байх боломж нь Л.Ганцэцэгт байсан” гэснээр өөрийгөө аваад гарчээ. Бараагаа үнэд хүргэж чадсан, бүр тэнгэрт тулсан үнээр зарж чадсан бизнесмэнийг буруутгах аргагүй болж байна.

Харин дэд захирал хатагтай 1000 оюутны байр нь төсвөөс санхүүжилт байхгүй их хүнд байсан гэжээ. Яам энэ цогцолборыг МУБИС-д шилжүүлэхдээ санхүүжилтийг нь хамт өгсөн баймаар. Үнэхээр мөнгө байхгүй байсан юм бол 40 сая төгрөг хаанаас гарав гэх мэт асуулт гарч ирнэ. Хүн амьдрахад шаардлагатай эд хогшил байхгүй тул Оюутны холбооноос шаардаад бас оюутнууд өргөх бичиг бариад зовоожээ.

Ингээд судалж үзсэний дээр хамгийн түрүүнд угаалгын машин авахаар шийдсэн байна. 1000 оюутанд гарын ая дээх эдэлгээ сайтай эд хэрэгтэй тул Оросынхыг дээр гэж үзжээ. “Цалгайн хүү” компаний борлуулдаг хагас автомат угаалгын машины танилцуулга орос хэл дээр байсан тул шууд худалдаад авчихжээ. Гэтэл үнэндээ авсан “МIDEА-MWJ-120-1002” загвар нь Хятадых агаад Эрээний “Erlian Hot Long Yuan Traiding” дэлгүүрт зардаг болохыг угаалгын машин борлуулдаг бусад компанийнхан баталсан.  

Энэ наймаанаас “Цалгайн хүү” компани том ашиг олсон нь мэдээж. Харин хардлага төрүүлж буй зүйл нь дэд захирал хатагтай хувь “хүртсэн” эсэх юм. Хэдийгээр тэрээр албан үүрэгтээ хайнга хандаж яаран гэрээ байгуулсан гэсэн ч улсад 34 сая төгрөгийн  хохирол учирсан гэж үзжээ. Энэ хэрэгт нь түүнд нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасах, 5,4 сая төгрөгөөр торгох ял оноож учирсан хохирлыг “Оюутны өргөө цогцолбор”-д төлөхийг даалгасан. Харин бараагаа үнэ хүргэж зарж чадсан “Цалгайн хүү” компаний захиралд хуулийн хариуцлага оноогоогүй.

Гэхдээ л ёс зүйн болон бизнесийн соёлын хувьд  арай л увайгүй үйлдэл гаргасан. Тухайн үед зах зээлд 290 мянган төгрөгийн л үнэтэй байсан бараагаа хоёр сая төгрөг гэж яаж хэлж чадсан юм бол... Энэ хэргийг шийдэж байхад МУБИС нь санхүү эрхэлсэн дэд захирлаа өөрийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын их сургуулийн захирлаар томилсон байв. 1000 оюутны байранд нийлүүлсэн “МIDEА-MWJ-120-1002” загварын хагас автомат угаалгын машин нь одоо зах зээлд 340 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна.  

Б.Барлас

ЭХ СУРВАЛЖ: ТОVCHOO.MN

http://tovchoo.mn/view/article/?page=show&id=20927&fbclid=IwAR1LuZjq-mG-AO0VsY2udAn5uQAPvKZngjBhX0mUbxYndCbUNZZkR6mHdLw


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.