МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгтэй бичиг, тус намын Удирдах зөвлөлийн дэмжлэг, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Дангаагийн Ганбатын тушаалаар МИАТ ТӨХК-ийн дэд захирлаар томилогдсон Нямаагийн Энхбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй талаар бид өмнө нь нэг бус удаа мэдээлсэн. Тэгвэл хэрэгт хяналт тавьж буй прокурорын байгууллагаас түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгох гэж буй тухай мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад хэн нь ч тодорхой хариулт өгөхийг хүссэнгүй.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд саатуулж байсан билээ. Тэрбээр МИАТ-ийн дэд захирлаар томилогдоод удалгүй “Энканто таун” хотхонд 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авчээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан ч эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй учраас АТГ-ынхан шалгаж эхэлсэн юм. Эрүүгийн хэрэгт ийнхүү шалгуулж буй хүнийг МАН-ын ах нар нь хамгаалж буй нь өнөөг хүртэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлж, түдгэлзүүлээгүйгээс илэрхий.
Тэрбээр дээрх өндөр үнэтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан эх үүсвэрээ найз нараасаа авсан гэж мэдүүлдэг бөгөөд үүнтэй нь холбогдуулан гадаад, дотоодод байгаа зарим хүнийг АТГ-ынхан дуудаж шалгасан байдаг. Тэдний дунд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатын төрсөн дүү, МИАТ компанийн Японд суух төлөөлөгчөөр томилогдоод явсан Ж.Бат-Эрдэнэ ч бий.
Хууль сахиулах байгууллагынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт хэд хэдэн хүнийг шалгасан ч өнөөдөр улиг болоод байгаа хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр хэрэгсэхгүй болоод буй билээ. Тухайлбал, ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгийн хэрэг үүний бодит жишээ. Мөн АМГТГ-ын эрх бүхий нэг албан тушаалтан гэнэт нэмэгдсэн хөрөнгөө үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа. Авлигын хэрэг тэр даруйдаа илэрдэггүй, мөрдөн шалгах нууц ажиллагааны хүрээнд олон жилийн дараа илрэх нь ч бий. Тийм атал хөөн хэлэлцэх хугацаа нь богино байгаа нь татвар төлөгчдийн хөрөнгийг завшигч цагаан захтнуудад боломж олгоод буй билээ. Гэхдээ Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг улсын орлогод буцаан авах эрх зүйн орчин бүрдэж, Р.Ононгийн олон өрөө байрыг хураан аваад буй.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл