Оросын газрын тос, хийн томоохон компаниуд доллараас татгалзав


Оросын газрын тос, хийн салбарын томоохон компаниуд хэдийнэ доллараас татгалзсан талаар Вести агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, "Роснефть", "Новатэк" компаниуд экспортын гэрээгээр гүйцэтгэх төлбөрөөс Америкийн валютыг бүрэн хассан байна.

"Новатэк" компани түншүүдтэйгээ хийх тооцоонд еврог ашиглаж эхлэсэн бөгөөд энэ валют экспортын ихэнх гэрээнд ашиглагдаж байгаа гэнэ. Энэ нь хоромхон зуур гарсан шийдвэр биш, харин "Новатэк" компани АНУ-ын хориг арга хэмжээнд өртсөн 2014 оноос эхлэлтэй төлөвлөгөөт шилжилт гэж тус компанийн тэргүүн Леонид Михельсон мэдэгджээ. 

"2014 оны долоодугаар сард "Новатэк" компани салбарын хоригт өртсөн бөгөөд улмаар Америкийн хуулийн этгээд болон хувь хүмүүс бидэнд зээл өгөх боломжгүй болсон. Энэ үеэс бид доллараас татгалзах алхмаа төлөвлөсөн. Одоо харилцан тооцоондоо ихэвчлэн еврог ашиглаж байна" хэмээн "Новатэк"-ийн тэргүүн өгүүлжээ. 

Үүнээс өмнө, доллараас татгалзан, еврод шилжиж байгаа талаараа "Роснефть" мөн мэдэгдэж байлаа. 

"Бид доллараас татгалзан, еврод шилжих алхмаа дуусгалаа. Манай бүхий л экспортын гэрээнүүд еврогоор хийгдэж байна. Дэлхийн худалдаанд эзлэх долларын хувь 60, газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний худалдаанд 90 хувийг доллар эзлэж байна. Гэхдээ санхүүгийн монополчлолыг сөрөх боломжтой мөн ёстой гэж бид үзэж байгаа юм. Тиймээс, 10 жилийн дараа гэхэд, Хятадын эдийн засгийн үүрэг оролцоо өсөхийн хэрээр юанийн хувь өснө" хэмээн  "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин мэдэгджээ. 

 Г.Бямбасүрэн,  Эх сурвалж: Shuud.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.