Нийслэлийн сонгуулийн хорооноос ИЗНН-ын нэр дэвшигчдийг баримт бичиг дутуу бүрдүүлж өгсөн хэмээн бүртгэхээс татгалзсан билээ. Үүнийг эсэргүүцэн тус намын гишүүд мэдээлэл хийсээр байна. Өнөөдөр ИЗНН-аас нийслэлийн Баянгол дүүргийн зургаадугаар тойрогт нэр дэвшсэн Б.Баттулга мэдээлэл хийж эсэргүүцлээ илэрхийллээ. Тэрбээр Нийслэлийн сонгуулийн хороо ялихгүй шалтгаанаар сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэлээ.
Тиймээс энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандаад байгаа аж. Гэвч түүний албан бичгийн хариуг 30-60 хоногт өгөх хуулийн заалттай тул сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм байна. Түүнчлэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан асуудлаар Нийслэлийн Сонгуулийн хороонд гомдол гаргахад хүлээж аваагүй бөгөөд гомдолтой байвал шүүхэд ханд гэдэг хариу өгдөг байна.
Шүүхэд хандахад тодорхой цаг хугацаа шаардагддаг тул сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа тул Б.Баттулга маргаашаас С.Зориг агсны хөшөөний урд улс төрийн өлсгөлөн зарлахаар шийджээ. Тэрбээр сонгох, сонгогдох эрхээ хасуулсан бүх нэр дэвшигчийн өмнөөс ийм шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг хүссэн ч түүнд зөвшөөрөл өгөөгүй тул хувиараа өлсгөлөн зарлахаар шийдсэн нь энэ аж.
Сэтгэгдэл