Улаанбаатарчууд бид утаанаас сална гэж сүүлийн хорин жил ярилаа. Элдвийн арга туршиж үзлээ, их ч мөнгө зарлаа. Ганц шийдэмгий алхам хийсэн нь түүхий нүүрс түлүүлэхгүй, шахмал түлш хэрэглэхээр болсон. Гэтэл угаар гэдэг аюул гарч ирлээ. Амьд хонох баталгаагүй болчихлоо. Айгаад гал түлж чадахгүй. Нам унтаж байгаа нэгнээ сэрүүн байгаа нэг нь татаж чангааж "Амьд уу хөөе” гэж асууж, дуг нойрондоо дугжирч буй хүүхдүүдээ амарч байхад угаартчихаж гэж андууран хоёр, гурван удаа хөнжилтэй нь авч гарч, орилж гүйж байна.
Сэтгэлийн ийм том зовиуртай өдөр хоногийг өнгөрөөж болох уу даа. Шахмал түлш хэрхэн хэрэглэхийг хэн ч зөвлөөгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэдэн хүн амиа алдаж, өчнөөн хүн угаартаж, үлдсэн хэсэг нь нойргүй хонож эхэлснээс хойш л сүүлийн хэд хоног мессэжээр зааварчилгаа ирүүлж байна лээ. Улаанбаатар хотын амьдрал мэдэхгүй цагаан гартай танхи дарга нар утаагүй түлшнээс яаж мөнгө унагаах тухай бодсоноос хүн угаартана гэж зүүдэнд нь ч ороогүй өдий хүрчээ. Ямар ч судалгаа, туршилт хийлгүй, ард иргэд дээрээ туршилт хийгээд сууж байх юм.
Эрдэмтэн судлаач нь байг гэхэд амьдрал мэддэг хүмүүс энэ хэдэн дарга нарын оронд байсан бол утаагүй түлшийг хэрхэн хэрэглэх талаар "Энийг тэгэх ёстой, тэрийг ингэх ёстой” гээд зунжин заах байсан. Мөнгө төгрөг төсөвлөж, хэвлэл мэдээллээр таниулах байлаа. Энэ бүхэнд хэн ч санаа тавьсангүй, бүгдийг хэмнээд өөрсдөө хуваагаад авчихсан л дуулдана. Иргэд угаартаж үхээд байна гэж бичвэл цагдаа, тагнуулаар шалгуулна гэж сүрдүүлнэ. Түрүүчээс нь дуудаж шалгаад эхэлсэн. Угаартахгүйн тулд гал түлэхгүй бол хөлдөж үхчих гээд, хөлдөж үхэхгүйн тулд гал түлбэл угаартаж үхэх сонголт үлдэж байна. Угаартлаа гээд гомдолловол шоронд явчих гээд. Угаартсан иргэнээс цагдаа "Чи аль намын гишүүн бэ” гэж асууж байна гээд бод доо. Эрх барьж байгаа намын хийж байгаа ажлыг нураах зорилгоор элдэв хуурмаг мэдээлэл тарааж байж магад гэж хардсаных гэнэ. Ийм хийрхлийн байдалд орчихоод байна.
Намчирхал, улстөржилт нь дээд цэгтээ хүрээд нэг гэрийн эр, эм хоёр баруун, зүүн талынхаа орны аравчийг улаан, цэнхэр өнгөтэй болгочихсон МАН, АН гэлцэж суухтай таарч л явлаа. Иргэдээсээ эхлээд төр нь хүртэл намчирхал, улстөржилтөд живчихээд одоо байтлаа үхэл хагацал дээр хүртэл намчирхаж улстөрждөгөө хэзээ болих вэ. Үхэл амьдралын зааг дээр очиход нам гэдэг өчүүхэн юм гэдгийг энэ засаг төрийнхөн огт мэдэхгүй юм. Хүний аминаас үнэтэй юм гэж юу байхав.
Ууланд баавгай хүн барьжээ. Баавгайн хэрэг дээр утаагүй түлшнийх шиг парадокс үүсэв. Хүн барьсан баавгайг алъя гэх нь ээ алж болдоггүй. Алахгүй бол дахиад хүн барьж иднэ. Бариулахгүйн тулд баавгай алах хэрэгтэй байдаг. Албал шоронд явчих гээд байдаг. Баавгай хүн барьж идсэн асуудалд санаа тавихаас илүүтэй баавгай агнасан хүнийг барьж, хорьж шалгаад эхэлж.
Бид ер нь яаж амьдрах болж байна аа. Улаанбаатарт байгааг нь угаар авч явчих гээд, ууланд байгааг нь баавгай авч явчих гээд хөөрхий бидний монголчууд амар амгалан амьдрахын эцэс алга.
Баавгай гэснээс, инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч гэмээр нэг мэдээлэл яваад байсан даа. Хорхойссон баавгай хүн амьтан руу дайраад байна гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд баавгай 120 л айраг хулгайлсан тухай шаагив. Яаж ч өлсөж байсан тэр гашуун юмыг баавгай яаж уух вэ дээ. Өөрсдөө л далимдуулж уучихаад хэргээ баавгайд тохчихоо биз. Энэ янзаараа хонины бэлчээрт хүүхэн чангаасан хэрэгт баавгайг гүтгэхэд гайхах юм алга. 1980-аад онд хорхойтсон баавгай хүн рүү дайраад эхлэхэд жирийн нэг амьтан судлаач олон даргын шийдвэр хүлээж цаг алдсанаас гээд радиогоор "Хот суурин, хот айл руу ойртсон баавгайг шууд бууд” гэж зарлачихсан нь оновчтой шийдвэр болж байж. Ердөө л ийм. Баавгай дайрвал алахаас өөр замгүй, амьд үлдвэл торгууль шийтгэлтэй гээд үхэлтэй нь биш. Утаагүй түлшиндээ болохгүй хольц хийчихээгүй л юм бол ямар зууханд яаж түлэхийг нь жаахан мөнгө зарцуулж, хэвлэл, мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр зааж хэлээд өгөхөд л болох байлаа.
Монголын энэ их улстөржилт, амьдралаас тасарсан шийдвэрүүд, попролт хэрээс хэтэрлээ. Зөвхөн азандаа найдаж л амьд явах хэрэг үү. Иргэнээ гэсэн сэтгэлгүй, хумсалдаг, худал ярьдаг, попордог болохоор чинь аргаа барсан иргэд төр засгийн удирдлагууддаа итгэл алдраад "Төрийн ордонд сэтгэлээрээ ороод гарах баавгай байхгүй юу” гэлцэж байхав дээ.
Д.Мөнгөндалай
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл