Дарга ч бас доллар биш


Хүн доллар биш болохоор бүгдэд таалагдах албагүй” гэсэн үг нийтийн дунд амнаас ам дамжигдан хийсч явдаг даа. Яг түүн шиг хэн нэгэн дарга ч, цэрэг ч, албан тушаалтанд ч мөн л хүн бүрт таалагдах албагүй. Харин хуулийн дагуу, заасан эрх хэмжээндээ, үүргээ биелүүлэн ажиллах ёстой. Тэр тусмаа хууль, хүчний байгууллагынхан улс, эх орон, ард иргэдийн амар тайван, сайн хайхны төлөө хуулийг хэрэгжүүлэхийн тулд тангараг өргөсөн, тусгай чиг үүрэгтэй хүмүүс ажилладаг газар.

Гэтэл сүүлийн өдрүүдэд цагдаа, шүүх, АТГ гэхчилэн байгууллагууд муу ажиллаж, дарга нар нь албан тушаалтнуудаа халж, сэлгэлээ гэх мэдээлэл түгэх болсон. Тэр дундаа АТГ-ын дарга З.Дашдаваагийн талаар яригдсан. Тодруулбал, ““Хонгил” нураана гэдгээр хуулийн байгууллагын дарга нарыг өөрчилсөн. Энэ халаа сэлгээний хүрээнд  АТГ-ын дарга З.Дашдавааг томилсон  юм. Гэтэл тэр хүн 10 гаруй мөрдөн  байцаагчаа гэнэт  тушаал  гаргаж  халсан  гэх  мэдээлэл байна. Магадгүй ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл  авсан УИХ-ын гишүүдийг  шалгаж байсан мөрдөгчдийг явуулсан  байх  магадлалтай  байгаа юм.” гэжээ.

АТГ-ын зүгээс хэдий бие даасан байгууллага боловч хуулийн хүрээнд ажиллах үйл явцыг нь тодорхой зааж өгсөн байдаг. Тэр ч утгаараа олны анхаарлыг татсан “Жаст”-ын Ш.Батхүүд  холбогдох  хэргийг  шүүхэд шилжүүлээд найман сар болсон. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг  болон  ЖДҮДС-гийн  албан тушаалтан нарын 13 хүнд холбогдох хэргийг мөн шүүх рүү шилжүүлжээ.Энэ талаар АТГ сар бүрийн 25-нд хэвлэлийнхэнд өгдөг мэдээллүүдийнхээ үеэр өгч, хэргүүдийн үйл явц, өрнөлийг тодорхой өгсөөр ирсэн байдаг.

Харин өнөөдөр гэнэт АТГ-ын дарга зарим байцаагчаа сольсонд хөндлөнгөөс оролцож байгаа нь тус газрыг хуулийн хүрээнд ажиллахад нь саад болоод зогсохгүй олон нийтийн хувьд ч итгэх итгэлгүй болгох вий гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Авлигатай тэмцэх нь зөвхөн тухайн байгууллагын чиг үүрэг байгаад зогсохгүй аль ч шатны албан тушаалтан, ард иргэдтэй хамтран ажиллах шаардлагыг  бий болгодог. Товчхондоо аль ч улсын Авлигатай тэмцэх байгууллага улстөрчдийн эрх мэдэл  бус ард нийтийнхээ итгэл үнэмшил, дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Гэтэл өнөөдөр АТГ-ын дарга болоод тус газар авлигатай тэмцэхгүй байна гэж “поп”-рох нь өөрөө авлигатай хүзүү, сээрээ холбочихсоныг нь бататгаж байна уу гэлтэй.

Харамсалтай нь энэ тухай УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 27 жилийн туршид бий болчихсон системийг өөрчлөх нь амар ажил биш гэдгийг батлан хэлснээ “Над шиг АТГ-ын дарга, Ерөнхий прокурортой, Ерөнхий шүүгчтэй, тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргатай, олон том компанитай муудалцсан тэнэг хүн байдаггүй юм билээ. Дараа нь надад юу ирж болох вэ. Нийгэмд жижигхэн гэлтгүй асуудал буруу ойлгогдож болдог юм байна гэдгийг би харж, ойлгосон” хэмээн ярьсан. Өнөөгийн нийгэмд бугшсан булхай, луйвар, авлигатай тэмцэнэ гэж том дуугарч байсан хүн холбогдох байгууллагууд нь хуулийн дагуу ажиллаад эхэлмэгц агуулгын хувьд өөр зүйл ярих нь хэр зохистой үзэгдэл болж таарах вэ. Өөрөө “Нийгэмд жижигхэн гэлтгүй асуудал буруу ойлгогдож болдог” гэчихээд АТГ газар ажлаа хийхгүй байгаа мэт ярих нь зохистой асуудал гэж үү.

Өнгөрсөн хавар АТГ болон Ерөнхий прокурор, шүүгч гээд олон хүний албан тушаалыг сольж, шинээр томилсон. Гэхдээ тэд хуулийн дагуу ажиллах ёстой болохоос ямар ч хэргийг “өргөс авсан” мэт шийдвэрлэж, яллаад бай  гэсэн даалгавартай хүмүүс биш шүү дээ. Тэр ч утгаараа аливаа авлигыг үгүй хийхээр зэхэж байгаа бол “углуурга”-ыг нь олж, үндсээр нь устгахын тулд цаг хугацаа хэрэгтэйг хүн бүр санах л учиртай. Тэмцэх гэсэн ганц байгууллагаа чичилсээр байгаад байнга дарга, цэргийг нь солиод байвал харин ч цаг хугацаа алдах нь тодорхой.

Түүгээр ч зогсохгүй аль ч байгууллагын эрх мэдэлтэн, дарга нарт халаа, сэлгээ хийх эрх нь хуулиар олгогдсон байдаг. Гэсэн ч өөрийн дураар бус хүний нөөцийн бодлого, боловсон хүчний ур чадвар гээд олон зүйлээс шалтгаалж тухайн албыг хаших эсэх асуудал байгууллага бүрт яригддаг. Хэрвээ тэд энэ зарчмаар ажиллаж байгаа бол буруутгах боломжгүй.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.