С.Баярцогтоор туг тахиж үлдэхийн цаана...


АН оффшортой холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй. Тэр дундаа С.Баярцогтыг бол бүр ч үгүй гэв. Энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж энд тэндхийн уулзалт, цуглаан дээр ийнхүү хашгирч яваа. Намын дарга, Их хурлын даргын албыг давхар хашиж буй З.Энхболд ч цахим хуудастаа нэр цохон чичилж, бусдыг уриалж байгаа. Оффшор данстнууд илэрч байгаа нь сайн. Эхнээсээ ямар нэгэн хариуцлага тооцож эхэлж буй нь ч зөв юм.

Харин ганц С.Баярцогт гэдэг хүнээр туг тахичихаад, ард нь хамаг муу муухайгаа хав дарж үлдэх гэж байгаа нь яавч сайхан зүйл биш. Төр, засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн Ардчилсан нам, Ардын намын аль алинд идэж уудаг, хулгайлдаг, залилдаг нөхөд бий. АН-ын үед хууль үйлчлэхгүй байхаар бүхнийг хийж, улсаа худалдсанаас ялгаагүй өрийн хуримтлал үүсгэчихээд "Өр биш өглөг” гэж өөрчлөн томъёолж тархи угаах болов. Хууль ёс завхарч, Үндсэн хуулиа манах ёстой Цэцийг улс төрийн "бантан хутгагч” болгов. Гэсэн ч 2016 оны сонгуулийн дараа бүгд АТГ-ын хаалгыг татна. Гэтэл С.Баярцогтоор туг тахиснаар энэ бүх муу муухай нэр нь арчигдаж, улс төрийн тавцан дээр тогос болчих юм шиг сэтгэж эхэлжээ.

С.Баярцогт гэж ин­гэ­хэд хэн юм бэ. Нэг нөхөр "Тэр бол сайн улстөрч, түүн шиг улс­төр­чийг бэлтгэхэд 20 жил шаардлагатай” гэж бичсэн байна лээ. Нөгөө нь улс төрийн бохир юманд оролцсон муу хүн гэсэн байсан. Монголд оффшор гээч ойлголтыг бий болгож, мэдрүүлсэн хүн гэсэн нь ч бий. Тэр ганцаараа муу хүн, муухай улстөрч, бас ган­цаархнаа оффшор данстай нь ч биш юм. АН-ын лидер, ардчиллын алтан хараацайнуудын нэг, Улсын баатар, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл ч оффшортой холбогдчихоод байгаа. МАН-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд байсан хүнээсээ авахуулаад оффшор данстай, зарим нь банктай болох нь илэрсэн ч "Хориглосон хуульгүй, оффшор нэр дэв­шүү­лэх­гүй байх үндэслэл биш” гэлцэж байна.

С.Баярцогтыг өмөө­рөх гэсэнгүй. Хамгийн гол нь энэ бүхний эцэст нэг л зүйл тодхон харагдаж байгаа нь хоёр намын, тодруулбал, МАНАН хамаг муу муухайгаа нэг хүнд үүрүүлж золигт гаргачихаад бусад нь "Энхийн цагаан тагтаа” шиг үлдэх гэнэ. С.Баярцогт хар бол АН-ынхан бүгд хар. МАН-ынхан ч адил.

С.Баярцогт "Алтан гадас” фракцийнх, Н.Алтанхуягийн хүн, "Алтан гадас”-ынхан бүгдээрээ албан тушаалд дуртай. Нэгээс нь ч гэсэн эртхэн салж байвал ганц боллоо гэх хүн ч бас байх. Тэгвэл АН-ын бусад хэн бэ, ямар фракцийнх вэ, тэд юу хийсэн бэ гэдэг асуулт бас гарна. Яс юман дээр АН-ын өнгөрсөн түүхэнд ч, одоо ч "Алтан гадас”-ын үүрэг роль багагүй. Ардчиллын гэгддэг 26 жилийн эхний хэсэгт МоАХ тэргүүтэй сэлэм эргүүлж, нударга зөрүүлсэн хэсэг бүлэг явсан л байх. Гэхдээ сүүлийн 15 жилд нь яах аргагүй "Алтан гадас”, Н.Алтанхуяг, С.Баярцогт нарын сэхээтэн хэсэг намаа бурантагтай тэмээ шиг сөглөх газар нь сөглөж, ачаа татах үед нь татаж тэнцүүлж ирсэн. АН-ын тэргүүлсэн Засгийн газрын түүхэнд Н.Алтанхуягийн үед л бага ч гэсэн юм хийсэн. Өнөөдөр З.Энхболд намын дарга болж, Ц.Элбэгдорж өндөр сэнтийгээсээ буух дөхсөн үед С.Баярцогтыг оффшортой холбоотой хэмээн нэр дэвшүүлэхгүй гэсэн нь ачир дээрээ "Алтан гадас”-ыг дарж авах гэсэн санаархал, улс төрийн ашиг сонирхол болохоос шударгадаа биш юм. Харин ч шударга бус олон, олон хар үйлдлээ халхавчлах халхавч, сонгуулийн торгуулийн суман нь "Алтан гадас”, бай нь С.Баярцогт болох нь ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.